Монгол түмэн Их найрагчаа сүүлчийн замд нь үдэж, хар тамхи харанга дэлдсэн 7 хоног
1. Их найрагчаа сүүлчийн замд нь үдлээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэнг Даваа гарагт сүүлчийн замд нь үдлээ.
Улсын драмын эрдмийн театрт болсон салах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч нөхөд нь, уншигч, сонсогч, үзэгчдийн төлөөлөл хүрэлцэн иржээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд их найрагчтай салах ёс хийж, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийллээ.
Түүний алтан шарилыг төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг, Тост уулын энгэрт нутаглууллаа.
2. Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл явагдлаа.
2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл Пүрэв гарагийн 09:00 цагаас орон даяар эхэллээ. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны Баасан гарагийн 18:00 цаг хүртэл явагдсан юм.
Энэ жил ЭЕШ-ын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглах аж. Боловсролын үнэлгээний төвөөс энэ талаар маргааш хэвлэлийн хурал хийхээр товложээ. Элсэлтийн ерөнхий шалгалтад 2019 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм байна. Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог БСШУСЯ-наас 400 байхаар тогтоосон бөгөөд монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах юм.
3. Хар тамхи аюулын харанга дэлдэж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Мягмар гарагт их хэмжээний хар тамхи хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүлэн, дайчлан баривчиллаа.
Тодруулбал, 19-32 насны 3 этгээдийг баривчилсан байна. Тэдний нэг нь эмэгтэй байжээ. Тэднээс ойролцоогоор хар тамхины зах зээлд хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний мансууруулах бодис хураан авсан байна.
4. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нартаа үүрэг өглөө
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааны үеэр нэр бүхий сайд нарт үүрэг өгөв. Тухайлбал:
- Тавантолгойн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажлын явцыг танилцуулахыг сайд Д.Сумъяабазарт
- Энэ оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотойгоор хяналт, шалгалт, зохион байгуулалт болон яамд, нийслэл хоорондын хамтын ажиллагаа зэргийн талаар танилцуулахыг сайд Н.Цэрэнбатад
- Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, чанарын талаар танилцуулахыг сайд Ц.Даваасүрэнд
- Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаар танилцуулахыг сайд Б.Энх-Амгаланд
- Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх бэлтгэл ажлын явцыг танилцуулахыг сайд Х.Баделхан нарт даалгалаа.
Сайд нар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулгаа хийх юм байна
5. УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргалаа
.Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 33 дугаартай захирамж гарган “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалж, бүрэлдэхүүнд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын дарга нар ажиллах юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтжээ.
Шаардлагатай тохиолдолд холбогдох албан тушаалтан, мэргэжилтнийг ажлын хэсэгт оролцуулах бөгөөд санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг Захирамжаар даалгасан байна.
6. Шүүхийн ажилтан эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхийг худалдаалж байсан нь тогтоогджээ
Сүүлийн үед хар тамхины хэрэг ихээхэн газар авч, илрүүлэлт нь шуурхай байгаа нь өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлуудаас харагдаж байна. Тухайлбал, цагдаагийн байгууллага өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр шуудан илгээмжээр мансууруулах бодис оруулж ирдэг байсан Нигер улсын иргэдийг саатуулсан. Тэд англи хэлний сургалтын төвд багшлах нэрийдлээр ийнхүү хар тамхины наймаа эрхэлдэг байсан аж. Мөн энэ долоо хоногт 19-32 насны гурван иргэнийг саатуулж, хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдэх мансууруулах бодис хураан авсан байдаг.
Тэгвэл дахин нэг ноцтой хэрэг илрүүлсэн талаар баттай эх сурвалж мэдээллээ. Уг хэрэгт шүүхийн ажилтан холбогдсон учраас хуулийн байгууллагаас хэргийг нууцлан өнгөрөөх сонирхолтой байгаа гэнэ. Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар хамтран өнгөрсөн сард ICE буюу мөсийг бусдад худалдаалж байгаа гэх мэдээлэл авч, шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Шалгалтын явцад хар тамхи худалдаж авдаг бүлэг этгээдийг илрүүлэн саатуулахад, тэд шүүхийн ажилтнаас хар тамхи авдаг байсан нь тогтоогджээ.
Шүүхийн ажилтны талаар нэхэн сурвалжилвал, тухайн этгээд нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цахилгаанчнаар ажилладаг бөгөөд эд мөрийн баримтаар хураан авсан хар тамхийг бусдад худалдаалж байсан аж.
Хар тамхины хэрэгт шүүхийн ажилтан холбогдож, тэгэхдээ бүр эд мөрийн баримтаар хураан авсан хар тамхийг худалдан борлуулж байсан асуудал нь ШЕЗ-ийн удирдлагуудад хүнд цохилт болжээ. Тиймээс ШЕЗ-өөс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд эд мөрийн баримт хадгалалт, хамгаалалтад гэнэтийн шалгалт зохион байгуулж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.
7. МИАТ: Ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй тул зөвшөөрлөө аваад удахгүй нислэгээ үйлдэнэ
Өчигдөр Инчоноос Улаанбаатарын чиглэлд нисэх гэж байсан “Сөүл – Улаанбаатар чиглэлийн ОМ302 онгоц түр саатаж, зорчигчдоо шуурхай буулгасан. Учир нь Инчон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Нисэх буудлын Аюулгүй байдлын албанд ирсэн тул БНСУ-ын Инчон олон улсын нисэх буудлын тус улсын Онцгой байдлын удирдлагын төвөөс уг агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийсэн тухай МИАТ-аас мэдээлсэн.
Тэгвэл уг мэдээллийг шалгахад ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй байна. Тиймээс МИАТ компанийн нисэх бүрэлдэхүүн холбогдох газруудаас нислэгийг үргэлжүүлэх зөвшөөрлөө авсны үндсэн дээр удахгүй хөөрөх болно хэмээн мэдэгдлээ.
8. Менингитийн халдвараас урьдчилан сэргийлье
Сүүлийн үед цахилгаан менингит өвчний халдвар гарч байгаа талаар эмч нар мэдээлэл хийсэн. Өчигдөр цахилгаан менингит /Менингококкын халдвар/ өвчнөөр таван хүүхэд өвчилсөн байна. Нэг хүүхэд амь насаа алджээ гэх мэдээллүүд цацагдсан..
Өвөл хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч, олон тооны архаг өвчин сэдэрдгээс гадна хурц халдварт өвчнүүдийн тархалт нэмэгддэг. Эдгээрийн нэг нь менингококкын халдвар юм. Менингококкын халдварын өвчлөлийг цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Учир нь маш хурдан хугацаанд өвчин хүндэрдэг онцлогтой.
Өвчний гол шинж тэмдэг нь хүүхэд гэнэт өндөр халуурах, бөөлжих, хүзүү, дагз хөших, биеэр нь туурч улмаар богино хугацаанд цусархаг тууралтад хүрч амь нас эрсдэх аюултай халдварт өвчин юм.
Эмчилгээ цагтаа эхэлбэл амь насанд аюулгүй. Энэ өвчний гол халдаагч нь нэгдүгээрт өвчтэй хүн, хоёрдугаарт нян тээгч буюу гол төлөв насанд хүрсэн хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн хамар залгиурт менингитийн бактер байдаг учраас эцэг эхчүүд нэгдүгээрт эмчид хандан хамар, залгиурын эрхтнээ эрүүлжүүлэх хэрэгтэй.
2-4 дүгээр сар буюу хаврын улиралд менингитийн өвчлөл өндөр байдаг. Тйимээс сармис, сода, давсны уусмалаар өглөө оройд хоолойгоо таван өдрөөр сэлгэн зайлах хэрэгтэй. Мөн хүүхдийнхээ хоолойг зайлах, зайлж чадахгүй бага насны хүүхдэд өглөө оройд чихэрлэг багатай зөгийн балыг халбаганд хийн долоолгох маягаар арга хэмжээ авч болно. Бага насны хүүхдийг аль болох хөхөөр хооллон шим тэжээлтэй хоол хүнс, витаминлаг А, С амин дэмийг өргөн хэрэглэн дархлааг сэргээх хэрэгтэй.
Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж хүмүүсийн нягтрал бөөгнөрөл ихсэж байгаа учраас агаар дуслын халдвар томуу томуу төст өвчин, менингит, салхин цэцэг зэрэг өвчин гарах өндөр эрсдэлтэй байгаа учраас урьдчилан сэргийлэх аргуудыг эцэг эхчүүд сайн эзэмших хэрэгтэй.
Цагаан сарын баярын өдрүүдэд KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч, Халдварт өвчин, судлалын төвд эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Дэлхийн 120 гаруй орны, сая сая хэрэглэгчийн амтархан зооглодог шарсан тахианы сүлжээ ресторан болох алдарт KFC сүлжээ хоолны газраар үйлчлүүлсэн, хоол захиалж идсэн 37 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад, “Одоогоор манайд KFC тахиа идээд бөөлжиж суулгасан гэх 37 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Хэвтэн эмчүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал нь гайгүй. Хоолны хордлогын шалтгаан нөхцлийг тодруулах шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа.
Манайд хордлогын шинжтэй ирсэн 37 иргэн бүгдээрээ KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн хэмээн хэлсэн.
Тиймээс KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн, хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн иргэдийг ирж үзүүлэхийг зөвлөж байна” гэв.
Харин НМХГ-аас хордлогын шалтгааныг тодруулахад, “НМХГ-аас ХУД-ийн 11 дүгээр хороо KFC салбараас 2019.02.08, 09, 10-ны өдрүүдэд тахиа авч идсэн 16 хүн эмчлүүлж байна гэх мэдээлэл энэ сарын 12-нд ХӨСҮТ-ээс мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу
тоног төхөөрөмжөөс арчдас,
хоолны дээж,
ундааны 4 сорьцыг авч төв лабораторидаа шинжлүүлсэн байна.
Мөн тухайн салбарын 28 хүнээс нян тээгч илрүүлэгч шинжилгээг авч, шинжлүүлж байна. Албан ёсны хариу ирээгүй. Шинжилгээний хариу эцсийн байдлаар ирэх долоо хоногийн даваа гарагт гарна. Шинжилгээний хариунд үндэслэн мэдээлэл өгнө” гэлээ.
10. МУГТ Э.Содномпилжээ Дэлхийн цомын 4 дэх түрүүгээ хүртлээ
АНЭУлсын нийслэл Дубай хотноо Fazza 10 пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд “Рио-2016″ паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Дэлхийн цомын 3 удаагийн аварга, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, МУГТ Энхбаярын Содномпилжээ оролцож Алтан медаль хүртэн төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр энэхүү тэмцээнд МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор оролцож, хэвтээ шахалтын 107 кг-ын жинд 240 кг-ыг шахсанаар алтан медалийн болзол хангасан байна. Энэ нь түүний “Дэлхийн цом”-оос авсан дөрөв дэх алтан медаль юм.
11. Их аварга Харүмафүжи болон “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын ээлжит нэгэн буяны үйлс
“Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын баг “Шинэ Монгол Харүмафүжи” сургуультай хамтран зарим эмнэлэгт шаардлагатай тэргэнцэр болон түргэний машин гардууллаа. “Зүрх хамгаалах төсөл” ТББ өмнө нь Харүмафүжи аваргатай энэ ажлыг олон удаа хийсээр ирсэн юм байна.
Энэ удаад Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэний машин, Нэгдүгээр төрөх эмнэлэг, Хан уул дүүргийн эмнэлэг, Эх нялхас зэрэг эмнэлгүүдэд тэргэнцэр хүлээлгэн өглөө.
Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж 2008 оноос зүрх судасны эмгэгтэй хүүхдүүдэд тусалдаг Япон улсын “Heart saving project” ТББ-д мөнгөн тусламж үзүүлж иржээ. Тэрбээр Монголын олон эмнэлгүүдэд тусламж дэмжлэг үзүүлж, хүүхдийн эрүүл мэндийн төлөө олон ажил зохион байгуулсаар байгаа юм.
Их Аваргын энэрэнгүй үйлс Монголын олон мянган хүүхдэд ивээлээ хайрлах болтугай.
URL: