МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг 3 сарын 8-нд амьд тоглолт хийнэ

145

Монгол улсын гавьяат жүжигчин, Поп дива дуучин Ж.Алтанцэцэг ирэх сарын 8-нд Корпорэйт конвеншн центрт “Хайр гэж…“ шинэ, амьд тоглолтоо хийх гэж байна. 2013 онд хамгийн сүүлд “Алтанцэцэг” тоглолтоо хийснээс хойш үзэгчидтэйгээ уулзаагүй байгаа түүнд үзэгч, фенүүддээ тайлагнах олон шинэ уран бүтээл байгаа нь гарцаагүй юм.

МУГЖ Ж.Алтанцэцэгийн тоглолт үргэлж шинэлэг болдог байсан талаар түүний байнгын үзэгчид одоо ч дурсдаг. 2000 оны Улсын циркт тоглосон “Одиссей” тоглолтод хиймэл нуур үүсгэн, завьтай дуулж, үзэгчдийг алмайруулж байсан нь одоо ч дахин давтагдаагүй байгаа аж. 2013 оны “Алтанцэцэг” тоглолтоо Монголд анх удаа 3D тайзан дээр хийж байсан нь тухайн үедээ төдийгүй одоо ч шинэлэг байх биз ээ.

Иймд ирэх сарын 8-ны тоглолт олон зүйлээр үзэгчдийн зүрх сэтгэлийг догдуулж, эмэгтэйчүүдийн баярыг утга төгөлдөр болгоно гэсэн хүлээлт байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулалтыг Монголдоо №1 On’n Off продакшн зохион байгуулна. Тоглолтын ерөнхий найруулагч СГЗ Н.Ононбат “Тоглолт дуурь, поп, ардын дуу гэсэн гурван хэсэгтэй болно. Энэ нь дуучин Ж.Алтанцэцэгийн олон төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг, хосгүй авьяастайг илтгэдэг” хэмээн хэллээ.

МУГЖ Ж.Алтанцэцэг сүүлийн хоёр жил АНУ-д гэр бүлийн хамт амьдарч, “Чингисийн хүүхдүүд” УСК-ны продюсерээр уригдан ажиллаж байгаад эх орондоо иржээ. Өнгөрсөн хугацаанд олон хүмүүнлэгийн ажил хийснийг нь үнэлж Сар шинийн өмнө МММ хүрээлэнгээс “Оны онцлох хүмүүнлэгийн дуучин”-аар тодруулан шагнасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих