Найз залуугаа гахайн хөлдүү хавиргаар “зодсон” эмэгтэйг баривчилжээ
АНУ-ын Флорида мужийн оршин суугч эмэгтэйг хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчилжээ. Сэжигтэн гахайн хөлдүү хавиргаар найз залуугийнхаа зүүн нүдийг цохиж гэмтээсэн гэж мужийн хэвлэлүүд дамжуулж байгаа юм.
Сэжигтэн Женнифер Брассард (48 настай) Брүүксвиллд амьдардаг. Тэрээр хамтран амьдрагч залуутайгаа муудалцаж улмаар хөргөгчнөөсөө гахайн хөлдөөсөн хавирга гаргаж ирэн зодсон гэж хохирогч эр мэдүүлжээ. Уг хэрэг өнгөрөгч баасан гарагийн 22 цагийн үед болсон аж. Хохирогч гахайн хөлдүү маханд цохиулснаас болж зүүн нүд нь хөхөрч гэмтсэн гэнэ. Хэрэг болсны дараа хохирогч цагдаа дуудан сэжигтэнг барьж өгсөн байна.
Хохирогч, сэжигтэн Женнифер Брассард хоёр жил гаруйн хугацаанд болзож, 2018 оны сүүлээр хамтран амьдрах болжээ.
Брүүксвиллийн Цагдаагийн газрын өгсөн мэдээллээр мужийн шүүхээс сэжигтэн Женнифер Брассардад 250 ам.долларын торгууль ногдуулах, найз залуутайгаа харилцаа тогтоохгүй байх сануулга өгөн суллажээ. Харин хэрэг үйлдэхэд зэвсэг болгон ашигласан гахайн хавиргыг эд мөрин баримт болгон хураан авчээ.
Уг хачирхалтай хэрэг Флорида мужид хүнсний бүтээгдэхүүнээр гэмт хэрэг үйлдэхийг завдсан анхны тохиолдол биш гэнэ. Үүнээс өмнө 33 настай эр төрсөн эцгээ халуун пиццагаар цохиж түлсэн хэрэг мөн гарч байжээ.
URL: