Стратегийн ордуудыг нийтийн өмчид авахыг төрийн өндөрлөгүүдээс шаардав
“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ийн ээлжит хурлдаанаар төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх болсон талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, Ж.Батзандан нар мэдээлэл хийв.
Тус нэгдлээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ард түмний мэдэлд өгөх УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх, Стандарт банкинд барьцаалсан 51 хувийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх, улсын төсвийн хөрөнгөөр хайгуулж хийц, нөөц тогтоосон боловч хуувилдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчид авахыг шаарджээ. Мөн уул уурхайн орчинг зохистой ашиглах, хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг бүрдүүлэх, шүүх, прокурор, Үндсэн хуулийн цэцийн удирдлагуудыг нэн даруй огцруулах, чөлөөлөхийг шаардаж байна. Мөн Хөгжлийн банкны зээл, үр ашиггүй концессын гэрээг шалгах, Засгийн газрын тусгай санд шалгалт хийж, шаардлагагүй санг татан буулгах, “60 тэрбум”-ын хэргээр нийтийн сонсгол зохион байгуулж, буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаарджээ. Түүнчлэн оффшортой холбоотой асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулж, гадаадад байгаа хөрөнгийг эх орондоо эгүүлэн авч ирэх, С.Зориг агсны мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэхийг шаардсан бөгөөд 14 хоногийн дотор УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж дээрх асуудлуудыг хэлэлцэх хэрэгтэй гэдгийг онцолсон байна.
Энэ үеэр Х.Нямбаатар гишүүн, “Иргэд баялгийн тэгш бус хуваарилалтыг эсэргүүцэж, хууль хяналтын байгууллагуудыг шударга ажиллахыг шаардаж байна. Үе үеийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй намууд Баялгийн сан бий болгох асуудлыг мөрийн хөтөлбөрдөө дэвшүүлдэг ч үүнийгээ биелүүлээгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд газрууд цөөн хэдэн хүний гарт төвлөрөөд байна. Тиймээс эдгээр орд газруудын эзэдтэй тохиролцох замаар Баялгийн сангаа байгуулах нь чухал. Хууль, шүүхийн шударга ёсыг тогтоосны дараа Монгол Улсад хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ гадны хөрөнгө оруулагчид илэрхийлж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 болон 51 хувьтай холбоотой асуудал гацаанд ороод байгаа. Энэ асуудлыг нэн даруй эцэслэхийн тулд ээлжит бус чуулган зарлах хэрэгтэй юм” гэлээ.
Мэдээллийнхээ дараа УИХ-ын гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-АТГ болон прокурорууд 6 жилийн хугацаатай томилогддог. Эдгээр хүмүүсийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх боломжтой юу?
-Прокурорын байгууллагын тухай хуульд “УИХ-ын өмнө Ерөнхий прокурор нь Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг жил бүр тайлагнана” гэж заасан. Мөн АТГ-ын удирдлагууд ч УИХ-ын өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхлээд 6 жил болсон ч огт шийдэгдсэнгүй. Тиймээс энэ хэргийг гацаасан асуудлын хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ гэдгээс УИХ хэлэлцүүлгээ эхэлж, буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зөв юм. Хуулийн дагуу бол албан тушаалд томилогдсон хүн үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй бол томилсон албан тушаалтан нь огцруулах эрхтэй.
-ЖДҮХС-гийн асуудалтай нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын байгууллагын саналыг УИХ хүлээж аваагүй. Одоо прокурорыг солих асуудлыг хөндөх нь ёс зүйгүй юм биш үү?
-ЖДҮХС-гийн зээлийн асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Хэрэв ёс зүйн хариуцлага хүлээхгүй бол УИХ-аас энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх гарцыг тодорхойлох байх. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан прокурор, тагнуул, аудитын байгууллагын албан тушаалтнуудад ч мөн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл энэ хүмүүсийн холбогдсон хэргүүдийг хуулийн байгууллагууд яагаад эцэслэн шийдвэрлэхгүй байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хэрэв эдгээр хүмүүсийн хэрэг шийдэгдвэл бид ч зээл авсан УИХ-ын гишүүдээ бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахыг шаардах болно.
montsame.mn
URL: