”Эрдэнэс-Таван толгой”-н гүйцэтгэх захирлаар сонгосон эрхэм цалингаа голжээ
Монголчуудын үүц хэмээн нэрлэж, хувьцааг нь эзэмшихээр болсон Тавантолгойн ордын лицензийг эзэмшигч төрийн өмчийн “Эрдэнэс-Тавантолгой” компанийг удирдаж ажиллах гүйцэтгэх захирлыг сонгожээ. Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад гадаадын болон Монголын хэд хэдэн хүн оролцож өрсөлдсөн ч шигшигдсээр сүүлийн шатанд гурван хүн тунаж үлдсэн юм. Тунаж үлдэгсэд бүгдээрээ гадаадын иргэд байлаа. Гадаадад сургууль дүүргэсэн, гайгүй азийн боловсролтой монгол залуус хүчээ сорьсон ч олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгох туршлага алга гэсэн үндэслэлээр бүгдээрээ гологдсон гэсэн. Эцсийн шалгаруулалтад Австралийн иргэн Rusell Norman Philipps хэмээх хүнийг сонгож “Эрдэнэс-Таван толгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах саналыг тавьсан байна. Гэвч энэ эрхэм монголчуудын өгөх цалинг голжээ. Жилд 300-400 мянган ам.долларын цалин нэхсэн гэнэ. Хэрэв ийм хэмжээний мөнгө өгөхгүй бол ажиллах боломжгүй гэж гэдийсэн юм байх. Тиймээс манай тал цалингийн талаар түүнтэй ярилцаж байгаа аж. Тохиролцоонд хүрч чадвал энэ хүнийг “Эрдэнэс-Тавантолгой” Компанийн ТУЗ хуралдаж гүйцэтгэх захирлын албанд тохоон томилох юм байна. Жилд л 500 сая гаруй төгрөг халааслах санал тулгаад байгаа энэ эрхэм тийм ид шидтэй, ажлын арвин туршлагатай юм болов уу гээд мэдээллийг нь гадаадын сайтуудаас хайсан юм. www.longanlaw.com сайтад бичсэнээр бол Rusell Norman Philipps нь Австралид төрсөн, 1971 онд тус улсынхаа Технологийн их сургуулийг геологийн инженер мэргэжлээр төгсчээ. Мөн 2004 онд Австралийн Санхүү, хөрөнгө оруулалтын институтийг ч дүүргэсэн юм байна. Номын дуу сонсч, мэргэжил эзэмшсэнээсээ хойш уул уурхайн чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаа, уул уурхайн хөрөнгө оруулалт, задлан шинжилгээг гаргууд хийдгээрээ олон улсын нэр хүндтэй шагнал ч хүртэж байжээ. Дэлхийд нүүрсний чиглэлээр тэргүүлдэг компаниудын нэг болох АНУ-ын “Пибоди Энержи”-д олон жил ажиллаж байгаа юм байна. “Пибоди Энержи” нь АНУ-д л гэхэд гурван том уурхайтайгаас гадна 15 оронд салбартай. Жилд 100 орчим сая тонн нүүрс олборлодог нүүрсний “акул”. Rusell Norman Philipps энэ групптэй эртнээс шадар нөхөрлөсөн, олон оронд салбарыг нь нээж ажиллуулдаг, туршлагатай нэгэн аж. 1997-2001 онд Энэтхэгт АНУ-ын “Пибоди Энержи” компанийн салбарыг нээж удирдан ажиллаж байсан байна. Харин 2007 онд Хятад дахь “Пибоди энержи” компанийн салбарын дэд ерөнхийлөгчөөр томилогдсон аж. Энэ үеэс л Rusell Norman Philipps нь Монголыг сонирхож, судалж эхэлсэн байх юм. Учир нь Монголд асар их нөөцтэй ордууд илэрч, нүүрсний арвин баялагтайгаараа дэлхий нийтийн анхаарлыг татсан учир нүүрсний “мангас” компанийн томоохон шинжээч, мэргэжилтэн анхаарахгүй байхын аргагүй биз. Цаанаас нь ч Монголыг тольд гэсэн үүрэг өгсөн байхыг үгүйсгэх аргагүй. 2007 оноос АНУ-ын “Пибоди Энержи” компани Монголыг онцгойлон сонирхох болжээ. Монголд нүүрсийг ашиглах хамгийн шилдэг технологийг нэвтрүүлж чадна, арвин туршлагатай хэмээн пиараа, хайгуул, судалгааны хамтын ажиллагаагаа ч эхлүүлсэн байна. Энэ бүх хамтын ажиллагаанд Rusell Norman Philipps нь ихээхэн үүрэгтэй ажиллаж. Монголын ашигт малтмалын талаар мэдлэг сайтай болжээ. Түүнээс Монголд хаана, хэр хэмжээний нөөцтэй нүүрсний томоохон орд илрээд байгаа, хаана хайгуул хийж байгаа вэ гэж асуухад арван хуруу шигээ мэддэг гэнэ. Ийм л Монголыг нэвт шувт тольдсон эрхмээр 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй ордын лицензийг эзэмшиж байгаа төрийн өмчийн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллуулахаар царайчилж байна.
АНУ-ын “Пибоди Энержи” нь Монголын Тавантолгойн ордыг эртнээс сонирхож дарга даамлууд нь манай оронд зочилж, төрийн өндөрлөгүүдэд бараалхаж байсан удаатай. Тавантолгойн ордыг ашиглах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын тендерт Хятадын компанитай нийлэн консорциум байгуулж оролцох гэж байгаа гэсэн мэдээлэл ч байна. Тиймээс Бээжин дэх салбарын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Rusell Norman Philipps-ийг зүтгүүлж байхыг үгүйсгэх аргагүй юм.
Монголын төр засаг гадаадынхныг шүтэх “өвчтэй” болжээ. Эх орныхоо олон чадварлаг залууст итгэл хүлээлгээд ажиллуулахын оронд чадахгүй гэж оношлоод гадаадынхныг цалингаа жаахан буулгачихаач хэмээн царай алдан гуйж байна. Хөрөнгийн бирж, Эрдэнэс-Тавантолгой, Хөгжлийн банк гээд шинээр байгуулж байгаа томоохон байгууллагуудаа бүгдийг нь гадаадынхнаар удирдуулах аж.
Д.ДОРЖПАГМА
URL: