Н.Золжаргал: Шатахууны үнийн өсөлтөд валют буруугүй, Б.Ариунсан: Валютын ханш шатахууны үнэд нөлөөлсөн
Улс төрийн тогтворгүй байдалтай зэрэгцэн шатахууны үнэ 260 төгрөгөөр нэмэгдэв. Амралтын өдөр тааруулан үнээ нэмсэн шатахуун импортлогчдын энэхүү үйлдэлд эрх баригчид онц байдал зарлан холбогдох албаныхныг “байцаалаа”. Учир нь дээрх үнийн хөөрөгдлийн буруутан нь АН гэх мессеж нийгэмд тархсан тул буруутныг дотроосоо хайж эхэлсэн юм. Харин албаныхан бурууг бусад руугаа чихсээр, маргаан үргэлжлэв.
МАН-ын бүлгээс валютын ханш руу буруугаа чихээд байгаа Газрын тосныхны үгийг баталгаажуулахаар Монголбанкны үйл ажиллагаанд “шалгалт” хийхээр ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох О.Чулуунбатаар ахлуулсан Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар үдээс өмнө Төв банкинд “шалгалт” хийж, 17.00 цагт үр дүнгээ бүлгийн гишүүддээ танилцуулна. Харин АН-ын бүлгийн хурлаар Б.Ариунсаныг Д.Зоригт сайд хэрэгт гүтгэснийг “илрүүлсэн” байна.
Тодруулбал, өнгөрөгч баасан гаригт шатахуун импортлогч нар нефтийн бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлэх гэж байгаа талаараа мэдэгдсэн ч тухайн өдөр комисс хуралдаагүй. Гэсэн атлаа ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарсайхан руу утас цохиж дэд сайд Б.Ариунсаныг шатахууны үнэ нэмэгдүүлэх үүрэг өгсөн талаар мэдээлэл хийхийг үүрэгдсэн гэнэ.
Энэ дагуу даалгавар 100 хувь биелж, ажил хэрэг болсон гэх мэдээллийг АН-ын бүлгийн гишүүн хэлж байлаа. Харин зарим эх сурвалжийн мэдээлснээр дэд сайд Б.Ариунсан нефть импортлогч аж ахуйн нэгжүүдийг үнээ нэмэгдүүлэхийг үүрэгдэж, улмаар Газрын тосны хэрэг эрхлэх газрыг шахамдуулжээ.
Гэвч тэдний санаснаар комисс шийдвэрлээгүй тул шууд дур мэдэн үнээ хөөрөгдөхийг “анд” шатахуун түгээх станцуудын боссд үүрэгдсэн аж. Энэ нь нэгэнт илэрсэн тул Ерөнхий сайд дэд сайд Б.Ариунсан болон Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарсайхан нарт хариуцлага тооцохоор болсон талаар ч мэдээлж буй юм.
Иймээс хэргийн буруутанд хариуцлага тооцохоор шийдвэрлэж, төрийн албан хаагч атлаа намын эрх ашигт нийцүүлэн мэдээлэл хийсэн хэмээн үзэж, Газрын тосны дарга Д.Амарсайханд хариуцлага тооцохоор болов. Нефтийн бүтээгдэхүүний үнэ нэг литр тутамдаа ганц далайлтаар 260 төгрөгөөр өссөн нь валютын өсөлттэй холбоотой хэмээн салбарын яамныхан мэдээлж байгаа бол Монголбанкныхан энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй. Энэ талаар хоёр талын байр суурийг сонирхсон юм.
Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсанаас дараах тодруулгыг авлаа.
-Шатахууны үнэ ганц далайлтаар 260 төгрөгөөр нэмэгдэх болсон шалтгааныг хэрхэн авч үзэж байгаа вэ?
-Шатахууны үнэ нэмэгдсэн шалтгаан нь валютын ханш. Энэ сараас эхлээд валютын ханш өсч эхэлсэн. Засгийн газраас шатахууны үнэ өссөн үед зохицуулдаг онцгой албан татварын хэмжээ тэглэгдсэн тул энэ удаад шатахууны үнэ шууд нэмэгдсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Онцгой албан татвар тэглэсэн ийм нөхцөлд ам.доллар 1470 төгрөг хүрч байгаа нь шатахууны үнэ өсөх боломжийг олгосон байна.
-Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ харьцангуй тогтвортой байхад ганц манай улс үнэ нэмэгдүүлсэн нь зохион байгуулалттай үйл ажиллагаа биш гэж үү?
-Өмнө нь бид “Роснефть”-ээс ганц нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь хангадаг байсан. Тухайн үед ганц үнэ барьдаг байсан. Гэтэл өнгөрсөн оны хавар ОХУ-д нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсч, улмаар экспортдоо хязгаарлалт хийж эхэлсэн учраас манай шатахуун импортлогчид бусад газраас бүтээгдэхүүн татахаас аргагүйд хүрсэн юм. Ингэснээр импортлогчид “Роснефть” компаниас нефтийн бүтээгдэхүүний 55 орчим хувийг татаж, үлдсэн 45 хувийг 40-70 ам.долларын зөрүүтэйгээр Москвагаас цааш алс холоос татдаг болсон.
-Тэгэхээр шатахууны үнэд ямар нэгэн зохицуулалт хийх аргагүй гэж үү?
-Иймээс шатахуун инпортлогч аж ахуйн нэгжийг үнийн зөрүү гаргахгүй байх талаар тулган шаардах боломжгүй. Хувийн хэвшлийнхэн тулд шууд халдах боломжгүй шүү. Гагцхүү хуулийн зохицуулалтаар л явах боломжтой. Засгийн газрын зүгээс энэ зөрүүг нь тооцоолохгүйгээр шууд нэг үнээр борлуулалт хийлгэж ирсэн. Ийм үед валютын ханш өсөөд ирэхээр төрөөс хувийн аж ахуйн нэгжүүдийг үнээ хуучин төвшинд нь байлга гэх байдлаар халдах нь эрх зүйн хувьд тохиромжгүй юм. Иймээс арга буюу нефть импортлогчид үнээ өсгөсөн л дөө. Иймээс төрөөс арай өөр бодлого барих хэрэгтэй болоод байна.
-Тэгвэл валютын ханшнаас улбаатай шатахууны үнэ нэмэгдсээр байх гэж үү?
-Төв банкны мэдэгдэж буйгаар валютын ханш ойрын хугацаанд буурна гэж мэдэгдэж байна. Өчигдөр (уржигдар) ам.долларын ханш 1470 байсан бол 1450 болж цаашлаад 1430 руу орох талаар мэдэгдлээ. Тэр хэмжээгээр валют 1300 руу ороод ирвэл шатахууны үнэ тэр хэмжээгээр буурна.
-Шатахууны үнэ нэмэгдэх гэж байгаа талаар урьдчилан мэдэгдсэн үү?
-Өнгөрсөн баасан гаригийн байдлаар шатахуун түгээх станцууд 250-280 төгрөгөөр үнээ нэмэгдүүлсэн. Үүнийгээ баасан гаригт мэдэгдсэн. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлээд шатахууны үнэ өсгөхгүй бол хүндрэлтэй байгаа талаар аж ахуйн нэгжүүд мэдэгдэж байсан. Нөгөөтэйгүүр, компаниудын мэдэгдэж буйгаар нэгдүгээр сарынхаа шатахууныг авахын тулд арванхоёрдугаар сарын 25-30-ны хооронд шатахуун импортлогчид төлбөрөө барагдуулах учиртай. Өнөөдрийн байдлаар шатахуун инпортлогч аж ахуйн нэгжүүд валютын өсөлтөөс болоод төлбөрөө барагдуулаагүй байгаа юм. Учир нь болгоомжлол их байна. ОХУ энэ сарын 10-н хүртэл компаниудыг төлбөрөө барагдуулахыг хүлээзнэхээр шийдвэрлэсэн. Валютын өсөлттэй холбоотой түр хугацаа олгосон нь энэ. Иймээс бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, ямар боломж бийг эрэлхийллээ.
-Тэгвэл ямар гарц байна вэ?
-Нэг гарц бий. Энэ нь нефтийн бүтээгдэхүүний 10 хувийн НӨАТ-ыг тодорхой хэмжээгээр бууруулах. Энэ НӨАТ-ыг тэглэвэл шатахуун импортлогч аж ахуйн нэгжтэй ярилцаж, тэр хэмжээгээр шатахууны үнийг бууруулах боломжтой. Гэхдээ үүнийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй. Гагцхүү УИХ-аар хэлэлцэж, эцсийн шийдвэр гарна.
-Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүний Онцгой албан татварыг тэглэсэн. Дээр нь Гаалийн татварыг нь тэглэсэн. Энэ бүхэн тодорхой хэмжээгээр хөнгөлөлт болоод үнээ огцом өсгөхгүй байж болох биш гэж үү?
-Өмнө нь Засгийн газар Онцгой албан татвар болон Гаалийн татвар дээр хөнгөлөлт үзүүлж ирсэн учраас гурван жилийн туршид нефтийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байсан. Одоо валют огцом өсч, дээр нь төрөөс зохицуулалт хийдэг татвар тэглэсэн учраас хүндрэл үүсч байгаа нь энэ. Гэхдээ валютын ханш тогтворжвол шатахууны үнэ буурах магадлалтай.
Харин Монголбанкныхан шатахууны үнийн өсөлтийг валютын ханштай хамааралгүй хэмээн мэдэгдэж буй юм. Энэ талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Золжаргалаас тодруулсан юм.
-Шатахууны үнэ өссөн нь валютын ханшны өсөлттэй холбоотой хэмээн салбарын яам мэдэгдэж байна. Энэ талаар тодорхой тайлбар хийнэ үү?
-Нэг зүйлийг бодох хэрэгтэй. Хоёрхон жилийн өмнө ам.доллар 1450 байхад шатахуун литр нь 1200 төгрөг байсан. Өнөөдөр ам.доллар 1450 л байна. Гэтэл шатахууны үнэ 60-70 хувиар өссөн нь гайхшрал төрүүлж байна. Яагаад ханшийн өсөлтийг нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбон тайлбарлах болов. Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2011 онд бүтэн алдагдалтай явж ирсэн. Мөн арваннэг, арванхоёрдугаар сард валютын орох гарах урсгал саарсан. Гэхдээ үүнээс болж шатахууны үнэ 60, 70 хувиар өсөхгүй.
-Гадаад нөхцөл байдал ч үүнд нөлөөлөөгүй гэдэг нь тодорхой байгаа шүү дээ. Гэтэл ..?
-Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт 15 хувийн өөрчлөлттэй л байна. Тэгэхээр ялгаа алга. Энэ хооронд татвараа л тэглэсэн сурагтай байна. Шатахууны үнэ ханшнаас болоогүй гэдэг нь баталгаатай. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Дахиад хэлье, хоёр жилийн өмнө 1200 төгрөг байсан шатахууны үнэ өнөөдөр 1900 төгрөг боллоо. Улмаар бурууг ханш руу түлхэж байгаад гайхаж байна.
-Монголбанк ямар нэг алхам хийх үү?
-Монголбанк өнгөрсөн оны арваннэг, арванхоёр, нэгдүгээр сард валютын ханшийг тогтворжуулах талаар интерверенц хийж байсан. Хийж байгаа, хийх ч болно. Хятадын цагаан сар ойрын хугацаанд болж, 14 хоног хил хаахаар валютын огцом эрэлт үүсдэг. Үүнд зориулж огцом валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн. Цаашид ч валютын нийлүүлэлт хийнэ. Богино хугацаанд валют орж ирэхгүй, гарах урсгал өндөр байгаа энэ үед худалдааны хэрэгцээтэй хэсгийг хангах валютын нөөц хангалттай бий. Эх үүсвэр ч хангалттай байгаа. Ер нь өнгөрөгч саруудын хагас дүнтэй яваад байгаа үзүүлэлтээ харж байгаад валютын нийлүүлэлтээ нэмэгдүүлээд эхэлчихсэн.
-Төвбанк өнгөрсөн жил гадаад валютын ханшаас асар их алдагдал хүлээснээс ийм нөхцөл байдал үүссэн гэж зарим эдийн засагчид тайлбарлаж байна. Үүнд ямар тайлбар хийх вэ?
-Монголбанкны алдагдал үүнд ямар ч хамааралгүй. Би үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэе. Өмнө нь хэлсэнчлэн арав, арваннэг, арванхоёрдугаар сард Монгол Улсын валютын орох, гарах урсгал буурсан. Үүний үр дүнд валютын ханш аажмаар өссөн. Монголбанкны өөрийнх нь оролцоо ямар байдаг вэ гэхээр цагаан сарын өмнө эрэлт ихсэхэд нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Хэрэв төвбанк нийлүүлэлт хийгээгүй бол валютын ханш үүнээс ч өндөр өсөх байсныг үгүйсгэхгүй.
-Цаашид валютын ханш тогтворжих уу?
-Хэчнээн хэмжээний төгрөг зах зээлд нийлүүлэгдэж байна вэ гэдгээс шалтгаалж шууд ханшид нөлөөлж байгаа. Төвбанк аль болох ханшаа тогтвортой байлгах, огцом хөдөлгөөн гаргачихгүй байх гэдэг тал дээр нөөцөөсөө нийлүүлэлт хийгээд явна.
-Сонгуулийн амлалттай холбоотой мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх нь тодорхой болсон. Тухайлбал, үлдэгдэл сая төгрөгийг бэлнээр олгоно гэхчлэн. Энэ үед төвбанкнаас инфляцийг хэрхэн барих вэ?
-Энэ мэт хүчин зүйлүүдийн нөлөөлөл их бий. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх тусам шууд ханшид нөлөөлдөг. Иймээс хэрхэн бага нөлөөтэй байлгах тал дээр тодорхой шат дараалалтай арга хэмжээ авч байна. Монголбанк ханшаа аль болох тогтвортой барьж, илүү огцом өсөлт гаргахгүй байх хэрэгтэй.
-Удахгүй одонтой ээжүүдийн тэтгэмж нэмэгдэж мэдэх нь. Энэ мэт улс төрийн намуудын замбараагүй мөнгөний урсгал дахин нийгэмд дарамт учруулах эрсдэл өндөр байна. Энэ талаар улс төрийн намуудад зөвлөмж төвбанкнаас өгдөг үү?
-Зөвлөмжийг Засгийн газарт тогтмол өгдөг.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: