Сүсэг бишрэлээр наадагсад олширчээ
Бөө нэрийдлээр хүний эд хөрөнгөд шунаж, улмаар амь насыг нь хөнөөх явдал гарах болжээ. Жишээ дурьдвал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 25-26-нд шилжих шөнө иргэн н.Баярсайханы автомашиныг шатаасан хэрэг гарсан. Энэ хэргийг Э.Мөнхбат гэгч үйлдсэн аж. Тэрбээр бөөгийн засал хийх нэрээр н.Баярсайханаас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна.
Ингээд ч зогсохгүй “Засал хийнэ. Мөнгө өгөхгүй бол үхнэ” хэмээн сүрдүүлжээ. Энэ үед нэхэмжилсэн мөнгө нь байгаагүй тулд засал хийхээс татгалзсан гэнэ. Гэтэл Э.Мөнхбат засал хийлгэсэнгүй хэмээн өс санаж “Suzuki” маркийн автомашиныг нь шатаасан байна. Энэ хэргийн мөрөөр цагдаагийнхан шуурхай ажиллаж эзэн холбогдогчид нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Сэжигтэн Э.Мөнхбат мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээжээ.
Энэ мэт бөөтэй холбоотой хэргүүд олон. Тухайлбал, Одоогоос дөрвөн жилийн өмнө Б.Болд-Эрдэнэ гэгч бөөгийн чанар авахуулах нэрийдлээр иргэн Наранзулын амь насанд хүрчээ. Тэрбээр засал хийж байхдаа талийгаачид хөнжил нөмрүүлэн халуун чулуун дээр ус асгаж ууранд нь түлж амийг нь хөнөөсөн аж.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч амьсгалын замын бүтэлтээс болж нас барсан болохыг тогтоожээ. Түүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94.1-ээр зүйлчлэн ялласан байна. Уг зүйл ангид бусдыг болгоомжгүй алсан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг ажээ.
Хүний сүсэг бишрэлийг урвуулан ашиглаж буй бөө нарт хариуцлага тооцох нь бага. Тэд мөнгө л олж байвал бусад нь хамаагүй гэсэн муйхар аргаар иргэдийг хохироодог. Тэр ч байтугай заавал бөө бол хэмээн шахалт үзүүлж дарамтлах явдал ч бий. Өнгөрсөн оны сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийгөө бөө хэмээсэн нэгэн айлд ирсэн хүнийг учир зүггүй балбаж зодсон тохиолдол ч гарсан. Энэ мэтээр эмх замбараагүй олширсон бөө нарт хариуцлага тооцох нь ховор байна.
А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: