Б.Энх-Амгалан Алтай руугаа зам ч, тал ч засна
У.Хүрэлсүхийн танхимын хамгийн асуудал ихтэй, ачаа хүндтэй салбар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд оногдлоо. Тэрээр 2016 оноос хойш гурван ч сайдын нүүр үзсэн Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон юм.
Б.Энх-Амгалан парламентад анх удаа сонгогдсон ч НИТХ-д найман жил төлөөлөгч, тэргүүлэгчээр ажилласны хувьд хотын ажилтай их ойр гэж өөрийгөө тодотгодог. Тийм ч учраас төлөөлөгч байхдаа Улаанбаатар хотыг Хятадын хотуудтай холбоход идэвхтэй ажилласан. Улаан-Үүд, Эрхүү, Краснярск, Чита, Новосибирск, Санкт-Петербургтэй холбоход анхаарч албан томилолтоор явж байхдаа ямар сайндаа л Новосибирск ниссэн онгоцыг саатуулсан “хэрэг”-т ч орооцолдож байв даа. Тэр талаараа “Олон улсын байтугай орон нутгийн онгоцыг буулгадаг, суулгадаг эрх надад бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчид ч байдаггүй зүйл шүү дээ” гэж тайлбарлаж байсан удаатай.
Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн асуудалтай буюу Газрын дарга нар нь ажлын байран дээрээ архидаж нэгнийхээ аминд хүрсэн, гал тэрэг осолдож олон хүний амь эрсдэлд оруулж бусдыгаа “хөлдөө” чирсэн яамыг тэр толгойлох томилолтыг өвөртөллөө. Мөн олон жил шүүмжлэл дагуулсан төмөр зам, Гашуунсухайт, Цагаан хадны боомтыг цэгцлэх, сайжруулах, жолооч нарыг аюулгүй байдлыг хангах ёстой. Түүнчлэн нислэгийн компаниудтай зөвшилцөж тийзний үнийг буулгах, хүлээлт үүсгээд байгаа Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлыг улсын баяр наадмаар нээх эсэх нь бас л Б.Энх-Амгалангийн ажлын үзүүлэлт болж таарна. Түүнд сахилга хариуцлага тэг зааж, удирдлагуудаа бүрэлдэхүүнээр нь огцруулсан зам тээврийн салбарыг дэгэнд нь оруулж, урагшлуулах их үүрэг ноогдож буй юм.
Б.Энх-Амгалангийг түүхийг харвал, 1989 онд Алтай хотын арван жилийн хоёрдугаар сургуулийг төгсч 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр төгсчээ. Түүнээс хойш Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт дөрвөн жил ажиллаад, түүнээс хойш “World Trans”, “Улаан бутан”, “Таван-Эрдэнэ”, “Мишээл групп”-т зэрэг бизнесийн салбарт арав гаруй жил ажиллаж байгаад 2008 оноос 2016 он хүртэл НИТХ-ын төлөөлөгчөөр, 2016 оноос Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон байдаг.
Тэгвэл “Мишээл групп”-ээр овоглодог Б.Энх-Амгалан хэдийгээр Хан-Уул дүүргээс Их хуралд сонгогдсон ч түүний энэ удаагийн сайдын сэнтий бас л онцлогтой. Уугуул нутгийнхан нь болох алтайчууд болоод угшил нэг МАН-д ч хүлээж буй зүйл бий аж. Зам, тээврийн сайдын суудал алтайчуудын хувьд олон жил дуншиж буй Баянхонгор, Говь-Алтай чиглэлийн 125 км замыг маш хурдан ашиглалтад оруулахад нутгийн түшээ анхаарч, түлхэц өгнө хэмээн итгэж буй юм. Харин нөгөө талаас ард түмний дунд нүүрээ бараад буй МАН-ын 2020 оны сонгуулийн PR-ыг Говь-Алтайнханд аятайхан хийх үүрэгтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн төр, засаг, түшээдийн нүүр үзээд ч замтай болж чадахгүй байгаа Алтайнхны хүслийг гүйцээж баруун тийш зам ч , замаараа далимдуулж намынхаа эрх бүхий хүмүүсийн талыг ч засах хүндхэн үүрэг хүлээж буй сайд юм. Салбарын шинэхэн сайд ажлаа аваад анхны шуурхай хуралдаанаа хийж шинэ нисэх онгоцны буудлыг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх, МИАТ компани Гуанжу, Шанхай нислэгүүдийн үр дүнгийн судалгаа дүгнэлт, Гашуунсухайт боомт дээр 140 км болон түүнээс урт цуваа, дараалал үүсгэхгүй байх зэрэг цөөнгүй асуудлыг хөндөж, үүрэг өгсөн байна.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: