АНУ-ын 5000 орчим цэрэг Польшид байрлаж байна
Одоогийн байдлаар АНУ-ын 5000 орчим цэрэг Польш улсад байрлаж байна. Энэ тухай АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс “HIMARS” пуужингийн системийг Польш улсад худалдах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний дараа мэдэгджээ.
“Польш улсад алба хааж буй Америкийн цэргүүдэд би талархлаа илэрхийлмээр байна” гэж Пенс хэлсэн байна.
АНУ-ын цэргүүд НАТО-гийн олон үндэстний батальон болон улсынхаа хуягт танкийн анги нэгтгэлийн бүрэлдэхүүнд байрлаж байгаа аж. Америкийн хуягт танкийн дивизийн 1.5-2 тэрбум ам.долларын зардлыг нь даан, нутаг дэвсгэртээ байнга байрлуулах саналыг Польш өмнө нь тавьсан байна. Саналыг НАТО эвслээс гадуур хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд тавьжээ. Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда Америкийн цэргүүдийг байрлуулах баазыг “Fort Trump” /”Форт Трамп”/ гэж нэрлэхийг санал болгосон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: