АН-ын үхэр буунд иргэд өртсөн болох нь

Улстөрийн хүрээнд үүссэн дарамт  савнаасаа хальж иргэдийн нуруун дээр ирж наалдав. Сүүлийн гурван жил гаруй хугацаанд хуримтлагдаж, хүчээр хойшлогдож байсан байсан дарамт нэг л орой нэг цул болон буусан юм.

Хүн амын 60 гаруй хувь нь ядуугийн ангилалд багтаж байгаа нийгэмд үнийн дарамтыг дааж гарна гэдэг юу л бол. Нэгнээ хайрладаггүй харгис нийгэмд  хөлөө олж дундажийн эгнээнд нэгдэх тухай бодол холдож байгаа. “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгож, жижиг бизнес эрхлэгч, бага орлоготой  өрхийг дэмжих нь гэсэн таатай мэдээний араас  шатахуун, валют, махны гээд үнийн өсөлтүүд шил шилээ даран орж ирлээ.

Амралтын өдрүүдийг тааруулан өсгөсөн үнийн давалгаанд иргэд шоконд орж авралын хүлээлт бий болсон.  Бөхөөр нуман тулгаарт орсон байдлаас аварсан хүн энэ цагийн эгэл баатраар тодрох  энүүхэнд болоод байна.

Өчигдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж  хүнд байдалд оруулсан буруутны эрэлд мордсон. Тэдний үзэж буйгаар  үнийн өсөлтийн суурь болсон валютын ханшийн өсөлтийг барьж дийлээгүй Монголбанкны ерөнхийлөгч эн тэргүүний хэрэгтэн болж тодорлоо.

Дараа нь   нефть бүтээгдэхүүн импортлогчидтой зөвшилцөж арга хэмжээ авч чадаагүй ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан хамсаатан нь болсон юм. Хамтарсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар байгуулагдсан ажлын хэсэг өчигдөр орой ЭБЭХЯ-ыг дайлаар мордож баасан гарагийн орой  болсон  Үнийн өсөлтийн зөвшилцөх  ажлын хэсгийн уулзалтын шийдвэртэй танилцав. Албаныхны ам мөчгийг авч өнөөдөр бүлгийн гишүүд, Ерөнхий сайдад танилцуулах болоод байгаа.

Болсон явдлын араас ийм явдал болж байхад төрийг сууриар нь дарамтад, ацан шалаанд оруулсан зүйл нь явж явж АН хамтарсан  засгаас гарах болсон шалтгаан дээр бууж байна. Энэ хардлагыг өчигдөр МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин цухалзуулсан. Дахин сануулахад “Ардчилсан намын бүлэг Засгийн газраас гарах тухайгаа мэдэгдээд байгаа. Түүний дараахан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ЭБЭХЯ-н дээр байдаг дэд сайд Б.Ариунсангийн ахалдаг үнийн зөвшилцлийн комисс хуралдаж, шатахууны үнийг 230-260 төгрөгөөр нэмэх нь зүйтэй гэдэг шийдвэрийг энэ ажлын хэсэг зөвшөөрсөн байна. Үүний дагуу энэ үнийн өсөлт гарсан байна. Тиймээс дээрх мэдээллүүдийг нягтлах шаардлага байна. Өнөөдөр Засгийн газраас тодорхой сайд нар гарлаа ч гэсэн ажлууд цааш нь хийгдээд явах ёстой. Зөвшилцлийн гэрээгээрээ ажлаа хийгээд явах ёстой. Ард түмэнд амалсан зүйлээ хийж байх ёстой гэдэг дээр бид хатуу байр суурьтай байгаа” гэсэн юм.

Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр улстөрийн ашиг хонжооны төлөө бүхэл бүтэн 2,7 сая иргэний амьдралаар наадах сэтгэл өвөртөлсөн болж байна уу. Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг  хамтарсан Засгийн газраас гарах болсноо мэдэгдсэний дараа ашигт малтмалын лицензийг хэрхэн хууль бусаар авсан тухай ноцтой баримтуудыг дэлгэнэ гэж  хамтран амьдарч байсан нөхрөө дарамталсан.

Дараа нь үнийн өсөлт босч ирсэн. Үнэхээр улстөрийн намуудын нэгийгээ дарамталсан дарамт байгаад  энэнийх нь хор иргэдийн нуруун дээр ирж байгаа бол өөрсдөө хариуцлага үлээх хэрэгтэй.  АН-ын генсек Д.Эрдэнэбат хэн бидэнтэй хариуцлага тооцох гээд байгаа юм.

Хариуцлагыг ард түмэн л тооцдог. Гэхдээ ганцхан сонгуулиар тооцдог юм гэж хэлсэн. Таван сарын сарын дараа болох сонгууль хүртэл үнэн худал нь тунаад ирэхээр хариуцлагыг нь тооцоод өгөх хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих