Ц.Aмгаланбаатар мэдүүлгээсээ буцаж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан мөрдөн байцаагчдыг цагдан хорьсон гэв үү

76e1b5f4ec8eecb0711035e42b423da5Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган, гурван шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ.

Дээрх хэрэгтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газраас “Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэргийн гүйцэтгэгчид. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч нарыг шалгаж эхэлсэн” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Ц.Амгаланбаатар хүн амины хэргээр хоригдож байхдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэр бүхий алба хаагчдад С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэдгээ анх мэдэгдсэнээр энэ хэргийг үйлдэгчид тодорхой болсон гэх ойлголт нийтийн дунд бий. Энэ нь ч үнэний ортой гэдгийг албаны эх сурвалжуудын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан ярианаас тодорхой харагддаг. Тэгвэл сүүлийн үед С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор өөр нэг ноцтой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Тодруулбал, хэргийг анх хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн Ц.Амгаланбаатар 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээс эхлэн өгсөн мэдүүлгээсээ буцаж эхэлсэн гэнэ.

Энэ талаараа Хууль зүйн сайд Ц.Нямдоржид захидал хүртэл бичсэн байна. Тэрбээр “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт худлаа мэдүүлэг өгсөн. Хэргийг шалгасан тагнуул болон бусад мөрдөн байцаагч миний өгөх мэдүүлгийг зааж өгдөг байсан. Энэ хэрэгт буруутгагдаад байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар огт буруугүй. Тэднийг хилс хэрэгт гүтгэсэндээ харамсаж байна” гэх утга бүхий захидлыг холбогдох албаныханд хүргүүлсэн гэнэ.

Өөр нэг эх сурвалжийн өгсөн мэдээллээр хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчид Ц.Амгаланбаатарыг айлган сүрдүүлж, өгөх мэдүүлгийг үг бүрчлэн зааж өгдөг, түүнийг нь бэхжүүлэн авдаг байсан талаар болон мөрдөн байцаагчдын нэрийг маш тодорхой дурдсан захидал ирүүлсэн гэнэ.

С.ЗОРИГ АГСНЫ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ШАЛГАСАН АЖЛЫН ХЭСГИЙГ ТАРААСАН ГЭВ

Ц.Амгаланбаатарын захидалтай холбоотойгоор С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг дахин задарч магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг эх сурвалж онцолж байв. Өнгөрсөн сарын сүүлчээр буюу /2019.01.24/ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох үеэр төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шалгасан Ажлын хэсгийг тараах чиг үүрэг өгсөн гэнэ. Сайд ажлын хэсгийг ямар шалтгаанаар тарааж байгаа талаараа тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Харин С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааг гардан гүйцэтгэж байсан мөрдөн байцаагчид ажлаасаа халагдсан, Тагнуулын ерөнхий газар болон Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид, нэр бүхий хурандаа нар мөн ажлаасаа халагдсан гэх мэдээлэл олон нийтийн дунд тараад буй.

Энэ талаар холбогдох албан тушаалтнууд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсаар байгаа юм. Өөр ноцтой мэдээлэл нь ажлаас халагдсан ТЕГ-ын мөрдөх албаны ажилтнуудаас гурван хүнийг сар шинийн баярын өмнөхөн Цагдан хорих төвд 48 цаг саатуулсан гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тагнуулын ерөнхий газрын мөрдөгч нарыг цагдан хорьсон асуудалтай холбоотойгоор Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Л.ЖАВЗМАА: Ц.АМГАЛАНБААТАР МИНИЙ ХҮҮД “ТА НАРЫГ ХУДЛАА ХЭРЭГТ ГҮТГЭСЭН ГЭДГЭЭ ХЭЛНЭ. ХЭРГИЙН ТАЛААР ҮНЭНИЙГ ДЭЛГЭНЭ” ГЭЖ ХЭЛСЭН ГЭСЭН

Харин энэ асуудлаар Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай холбогдож сүүлийн үед гараад байгаа мэдээлэлтэй холбоотой асуудлаар тодруулахад “Би хүүгээ хилс хэрэгт хэлмэгдэж байгаа гэдгийг баримттайгаар удаа дараа олон нийтэд мэдэгдэж байсан. Ц.Амгаланбаатар өгсөн мэдүүлгээсээ буцсан талаар надад ямар нэгэн мэдээлэл алга байна. Харин саяхан миний хүүг эхнэр, хүүхэд нь эргэж очсон. Тэр үеэр Ц.Амгаланбаатар миний хүүг ар гэрийнхэнтэйгээ уулзаж байгааг харсан гэсэн. Тэгээд “Ахаа, танай хүүхдүүдийг хараад би бүх юмыг ойлголоо. Та нарыг худлаа хэрэгт гүтгэсэн гэдгээ хэлнэ. Хэргийн талаар үнэнийг дэлгэнэ” гэж хэлсэн гэсэн. Надад тийм л зүйлийг хүү минь ярьсан” гэв.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдаас С.Зориг агсны хэргийг шалгаж байсан ажлын хэсгийг тараах болсон асуудлаар асуулга тавьсан байдаг. Тэгвэл энэ талаар түүнтэй утсаар холбогдож тодруулахад “Энэ талаар надад тодорхой мэдээлэл алга. Гэхдээ Ц.Амгаланбаатар үнэхээр өгсөн мэдүүлгээсээ буцсан бол үүнийг шалгах ёстой” гэсэн хариулт өглөө.

Г.ЭРДЭНЭБАТ: НЭГ ЯЛТАН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД МЭДЭЭЛЭЛ ӨГСНӨӨР СҮҮЛИЙН ҮЕД БОЛЖ БАЙГАА ҮЙЛ ЯВДАЛ ӨРНӨСӨН ЮМ ОГТ БИШ

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар нь ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат хэргийн талаар манай сонинд өмнө нь ярилцлага өгч байсан. Тэрбээр “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 1998 онд гарсан. Энэ хэрэг 2018 онд эцэслэн шийдэгдэх эсэх дээрээ тулж ирээд байна. Гэхдээ нэг ялтан хууль хяналтын байгууллагад мэдээлэл өгснөөр сүүлийн үед болж байгаа үйл явдал өрнөсөн юм огт биш. Хэргийг шалгаж байсан ажлын хэсгийн ажлын арга барил, хэргийг шалгаж, ажиллагаанд ач холбогдол өгсөн байдлаас гол асуудал эхэлсэн байдаг юм. Өнөөдөр хүмүүс энэ хэргийг илэрсэн шалтгаан нь нэг ялтан мэдээлэл өгөнгүүт бүх зүйл ар араасаа ундарсан юм шиг ташаа ойлгоод байгаа юм. Тийм биш гэдгийг онцолж хэлмээр байна. Зарим мэдээлэлд ач холбогдол өгч шалгасан үеэс асуудлыг ярих нь зүйтэй юм. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан, шалгаж байсан нөхцөл байдал өөрчлөгдсөн. Энэ хэрэгт нэлээд хүч анхаарал тавьж ажилласан үеэс хэрэг шалгах ажиллагаанд өөрчлөлт гарч, хэрэг илрэхэд ахиц гарсан. Энэ хэргийн нотлох баримт дотор ил байдлаар нотлогдож байгаа олон зүйл бий. “1998 оны аравдугаар сарын 1-ний өдөр ийм хүнийг харсан. Ийм зүс царайтай хүн С.Зоригийн гэрийг асууж, сураглаад явж байсан.

Гэрийнх нь гадуур сэжигтэйгээр олон удаа эргэлдсэн. Ийм зүс царайтай хүн байсан” гээд 1998 онд мэдүүлэг өгсөн гэрчээс хуулийн дагуу дахин гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчүүдээс өөр өөр орон зай, цаг хугацаанд “Таны ярьж байсан хүн эдгээр хүмүүс дунд байна уу” гэхээр олон хүний дундаас гэмт этгээдүүдийг эргэлзэх юмгүй зааж байсан. Хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа гэдэг хүн санамсаргүй байдлаар энэ хэрэгт холбогдсон гэдгээ хуулийн байгууллагад бичгээр тайлбар хийж өгсөн. Хэрэг үйлдсэн хүнээс өөр мэдэх боломжгүй зүйлийг тэр мэдүүлсэн байдаг. Тэр хүн хэрэг гарах үед тэнд байгаагүй юм бол хэргийн талаарх тийм нарийн зүйлийг яаж мэдэх юм бэ. Хэрэг гарах үед Т.Чимгээ Дорноговь аймагт эмээгээ хараад хүүхдүүдтэйгээ байсан гэж ярьдаг.

Гэтэл Т.Чимгээ тэнд байгаагүй. Харин хүүхдүүд нь тэнд байсан нь тогтоогддог. Мөн Б.Содномдаржаа цэрэгт явчихсан байсан гэх асуудал гарч ирсэн. Цэрэг татлагын комисст түүний нэр байдаггүй. Хөдөө хадлан дээр байсан гэж яриад байгаа. Энэ нь юугаар ч нотлогдоогүй. Харин эсрэгээрээ Улаанбаатар хотод байсан нь нотлох баримтаар тогтоогдсон” хэмээн ярьж байсныг энд дахин дурдъя.

Албаны хүн ийн ярьсан ч С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг дахин задарч, бүр хэргийг шалгаж байсан мөрдөгчид ноцтой алдаа гаргаж, хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Шинээр байгуулсан ажлын хэсэгт цагдаагийн чадварлаг, залуу олон мөрдөгч багтсан гэх мэдээлэл ч байна.


URL:

Сэтгэгдэл бичих