Террористтой гэрлэсэн Британи охин гэртээ харихыг хүслээ
2015 оны эхээр Британийн өсвөр насны гурван охин Лондонгоос Сири хүрч улмаар Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн нь тогтоогдсон юм.
Охид өөрсдийн хүсэлтээр хэт даврагч болсноо фэйсбүүк, твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Хэт даврагч болохоор гэр бүлээ орхисон 15 настай Кадиза Султана, 16 настай Амира Абасе, 16 настай настай Шамима Бегум Ветхамел нар Сирид очсныхоо дараа хэт даврагчидтай гэрлэсэн аж. Тэгвэл дээрх охидын нэг Шамима гэртээ харихыг хүсч, олон нийтээс дэмжлэг хүссэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр Британийн “THE TIMES” сэтгүүлд ярилцлага өгчээ.
19 настай Шамима найман сартай жирэмсэн бөгөөд хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөхийг мөрөөдөж буй гэнэ. Шамима “Би маш буруу сонголт хийсэн. Мэдээж эхэндээ бүх зүйл сайхан болно хэмээн итгэж, найдаж байсан. Харин одоо бол бид гэртээ эргэж харьмаар байна. Учир нь би жирэмсэн. Ирээдүйд мэндлэх хүүхдийнхээ төлөө гэртээ харьмаар байна. Намайг үнэхээр уучлаарай” гэж ярьжээ. Өөрийн хүсэлтээр хэт даврагч болсон охины асуудлаар Британийн талынхан албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
URL: