Нам нь Л.Пүрэвдоржид ямар өртэй болоод энэ суудлыг өгсөн юм бол
АН-ын бүлгийн өчигдөр үдээс хойшхи хуралдаан дээр шатахууны үнийн өсөлтийн талаархи мэдээллийг сонссон. АН-ын бүлгийн гишүүд валютын ханшийн хөөрөгдлийг хяналтдаа авч чадаагүй Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, нефть импортлогчидтой зөвшилцөж бодлогоо сайн бариагүй Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан нарыг огцруулах санал гаргасан. АН-ынхан одоо л сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж эхэллээ. Баяр хүргэе гэхээс өөр хэлэх үг алга. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг огцруулах юу ч биш бүр хариуцлагад татах хэрэгтэй. Валютын ханшийн хөөрөгдлөөс үүдэлтэй бензин шатахууны үнийн өсөлтийн бурууг гагцхүү түүнд л тохох хэрэгтэй. Ченжүүд валютын ханшийг хөөрөгдөж тоглолт хийж байгааг албаны хүмүүс хэлсэн. Гэтэл Монголбанк валютын ханш цаашдаа буурна гэдгийг хэлж чадахгүй хэмээн мэдэн будилж байсан. Энэ жижигхэн Монголынхоо мөнгөний бодлогыг барьж чадахгүй хэдэн ченжүүдэд дарлуулаад сууж байдаг төв банкны захирал гэж байх уу. Д.Моломжамцаас хойшхи үе үеийн ерөнхийлөгчид Монголбанкны нэр хүндийг унагаж эхэлсэн. Одоогийн ерөнхийлөгч Л.Пүрэвдорж бүр дээд цэгт нь хүргэсэн гэхэд болно. Л.Пүрэвдорж гэж хэн бэ. 2009 оны нэгдүгээр сараас хойш Монголбанкны захирлаар томилогдож ажиллаж байгаа энэ эрхэм уг нь парламентч байсан хүн. Гэтэл Монгол Улсын төв банкийг аваад явчих сийрэг ухаан, мэдлэг чадвар хомс нэгэн гэдгээ банкны ерөнхийлөгчөөр томилогдонгуутаа л харуулж эхэлсэн. Банкир бус худалдааны мэргэжил нь ч нөлөөлдөг биз. Худалдааны яамны нэгдүгээр орлогч, Татварын ерөнхий газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга гээд хийж байсан ажлуудыг нь харвал туршлагатай нэгэн баймаар хүн. Элсний 13-ын нэгдсэнийг нь эс тооцвол хэн ч биш байсан парламентч Хөшөөтийн уурхайг цээжээрээ хамгаалж, олонд танигдаж байсан түүхтэй. Өнгөрөгч онд тэрбээр банкийг худалдааны байгууллагатай хольж хутган банкуудыг нэгтгэх тухай ярьж, буруушаагдсан удаатай. Банк бол тухайн улсын нэрийн хуудас. Банкууд нэгдэх нь нэг талаасаа сайн ч нөгөө талаас олон хүчирхэг банктай байх нь юу юунаас илүү чухал. Ийм атал захын наймаачдыг нийлүүлж нэг лангуун дээр зогсоохтой адил утгатай юм ярьж байсныг нь эдийн засагчид тухайн үед шүүмжилж байсан. Бас гадаадын мундаг банкуудыг Монголд оруулж ирэх тухай ярьж байсныг нь санаж байна. Гадаадын валютыг эх орондоо цутгая гэхийн оронд гадаадын банкируудыг оруулж ирж хөлжүүлэх тухай бодлого ярьдаг хүн гээд бодохоор Л.Пүрэвдоржийг эх оронч гэж хэлмээргүй санагдаж байсан шүү. Түүнийг “Зоос” банкны хэргээр АТГ-т шалгаж байсан. “Зоос” банкны хөрөнгийг хууль бусаар бусдад өгсөн, зарцуулсан хэмээн буруутгах үндэслэл байсан гэдэг. Хэргийг нь шалгаж байсан ч эрх мэдэлтний буулга гэдэг илүү хүчтэй юм болохоор тэгсхийгээд намжсан.
Саяхан даа. Оны эцсээр “Засгийн газрын 20 дугаар тогтоол давтагдах гэнэ, төгрөгийн ханш одоогийнхоос хоёр дахин унах гэнэ” гэсэн яриа олны дунд гарч, айдас дагуулж байсан. Энэ сэдэв жирийн иргэдэд бол маш том асуудал. Тиймээс ч одоо хүртэл энэ эмзэглэл арилаагүй байна. Дээр нь шатахууны үнэ нэмэгдэж, долларын ханш өсчихлөө. Айдас бүр баталгаажаад байна. Гэтэл Монголбанкнаас ямар ч мэдээлэл хийсэнгүйгээр барахгүй оны өмнө тус банкнаас “Энэ бол цуурхал” гэсэн манж үгнээс өөрийг хэлсэнгүй. Энэ нь ард түмний айдас хүйдсийг улам баталгаажуулчих шиг болсон.
Өнгөрөгч намар гаргасан тооцоогоор Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 2011 оны эхний хагас жилийн байдлаар 8.1 тэрбум ам.доллар байгаагийн гурван хувь нь Монголбанкны зээл байсан. Энэ зээл нь ОУВС-гаас авсан зээл. Хариуцсан ажил нь нэг иймэрхүү. Л.Пүрэвдорж юутай ч хуучин намын кадр гэдэг нь үнэн. Улстөрийн хүрээнийхэн түүнийг хуучин системийн хүн гэдэг. Анх Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдоход нь олон хүн түүнээс шинэ юм юу ч гарахгүй гэцгээж байсан. Үнэн байна. Англи хэлгүй, дотоодод боловсрол эзэмшсэн байж болно л доо, хүн. Намынхаа “хорчин” гэх хэдэн гишүүдтэй их ойрхон байдаг гэлцдэг юм билээ. Анх томилогдоход нь бас “Энэ Пүрэвдоржид манай нам ямар өртэй болоод энэ суудлыг өгсөн юм бэ” гэж тухайн үед төрийн тэргүүнээс нэгэн улстөрийн лидер асуусан сураг ч дуулддаг.
Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг УИХ томилсон. УИХ-ын чуулган дээр арга буюу очиж гишүүдийн асуултад бүдэрч, ээрч муурсан хариултаараа гишүүдийг бухимдуулж байгаад гардгийг сэтгүүлчид ярьдаг. Хэвлэлийнхэнд ажлаа тайлагнах, мөнгөний бодлогын талаар танилцуулах гээд бүхий л ажилдаа тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нараа илгээдэг болохоор нь түүнийг үгүйлсэн салбарынхан нь “Асар Басар хоёроо тавьчихаж” гэж ёжилдог гэсэн шүү. Ийм банкираар удирдуулсан улсын төв банк өөдөлнө ч гэж юу байхав дээ.
С.Хэрлэн
URL: