Р.Эмүжин: Сүүлчийн хоргодох газар

74

Чи миний сүүлчийн хоргодох газар мөн үү
Чиний сэтгэлийн гүнд би үхэж болох уу
Зовох тэвчээр, жаргах тэнхэлгүй цуцахын цагт
Зориг, итгэл өгөх гэж чи надтай учирсан уу

Ертөнцийн дайдаас надад оногдсон сүүлчийн гэр минь чи мөн үү
Ер бусын энэ амьдралд бурхан чамайг илгээсэн үү
Омог бардам занг минь гундаалгүй хайрлаж
Орчлонгийн төгсгөл иртэл гараас минь чи хөтлөх үү

Гоо үзэсгэлэн, гоёл чимгээ тайлаад
Голын урсгал татрах шиг гомдмоор өтлөхөд минь
Намрын сүүлчийн нар шиг дэргэд минь чи үлдэх үү
Намайг эндээс явтал хайрласаар л байж чадах уу

Сүрлэг энэ дэлхийгээс миний хайж олсон
Сүүлчийн хоргодох газар минь чиний зүрх мөн үү
Аяны хүрмээ тайлаад амар амгаланг чамаас олж
Алсын замд холгосон хөлөө өвөрт чинь би дулаацуулах уу

Тэгээд үхэл ирэхэд тэвэрт чинь би амь тавьж
Тэнгэрт биднийг учруулаач гэж сүүлчийн амьсгалаараа залбирах уу
Буцах насанд минь учирсан нөмөр газар чи мөн үү
Буцах замд минь хань болох гэж надад ирсэн юм уу


URL:

Сэтгэгдэл бичих