Цоохор ирвэсийн арьс, гавлын яс зарах гэж байжээ

46

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд  Нийслэл хотын  хэмжээнд зохион байгуулсан хяналт шалгалтын үр дүнд эдгээр хэргүүдийг  илрүүлжээ. 

Говь-Алтай аймгийн харьяат иргэн И нь  Монгол Улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон Алтайнхойлог шувууны эд эрхтэнийг зарах зорилгоор авч явсан, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “Эмээлт” түүхий эд худалдан борлуулах зах дээр иргэн И, Х нар нь нэн ховор амьтны жагсаалтад орсон “Цоохор ирвэс”-ийн шинэ арьс, хөлдөөсөн махтайгаа гавлын ясыг зарах зорилгоор тээвэрлэж  байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Мөн иргэн Б,Э  ховор амьтны жагсаалтад орсон Хүрэнбаавгайн  7 ширхэг хөлдөөсөн савар, иргэн Д, Н нар ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эд эрхтэнийг тээвэрлэж явсан, иргэн А  мөн нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсний  хоёр  ширхэг арьсыг зарах зорилгоор тээвэрлэж явсаныг илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2-т нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Харин 24.5 дугаар зүйлд  улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэн, нэн ховор ан амьтан агнахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж  байна.


URL:

Сэтгэгдэл бичих