БАЯЛГААСАА БОЛЖ БАЯЖСАН ХИЙГЭЭД БАЛАРСАН ОРНУУД-6
Манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын данс “түнтийж”, энэ оны эхний гурван улирлын байдлаар 342.3 сая долларт хүрсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад найм дахин өссөн гэсэн үг. Харин энэ их хөрөнгийн урсгалын 71 хувь нь зөвхөн уул уурхайн салбарт цутгажээ. Хэвлий дэх бузгай үнэтэй ашигт малтмалынхаа ачаар манай улс хөгжиж буй орны ангиллаас хөгжингүй орны зэрэглэл рүү нүүх үү, эсвэл үлдэх үү гэдэг асуудал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй. Ашигт малтмалынхаа ачаар баяжсан орон байхад баялгийн хараал тусаж баларсан орон ч бий. Энэ түүхийг бид цуврал болгон танилцуулж буй билээ. “Өнөөдөр” энэ удаа Иран хийгээд Нигерийг онцолж байна.
Газар нутгийнхаа хэмжээгээр манай орны урд гишгэх Исламын Бүгд Найрамдах Иран улс эдийн засгийнхаа цар хэмжээгээр дэлхийд 18 дугаарт бичигдэнэ. Экспортын бүтээгдэхүүнийх нь 80 хувийг газрын тос, байгалийн хий эзлэх ба Засгийн газрын орлогын 60 хувийг мөн л энэ салбар төвлөрүүлдэг аж. Ираны эдийн засгийн өөр нэгэн онцлог бол шашны байгууллага олонтой. Түүнийх нь нийт төсөв Засгийн газрынх нь төсвийн 30 хувьтай тэнцэхүйц аварга гэнэ.
Тогтмол эерэг үр дүн үзүүлдэг цөөхөн эдийн засагтай орны нэг нь яалт ч үгүй Иран юм. Хувьсгалын өмнө Ираны эдийн засаг хурдацтай хөгжиж байжээ.
Уламжлалт хөдөө аж ахуй зонхилж байсан нийгэмд 1970-аад оноос аж үйлдвэржилт хэмээх шинэ өнгө нэмэгдсэн аж. Гэвч 1978 онд Исламын хувьсгал дэгдсэн нь эдийн засгийн хөгжилд чөдөр тушаа болжээ.
1979 оноос хойш Иран улс эдийн засгийн хараат бус байдал, ажил эрхлэлт, иргэдийн амьдралын төвшинг сайжруулах зэрэг удаан хугацааны зорилт дэвшүүлэн ажиллажээ. “Унтаж байсан” эдийн засаг нь сүүлийн хорин жилд л сэргэж, уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн орлого нь нэмэгдсэн байна.
Тус улсын ДНБ-ий дийлэнхийг уул уурхай, аж үйлдвэрийн салбар эзэлдэг ба удаа нь хөдөө аж ахуй бичигддэг аж. XXI зууны эхээр үйлчилгээний салбар сэргэж, төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээгээр дээрх салбарын дараа эрэмбэлэгдэх болжээ. 2006 онд Засгийн газрын төсвийн 45 хувь нь газрын тос, байгалийн хийн орлогоос, 31 хувь нь татвараас ордог байж.
Харин 2008 онд Ираны эдийн засаг зургаан хувиар өссөн нь жижиг аж үйлдвэрийг төрөлжүүлсний үр шим хэмээн үнэлж, НҮБ-ээс тэднийг хагас хөгжингүй орны зэрэглэлд оруулжээ. Тус улсад хүнс, эрчим хүчний үнийн хяналт, мөнгөн тэтгэмж зэрэг гажуудал бий нь өөдөө өгсөх эдийн засгийг заримдаа уруудуулах талтай. Түүнчлэн хууль бус наймаа, авлига зэрэг нь хувийн секторын хөгжлийг хойш чангаадаг аж.
Гэхдээ зүгээр ээ, газрын тос, байгалийн хийн арвин баялагтайн ачаар эдийн засгийн хувьд тусгаар тогтнож, гадаад валютын нөөцөө 100 тэрбум долларт хүргэж чадаж байна. Иран улс төсвийн алдагдалд ордгийн үндсэн шалтгаан нь Засгийн газраас олгодог их хэмжээний мөнгөн тэтгэмж аж. Хүнс, шатахуун гээд тэд иргэддээ их хэмжээний тэтгэмж өгдөг ба 2008 онд зөвхөн эрчим хүчний салбарт л гэхэд 84 тэрбум долларын хөнгөлөлт үзүүлсэн байжээ. Буруу гэдгийг ухаарсан төрийн түшээд нь эдийн засгийн эрс шинэчлэлийн төлөвлөгөө боловсруулж, тэтгэмжийг огцом бууруулж, хэмнэсэн мөнгөө сургууль, цэцэрлэг, зам тээвэр гээд дэд бүтцэд зарцуулж эхэлснээр хөгжлийн зам нь шуударчээ. Одоо гол асуудалдаа оръё.
Дэлхийн байгалийн хийн нийт нөөцийн 15 хувь, газрын тосны 10 хувийг агуулдаг энэ улс байгалийн хийгээр дэлхийд хоёрдугаарт, хар алтны нөөцөөр гуравдугаарт эрэмбэлэгддэг юм. “Хар алтны хаан” ОПЕК-ийн гишүүн уг орон газрын тос олборлолтоор дэлхийд хоёрдугаарт бичигддэг билээ. Тиймдээ ч эрчим хүчний хүчирхэг гүрэн гэгддэг. Тэд зөвхөн газрын тос, байгалийн хийн нөөцдөө найдсангүй, 15 жилийн өмнөөс эрх баригчид дотоодын хэрэгцээг хангахад чиглэсэн гэр ахуйн хэрэгсэл, автомашин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлж эхэлжээ. Түүнийхээ ачаар өнөөдөр гадаад орнууд бүтээгдэхүүний экспортдоо хориг тавьсан ч санаа з о в о х о о р г ү й дотоодын хэрэгцээг хангах болов. Өдөрт дөрвөн сая баррель газрын тос олборлодог энэ улсад 2004 он гэхэд байгалийн хийн сураг ч дуулдаагүй байв.
Гэхдээ түүнийг олж илрүүлж, нүүрс, газрын тосны станцууд дээр усан цахилгаан станц нэмэгдсэнээр эрчим хүчний үйлдвэрлэл нь 33 мянган мВт-д хүрсэн байна. Энэ дүнгийн 75 хувийг байгалийн хийгээс, 18 хувийг газрын тос, үлдсэнийг нь усан цахилгаан станцаас хангадаг. Хүн ам сүүлийн 20 жилийн дотор хоёр дахин өссөн, түүнчлэн аж үйлдвэр эрчимтэй хөгжиж буй тул энэ оны эцэс гэхэд тус улс эрчим хүчний хүчин чадлаа 53 мянган мВт-д хүргэх зорилт өвөртөлсөн аж.
Түүнээс гадна салхины, нарны, газрын гүний эрчим хүчийг ашигладаг. Ираны нэг хүнд ногдох эрчим хүчний хэмжээ дэлхийн дунджаас 6.5 дахин их байдаг. Түүнчлэн бусад орон ашигласан газрын тос, байгалийн хийн 60 хувийг эргүүлэн ашигладаг байхад эднийх дөнгөж 28 хувийг дахин боловсруулж ашигладаг “цамаан” ард түмэн. Эдүгээ Иран газрын тос, байгалийн хийгээс гадна эм, химийн бүтээгдэхүүн, үр жимс, самар, автомашин, хивс, техник экспортолдог. Нийт газар нутгийнхаа 20 хувийг боловсруулж, газар тариалан эрхэлдэг бөгөөд үр тариа, цайны ургамал, тамхи, жи
мс, төмс, хүнсний ногоо, халуун ногоо, самар гээд тариалж болох бүхий л ургамлыг хөрсөндөө ургуулдаг энэ орон зөвхөн ашигт малтмалдаа найдаад суусангүй мал, шувуу, зөгий үржүүлж, загасны аж ахуй эрхэлдэг байна. Аж үйлдвэр ч энд чамгүй хөгжиж.
Цаас, химийн бүтээгдэхүүн, төмөр, зэс, цемент, автомашин, холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэж, түүгээрээ дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй экспортолдог. Иран улс жилдээ 1.4 тэрбум баррель газрын тос олборлож, 50 тэрбум долларын цэвэр ашиг халаасалдаг.
Харин дөрвөн жилийн дараа 250 тэрбум долларт хүрэх боломжтой хэмээн таамаглаж байна. Зөвхөн хар алтаар тогтохгүй энэ орны хэвлийд нүүрс, төмрийн хүдэр, зэс, хар тугалга, цайр, молибден, уран харамгүй заяажээ.
Зөвхөн газрын тосны салбартаа найдсан Нигерийн ганц хөлтэй эдийн засаг улс төрийн тогтворгүй байдал, макро эдийн засгийн ядуу бодлого, авлигад удаан хугацаанд идэгджээ.
Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын цэргийн эрх баригчид эдийн засгийг төрөлжүүлэхээ мартсан гэлтэй. Зөвхөн газрын тосноос хамаардаг тус улсын ДНБ-ий 25 хувь, гадаад валютын нөөцийн 95 хувь, Засгийн газрын орлогын 65 хувь зөвхөн энэ салбарыг харж, хүлээж суудаг аж. Хүнс, тээврийн хэрэгсэл, техник, химийн бүтээгдэхүүн гээд бараг бүхий л зүйлийг импортоор хангадаг энэ улс эрдэс баялгийн нөөцөөрөө хөшүүрэг хийн, хүн амынх нь 70 хувийг нөмөрсөн ядуурлаас ангижрахыг оролдож байна.
Байгалийн баялгийн уулга алдам их нөөцтэй атлаа ядуурал, авлигад туйлын ихээр нэрвэгдсэн эл улсад “баялгийн хараал” хүрчээ хэмээн эдийн засагчид санааширдаг. Байгалийн хий, газрын тосны үнэ өсөж буйн ачаар л Нигери өдий зэрэгт хүрсэн аж.
Өдгөө энэ салбарын орлогын 80 хувь нь Засгийн газарт төвлөрч, 1 6 хувь нь үйл ажиллагааны зардалд зарцуулагдаж, харин үлдсэн дөрвөн хувь нь хөрөнгө оруулагчдадаа үлддэг аж.
Хэдий тийм ч бүхэл бүтэн 80 хувийн цорын ганц нь л иргэдийн хэтэвчинд ордог хэмээн Дэлхийн банкнаас тогтоожээ. Харин 2005 онд Парисын Клубтэй (19 орноос бүрдэх санхүүгийн үйлчилгээний групп) гэрээ байгуулсны ачаар Нигери өрөө хагасалсан аж. Орлогоо зохистой хуваарилж чаддаггүйн дээр Нигерийн эрх баригчид маш буруу бодлого баримталдаг гэнэ.
Хүний хөгжлийн индексээрээ 177 орноос 151-т жагсдаг энэ улсад дэд бүтэц өнөө хэр нь дутагддаг. Хүн амын тэн хагас шахам нь боловсрол эзэмшээгүй аж. 2003-2007 онд эдийн засгийн шинэчлэл хийхээр Үндэсний эдийн засгийг хөгжүүлэх стратеги (NEEDS) хэмээх сүржин нэртэй хөтөлбөр боловсруулжээ.
Үүний ачаар ахуйн хэрэглээний цэвэр усны хомсдол, эрчим хүчний найдваргүй хангамж, усалгаа, авлига, хувийн салбарыг хөгжүүлэхэд саад болж байсан тотгорыг арилгах зэрэгт бага ч атугай ахиц дэвшил олсон хэмээн үздэг аж. Гэхдээ Засгийн газар нь хөтөлбөрийн дүнд долоон сая ажлын байр шинээр бий болж, эдийн засгийг төрөлжүүлж, аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн бүтээмжийг дээшлүүлнэ хэмээн найдсан боловч гавьтай үр дүнд хүрээгүй байна. Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хүн арддаа анхан шатны боловсрол олгох хэрэгтэй хэмээн тэмдэглэжээ. Түүнчлэн ядуурал, өлсгөлөнг багасгахаас гадна эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж, ДОХ/ХДХВ зэрэг өвчинтэй тэмцэх шаардлага тулгарчээ.
Гэхдээ Нигерийн зэрэглэл тогтмол дээшилж буй агаад “Transparency International” компаниас 2001 онд хийсэн судалгаагаар 180 орноос 147-д бичигдэж, байраа ахиулжээ. Эднийд хөгжих боломжтой салбар уг нь хөдөө аж ахуй. Гэвч буруу менежмент, Засгийн газрын тогтворгүй, ядмагхан бодлого, дэд бүтцийн хөгжил муутайн харгайгаар энэ сектор ДНБ-ий 26.8 хувийг, ажиллах хүчний гуравны хоёрыг л бүрдүүлдэг аж. Нэгэн цагт какао, газрын самар, каучук, дал модны тосны экспортоор толгой цохидог байсан эл улсын хөдөө аж ахуйн салбар хоцрогдсон сорт, олон жилийн настай мододтойгоо адил хөгширчээ. Түүнчлэн Африктаа хамгийн олон шувуутай аж ахуй эрхэлдэг орон байсан ч ганцхан жилийн дотор 18 сая шувуугаа алдсан байна. Нигерийн газар эзэмших тогтолцоо нь хөрөнгө оруулалтыг цааш түлхдэг аж.
Нэгэн цагт Африкийг хангаж байсан Нигерийн хөдөө аж ахуй хүн амын өсөлтөө гүйцэлгүй, өдгөө дэнжигнэж буй хүнсээ импортын бүтээгдэхүүнээр чүү чамай хангаж байна. Нигерийн газрын тосны одоогоор тогтоогдсон нөөц нь 35 тэрбум баррель, байгалийн хий нь 2800 шоо.км. Ирантай адил ОПЕК-ийн гишүүн эл орон өдөрт 2.2 сая баррелийг олборлодог аж. АНУ Нигерийн газрын тосны хамгийн том хэрэглэгч бөгөөд нийт бүтээгдэхүүнийх нь 40 хувиар хэрэглээнийхээ 10 хувийг хангадаг.
Хөрөнгө оруулалт муу байдгийнх нь нэг шалтгаан эдний хэт өндөр татвартай холбоотой аж. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар татвараа бууруулж буй аж. Нигерийн албан ёсны гадаад өр 28.5 тэрбум доллар байсан бөгөөд түүний 75 хувийг Парисын Клубын гишүүн орнуудад тавьжээ. Засгийн газрын зардал хэт өндөр тусдаг тул хэрэглэгчийн үнийн индексийг үлэмж хөөрөгддөг гэнэ. 2000 оны дөрөвдүгээр сард бараг үгүй болоод байсан инфляц тухайн оны эцэс гэхэд 14.5 хувьд хүрч, 2001 оны наймдугаар сард бүр 18.7 хувь болж гаарсан байна.
Дэлхийн хүмүүнлэгийн тусламжийн болон санхүүгийн байгууллагаас эднийд байнгын хандив, тусламж өгч, төсөл хэрэгжүүлдэг. 2005 оны аравдугаар сард л гэхэд Дэлхийн Банк 19 төслийг зэрэг хэрэгжүүлж байсан бөгөөд үүндээ 1.87 тэрбум доллар зарцуулжээ. Ер нь тус улс 1961 онд энэ байгууллагад нэгдсэнээсээ хойш 120 гаруй төслийг хэрэгжүүлж, үр шимийг нь хүртсэн аж.
URL: