… миний ижийдээ очих томилолт

lhagvasurenЭдлэн

“Үхэл бидэн хоёр
Эхийн тунамал дунд цуг үүссэн
Эсэнлэх тэр үүрээр цуг хашгирсан
Морины нуруунд
Хоёр талаас нь цуг ассан…
Айлд хоёулаа хамт бууж
Амрагийн уруулыг үхэл бид хоёр хувааж үнссэн
Зовлонгийн оромж миний толгой
Зоргоороо үхэлтэй дэр хувааж
Там диваажин хоёрын элч үхэл
Тал бие шиг минь хамт оршсон
Амьдын гал “аа” омгоороо
Үхлийг би дарладаг байсан
Алгуурхан тэр дотроос минь
Үгүй болоход минь дурладаг байсан
Би хэмээгч нэгэн бие
Бурхан чөтгөр хоёрын
Буйлж эзэгнэсэн эдлэн болсон
Намайг хүн болгож ургуулаад
Над дээр бас юм болгон тарьсан
Учрыг олохын дон над дээр ургасан
Ухаан ургасан
Урт амьдрахсан гэсэн тэнэг зөн ургасан
Үнэн сайхан ханийн өлмийд
Үхэж алдах хайр ургасан
Үрээ гэж санаа богшиж
Үйлээ эдлэх үүрэг ургасан
Хагацлын нулимстай жимс
Халуун сагсуу бодол ургасан
Хүнд байдаг юм болгоныг
Хүглийтэл над дээр тарьсан
Өөд болсны минь дараа
Өт мартахуй хоёр миний ургацыг хураана
Буруутай зөвтэй орчлонд би
Бурхан, чөтгөр хоёрын эдлэн явсны
Мөнх, мөнх бус хоёрын
Мөчөөрхөл тэгээд дуусна
Үхэл – миний хамгийн хуучин хагацал
Үхэл – миний ижийдээ очих томилолт …

Бавуугийн Лхагвасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих