Шатахууны үнэ өссөнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нар асуулга тавилаа
Бензин шатахууны үнэ өссөнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нар ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод асуулга тавьсан байна. Шатахууны үнэ нэмэгдсэний улмаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, нийтийн тээврийн үйлчилгээний үнэ өсөөд байгаа нь нийгэмд хямрал үүсгэж эхэллээ. Гишүүд сайдад тавьсан асуулгадаа:
-Автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийн учир шалтгааныг холбогдох лавлагаа, судалгааг үндэслэн бодитой тайлбарлах,
-Оросын Холбооны Улс 2011 оны 8 дугаар сараас хойш нефтийн бүтээгдэхүүний үнэ болон экспортын гаалийн албан татвараа нэмээгүй байхад шатахууны үнийг хэдэн удаа, хэдэн төгрөгөөр нэмсэн талаар,
-Автобензин, дизелийн түлшний үнэ нэмэгдсэн шалтгаан нь ам.долларын ханш нэмэгдсэнтэй холбоотой нь үндэслэлтэй эсэх,
-Нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд Өрсөлдөөний тухай хуулийг зөрчин үгсэн хуйвалдаж давамгай байдлаа хууль бусаар ашиглан тодорхой шалтгаангүйгээр үнээ нэмэх асуудал ихэсч байна. Өрсөлдөөний тухай хуульд үгсэн хуйвалдаж, зохиомлоор хомсдол үүсгэн бараа, бүтээгдэхүүний үнийг хууль бусаар нэмсэн бол олсон орлогыг хурааж, орлогын 4 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах хуулийн заалт байдаг. Энэ хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар
-Автобензин, дизелийн түлшний үнэ нэмэгдсэнээр бүх төрлийн бараа, үйлчилгээний үнэ нэмэгддэг. Харин нэмэгдэхдээ шатахууны үнийн өсөлтийг далимдуулж үнийн хөөрөгдөл бий болгодог. Үүнийг таслан зогсоох талаар,
-Алслагдсан болон төвийн бүс нутгийн шатахууны үнийн ялгаа их байдаг. Энэхүү үнийн өсөлтөөс шалтгаалан алслагдсан бүсийн шатахууны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ? Эрчим хүчний 1 Кв-ын өртөг бүс нутгаас хамаарч ялгаатай байдаг ч бид улсын хэмжээнд ижил үнээр худалддаг тогтолцоог бий болгож чадсан тул шатахууны үнийг энэ жишгээр ижил байлгах талаар,
-Үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн ач холбогдол бүхий автобензин, дизелийн түлшийг төр тодорхой хэмжээгээр хяналтдаа байлгах шаардлага сүүлийн үед гарч байна. Цаашид энэ асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хэрхэн зохицуулах, түүнчлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хийж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсье гэсэн байна.
URL: