“Хамарын хийд”-ийг зорьсон сүсэгтэн олны цуваа ихэсчээ
“Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн заслаа хийлгэхээр Хамарын хийдийг зорьсон сүсэгтэн олны цуваа ихэсчээ.
Хийдийн захиргаа сүсэгтэн олонд зориулж шинийн 15-ныг дуустал өдөр бүр Их соёмбот Өвгөн суварга болон Цогчин дугандаа Лүйжин хурж байна. Мөн хол ойроос зочилсон хүмүүс заслаа хийлгэхээр очер дугаар үүсгэж байгаа бол зурхайч ламын өрөө сүсэгтэн олны хөлд дарагджээ.
Бүрханы номд шинийн 15-ны дотор багтаан заслаа хийлгэвээс эдгээр өдөр уншуулсан ном, үйлдсэн буян хэдэн зуун сая живаа болон үрждэг гэж үздэг тул хүмүүс чухалчилж заслаа хийлгэдэг аж.
Хамарын хийд нь говийн тавдугаар дүрийн догшин ноён хутагт Лувсанданзанравжаагийн байгуулсан хийд орон газар бөгөөд энд энергийн төв, 108 агуй, мөөм овоо зэрэг шашны зан үйлийн болон түүхэн дурсгалт газрууд байхаас гадна говийн хутагтуудын сүнсийг оршоосон хүслийг гүйцээгч Ханбаянзүрх хайрхан ойрхон бий. Сүсэгтэн олон Хамарын хийдэд заслаа хийлгэж Ханбаянзүрх хайрханд хүслээ шивнэдэг.
URL: