Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан, одоо С.Зоригийг хөнөөсөн хэрэг задрах уу?
Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн аймшигт хэрэг гарснаас хойш 21 дэх жилтэйгээ золгож байна. ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн 2015 онд Орхон аймгийн иргэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг аллагын гүйцэтгэгч хэмээн баривчилж, гурван шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялаар шийтгэсэн ч захиалагчийг зарлаагүй.
Захиалагчийг илрүүлээгүй атал гүйцэтгэгчдийг ялласан, хэргийн цорын ганц амьд гэрч болох талийгаачийн эхнэр Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсээр байгаа ч оны өмнөхөн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Шүүхийн шийдвэр эцсийнх учир хэрэг хаагдсан. Хэн ч шүүж ярих эрхгүй” гэж мэдэгдсэн. Гэтэл үүний дараахан буюу 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан гэсэн мэдээлэл гарсан даруйдаа шинэ жилийн баярын сүрд дарагдан замхарсан юм.
Түүнтэй хамт гүйцэтгэгч гэх үндэслэлээр шүүхээр шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэр “Ц.Амгаланбаатарын амаар хэрэг үүрүүлж хэлмэгдүүллээ” гэсэн гомдлыг байнга тавьдаг.
Тэгвэл “хаагдсан хэрэг” эргээд задарч магадгүй. Учир нь өнгөрсөн сарын сүүлчээр /2019.01.24/ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо С.Зоригийг хөнөөсөн хэргийн ажлын хэсгийг тараах чиг үүргийг өгчээ. Ингэхдээ ямар нэг шалтаг, шалтгаан дурдалгүй Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/- ын Мөрдөн байцаах хэлтсээс ажлын хэсэгт орж ажиллаж байсан 12-13 мөрдөгчийг ажлаас нь халсан гэсэн мэдээлэл гараад байгаа.
Хэрэг хаагдаж, ажлын хэсэг байх шаардлагагүй гэж үзээд тараасан уу гэвэл тийм биш бололтой. Энэ талаар чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү салбарын сайдаас лавлаж байсан. Ямартай ч салбарын сайд өмнөх ажлын хэсгийг тараасан ч дахин шинээр бүрдүүлж байгаа, ингэхдээ дан цагдаагийн байгууллагын мөрдөх албаныхныг цуглуулжээ. Тэгэхээр хэргийг хаагаагүй, цааш үргэлжлүүлэн шалгана гэсэн үг. Шинээр ажлын хэсэг бүрдүүлж гаргаж байгааг нэг талаас хэргийн талаар шинэ нөхцөл байдал үүссэн гэж ойлгож бас болох юм. Нөгөө талаас ажлаас халагдсан ТЕГ-ын мөрдөх албаны ажилтнуудаас гурван хүнийг сар шинийн баярын өмнөхөн 48 цаг саатуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл зарим цахим хуудсуудад гарч байсан. Тухайн үед УИХ-ын даргыг сонгох, томилох асуудал ид яригдаж байсан учраас нийгмийн анхаарал тийшээ чиглэж, дээрх үйл явдал олон нийтийн чихнээс гадуур өнгөрсөн байх талтай юм.
Өчигдрийн байдлаар тэднийг саатуулах, шалгах хугацааг сунгасан эсэх нь тодорхойгүй байна. Иймд ЦЕГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Манай байгууллагаас саатуулсан, шалгасан зүйл байхгүй” гэв. ТЕГ, Нийслэлийн прокурорын газраас тодруулах гэсэн боловч хариу өгсөнгүй. Албан бус эх сурвалжуудын зүгээс 13 хүнийг бүгдийг нь саатуулсан байж болзошгүй, харин холбогдох газрууд мэдээллийг нууцалж байгаа гэцгээж байна.
Түүнчлэн мөрдөх албаны нэр бүхий алба хаагчдад мөрдөх ажиллагааг буруу явуулсан, гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн талаар мэдээлэл задруулсан гэх гурван үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж магадгүй байгаа гэнэ.
Зууны мэдээ
Л.Бэх
URL: