Монголын шинэ экспорт

913

Гадаадад түр болон урт хугацаагаар амьдрах, эсвэл цагаачлах нь зөвхөн Монголд биш, дэлхий нийтээр түгээмэл үзэгдэл болжээ. Улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хямралд өртсөн Венесуэлээс гэхэд л эдүгээ хүн амын арван хувь буюу гурван сая иргэн нь гадаадад дүрвэсэн, ирэх жил 2 саяар нэмэгдэх гэнэ ээ. Эдийн засаг, улс төр, хувь хүний хүсэл зэрэг олон шалтгаантай, дэлхий нийтийн түгээмэл болсон энэ үзэгдлийг ардчилсан улс оронд хэн ч хүчээр зогсоож чадахгүй, боломжгүй. Энэ нүүдлийг ухаалгаар удирдах сорилт Монгол улсад тулгарлаа.

Их нүүдлийн гол шалтгаан

Монгол 3.2 сая хүнтэй, түүний 4.5 хувь нь гадаадад амьдарч байна. 2017 онд Гадаад Харилцааны Яамнаас гадаадад сурч, ажиллаж буй иргэдийн тоог гаргажээ. Дэлхийн 67 оронд 144,566 буюу Баянхонгор, Булган аймгуудын хүн амтай тэнцэх тооны монголчууд гадаадад амьдарч байна. Үүнээс 18 хүртэлх насны 23,990; 18-аас дээш насны суралцаж буй 25,986; албан ёсоор хөдөлмөр эрхэлж буй 26,697 хүн байгаа ажээ. 2018 онд Монгол улсын харьяатаас 490 хүн татгалзжээ.

Гадаадад амьдарч буйн шалтгааныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ажилгүйдэлтэй холбон тайлбарладаг ч бодит шалтгааныг дэлгэрэнгүй судлаж, ангилах шаардлагатай.

Хамгийн гол шалтгаан нь Монгол улсын эдийн засагтай холбоотой. Иргэд амьдралаа авч явах хэмжээний орлоготой ажил олох боломжгүй, хувийн бизнесээ эрхлэх орчин нөхцөл байхгүй байна. Төр засаг дахь авлигаас болоод шударгаар өрсөлдөх боломжгүй, зээлийн хүү өндөр, татварын дарамт ч их. Монголбанкны мэдээлснээр 2018 онд хувь хүнд олгох банкны зээлийн дундаж хүү жилийн 18, аж ахуйн нэгжид бол 15.5 хувь байна. Бизнес эхлэхэд шууд л татвар авдаг, бусад орон шиг татварын чөлөө олгодоггүй. ЖДҮ-ийг дэмжих төсвийн хөрөнгийг нь хууль тогтоогчид өөрсдөө авчихдаг болжээ. Бас салбарынхаа сайдын компанитай хэн өрсөлдөж чадах билээ.

Дараагийн том шалтгаан бол нийгмийн асуудал. Иргэд ажилгүй учир ядуу, ядуу учир бухимдалтай байна. Нийслэлийн нийтийн эзэмшлийн газруудыг хотын дарга нар нь хуваагаад авчихсан учир замын түгжрэл нь нийгмийн хөгжлийг гацаах боллоо. Хүн амын хагас нь буй нийслэл хотын агаарын бохирдол нь өдрийн цагаар урд талын машин харагдахгүй түвшинд очжээ. Олон мянган хүүхэд утаанд хордон нас барж байна. Энэхүү түгжрэл, хорт утаа, нийгмийн шударга бус явдал газар авч иргэдийн бухимдал тэнгэрт хүрч, ирээдүйдээ итгэх нь навс унаж байна. Нийгмийн шударга бус байдал ямар ч үнээр хамаагүй хурдан баяжих хүслийг өдөөж байна. Ихэнх иргэд гадагшаа явахыг хичээх болов. Өмнөд Солонгост одоо 46 мянган монгол хүн амьдарч буйгаас тал нь хууль бусаар, тэдний хагас нь ажил хайж байна.

Гурав дахь бүлэг шалтгаан бол гадаадын өндөр хөгжилтэй оронд сурч боловсрох, эсвэл эрүүл мэндийн үйлчилгээ авах, аялаж жуулчлах урсгал юм. Мөн гадаадын иргэдтэй гэр бүл болж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

Үр дагавар

Монголд бараг өрх бүрээс хэн нэгэн нь гадаадад ажиллаж, ар гэрээ тэжээж байгаа. Дэлхийн Банкны тайлангаар гадаадаас Монгол руу 2010 онд 266 сая доллар шилжүүлж байсан бол 2018 онд 332 сая доллар болсон нь ДНБ-ий 2.7 хувьтай тэнцжээ. Монголд бүтэн жилд олдог орлогоо Солонгост хоёр сар биеийн хүчний ажил хийгээд олчихдог гэлцэнэ. Татварын мөнгөөр дарга нар нь, хамаатныхаа мөнгөөр иргэд нь тансаглаж байна.

Энэ их нүүдлээр Монгол улс оюуны чадавхтай, эрсдэл даах чадвартай, ид залуу хөдөлмөрийн нөөцөө экспортлож байгаа нь нийгэмд сөрөг нөлөө авчирч, олон айл “хагас гэр бүл”-тэй болоод байна. Эх, эцгийнхээ аль нэггүйгээр хүүхдүүд өсч, гон биеэр залуу насаа өнгөрүүлж байгаа эцэг эхчүүд олон болов. Гадаадад ажиллагсад ихэвчлэн нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлэгчид, эсвэл ид хийж бүтээх насны залуус байна. Энэ байдлаараа бол Монгол улс хөдөлмөрийн нөөцийн хомсдолд орж, хэт баян цөөхөн гэр бүл болон эмзэг ядуу бүлгийнхэн л үлдэх шинжтэй.

Их нүүдлийн эерэг үр дагавар гэвэл монголчууд гадны орноос өндөр боловсрол, өөр соёл, гадаад хэл, технологи сурч биет бус хөрөнгө оруулалт хийгдэж байгаа явдал. Мөн эмнэлэг, боловсрол, нийтийн тээврийн үйлчилгээний ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулж байгаа юм.

Их нүүдлийн цувааны эерэг, сөрөг талыг харьцуулан, алсын хараатай, ухаалаг аргаар чиглүүлэх шаардлага бидний өмнө тулгараад байна.

Ухаалаг бодлого

Зарим хүмүүс гадаадад амьдарч, эсвэл цагаачилж буй иргэдийг нүд үзүүрлэж, шууд буруутгаж байна. Тэгэхийн оронд тэднийг илүүтэй ойлгох, төр засаг нь шалтгааныг нь судлаж, урт хугацаандаа шийдэх аргаа олох учиртай.

Дээр дурдсан эерэг болон сөрөг талуудыг ухаалгаар удирдаж эерэг талыг нь өргөтгөж, өгөөжтэй ашиглах, гадаадад байгаа иргэдээ түлхэх биш, татах бодлого гаргаж, хэрэгжүүлэх цаг болжээ. Энэ ажлыг юуны өмнө гуравдагч хөршийн бодлогоор зохицуулж, тэдгээр орны иргэд болсон монголчуудад давхар иргэншилтэй байхыг зөвшөөрөхөөс эхлэж болох юм.

Дараагийн чухал алхам бол соёлын буюу зөөлөн хүчний бодлого. Монгол хүн гэдэг нь юуны түрүүнд Монгол хэлээ эзэмшихийг хэлнэ. Гадаадад байгаа хүүхдийг хэлээ сурахад нь бүх талаар туслаж дэмжих шаардлагатай байна. Эх эцэг нь гэртээ ядаж монголоор ярьж хэвших, унших, сонсох үлгэрийн номоор бүрэн хангах, ашиглахыг нь урамшуулах хэрэгтэй байна. Хүүхдүүд хоёр унаган хэлтэй байж өрсөлдөх чадвартай болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Монголчууд олноороо амьдарч буй улсуудад суугаа элчин сайдын яамдууд, консулын газрууд энэ талаар онцгой анхаарч, идэвх санаачилгатай ажиллах цаг болжээ.

Гадаадаас иргэдээ буцаж ирүүлэх оролдлого хийж байсны жишээ бол 2011 онд Сү.Батболдын Засгийн газраас хэрэгжүүлсэн Зөгийн үүр, 2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын баталсан Дэлхийн Монголчууд хөтөлбөрүүд юм. Төр засгийн цөөн хэдэн албан тушаалаас өөр ажил олгож чадаагүй, хувийн бизнес хийхэд нь чиглэл, боломж өгөөгүй, татварын бодлогоор дэмжээгүй учир олон тоогоор хүмүүс ирээгүй, эдүгээ зарим нь буцаад гадагшаа явсан байна.

Одоогийн нөхцөлд бид том том бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхээс илүүтэйгээр бага, багаар итгэл олох үйл ажиллагаа явуулах нь зохистой. Тухайлбал төр засгаас бодлогоор ажиллах хүч явуулж байгаа бол, буцаад ирэхэд нь ямар ажлын байр бэлэн байхыг бодолцох хэрэгтэй. Япон руу олноороо явсан залуучуудад тухайн мэргэжлийн Японы  сертификат авах боломж олгох, буцаад ирэхэд нь Монголд сурсан чиглэлээрээ ажиллах боломж олгоход анхаарна гэсэн үг.

Нөгөө талаасаа гадаадад амжилттай ажиллаж буй хүмүүсийн жишээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их гаргадаг шигээ, Монголдоо ирээд амжилттай ажиллаж буй жишээг түлхүү харуулах хэрэгтэй байна.

Д.ЖАРГАЛСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих