Ж.Галбадрах: Шатахууны үнийг 100-400 төгрөгөөр бууруулах боломжтой
Анхны нефтийн үйлдвэрийн өлгий нутаг хэрнээ Дорноговь аймаг шатахууны үнийн өсөлтөөрөө өдгөө дээгүүрт ордог. Саяхан аймгийн ЗДТГ-аас энэ талаар холбогдох судалгаа, дүгнэлт хийж цаашдын бодлого зорилтоо тодорхойлж байгаа аж. Энэ тухай аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрахтай ярилцлаа.
-Сүүлийн таван жилд тус аймагт бензин түлшний үнийн талаар хийсэн судалгаа тань ямар дүр төрхийг харуулав?
-Энэ чиглэлээр хийсэн статистик судалгаагаар аймгуудын төвд борлуулагдаж буй шатахууны үнийн хувьд улсын хэмжээнд хамгийн өндөр үнэтэй шатаахуун хэрэглэдэг эхний таван аймагт манайх багтаж байна. Бусад аймагтай харьцуулахад Дорноговь дахь нөөцөөс бензинээ авдаг Сүхбаатар, Өмнөговь аймаг авто цистернээр бензинээ зөөдөг хэр нь 40-70 төгрөөр хямд борлуулдаг. Улаанбаатар хот манай аймгийн шатахуунаас даруй 200-240 төгрөгөөр хямд шатахуун хэрэглэдэг судалгаа гарсан.
Тэр ч байтугай зэргэлдээ Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын шатахуун манай аймгийнхаас 30-120 төгрөгөөр хямд байна. Мөн адилхан төмөр замын тээвэртэй Дархан-Уул, Орхон аймаг 180-240 төгрөгөөр хямд байгаа.“Петровис”, “Шунхлай” зэрэг шатахуун импортлогчид бүтээгдэхүүнээ шууд “Рос-нефть”-ээс ачаад Сэлэнгэ аймаг, төмөр замаар дамжсаар манай аймагт ирдэг. Гэтэл үнэ нь манай аймагт харьцангуй өндөр байдаг. Энэ бол зах зээлийн эдийн засагт байж боломгүй шударга бус өрсөлдөөн. Уг нь манай аймагт дэд бүтэц, төмөр зам сайн хөгжсөн.
-Манай аймаг амьжиргааны өртөг өндөртэй аймгийн тоонд ордог. Энэ нь түлш шатахууны үнийн өсөлттэй хамааралтай байх нь ээ?
-Хамааралтай байлгүй яахав. Бараа бүтээгдэхүүний өөрийн өртөг бензин шатахууны үнэ болон тээврийн зардлаа дагаад өсчихдөг. Энэ нь орон нутгийн хөгжилд ч нөлөөлдөг.
-Тэгвэл тус аймагт шатахууны үнэ ийм өндөр байгаа шалтгаан нөхцлийг та юу гэж үзэж байна вэ?
-Нэг вагон цистерн шатахууны тээврийн хөлс 1.3 гаруй сая төгрөгийн өртөгтэй гэсэн. Энэ нь авто цистернээр зөөснөөс ямар нэг хэмжээгээр хямд шүү дээ. Гэтэл манай аймагт шатахууны үнэ буурахгүй байгаа нь монопол байдлын илрэл.
Хатуухан хэлэхэд алслагдсан дэд бүтэц бүхий аймгуудын шатахууны алдагдлыг нөхөж байгаа болхи аргын нэг гэж үзэж болохоор. Ер нь шатахууны үнийн зохицуулалтын зөв бодлого үгүйлэгдэж байгааг харуулж байна.Нөгөө талаар шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө байгууллага төдийлөн үр өгөөжтэй ажиллаж чадахгүй байна.
-Та бүхэн судлагааны үр дүнгийн талаар цаашид ямар бодлого чиглэлтэй ажиллах зорилттой байна вэ?
-Бид аймагтаа шатахууны үнийг бууруулж улсын дунд түвшинд хүргэх асуудлаар шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газарт санал хүсэлтээ хүргүүлсэн. Өдгөөг хүртэл хариу ирүүлээгүй л байна.Аймгийнхаа хэмжээнд шатахуун борлуулдаг дөрвөн аж ахуйн нэгжийн салбарын удирдлагуудтай уулзаж бензин шатахууны үнийг тодорхой хэмжээгээр бууруулах асуудлаар ярилцаж саналаа хэлсэн. Үнэндээ шатахууны үнийн асуудлыг дээд удирдлага нь шууд мэддэг учир орон нутгийн салбарын эрхлэгчид өөрсдөө мэдээд үнээ өсгөж бууруулах эрхгүй.
Гэхдээ бид орон нутийнхаа түвшинд ярилцаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-ноос бензиний үнийг 30 төгрөгөөр бууруулж одоо А-80 1520, А-92-1730, ДТ-1850 төгрөгөөр борлуулж эхэлсэн. Түүнчлэн “Сод монгол” группын салбар удахгүй нээгдэж, бензин шатахууны үнийг бууруулахад зохих нөлөө үзүүлэх байх. Энэ байгууллагад аймгийн удирдлага хямд өртөгтэй шатахуунаар үйлчлэх асуудлыг тавьж газар өгч үйл ажиллагаа явуулахыг нь дэмжсэн шүү дээ.
-Үнэ эрэлт нийлүүлэлтээс хамааралтай байдаг шүү дээ.
-Тийм ээ. Манай аймагт оны эхний гурван улиралд 1.4 сая литр шатахуун борлуулсан судалгаа байна лээ. Жил ирэх тутам хүн ам өсч, авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна. Тэгэхлээр эрэлт хэрэглээ их байгаа гэж хэлж болно. Энэ нь үнийн зохицуулалт хийх боломжтой гэж ойлгодог.
-Та бензины үнэ 30 төгрөгөөр буусан гэж мэдээлсэн. Гэтэл ийм хямдрал амьдрал дээр мэдрэгдээгүй, таксиныхан үнээ дуртайгаараа хэлж, худалдаа үйлчилгээнийхэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өдөр ирэх тутам өсгөөд байна гэж иргэд бухимдалтай байх юм?
-Одоохондоо шатахууны үнэ хямдарсан ч шатахуун маань үнэтэй байна гэсэн үг. Цаашид 100-400 төгрөгөөр бууруулах боломж байгаа. Бид энэ асуудлыг бодлогоор зохицуулж зөв голдиролд оруулахад гол анхаарлаа хандуулж үр дүнд хүргэх болно.
Б.Пэрэнлэй
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: