ЗГХЭГ-ын дарга Эрдэнэт үйлдвэр болон ЖДҮХС-гийн материалтай танилцаж эхэлжээ
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсан даруйдаа Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэр болон ЖДҮХС-тай холбоотой асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдсэн билээ.
Тэрбээр ЗГХЭГ-ын дарга нартай уулзаж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Хөгжлийн банкны бондын мөнгөний зарцуулалт гэх мэт олон нийтэд хүлээлт үүсгээд байгаа арваад асуудал дээр төвлөрч ажиллана гэдгээ хэлсэн.
Түүний хэлсэн үг ажил хэрэг болж эхэлж байна. Тухайлбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудтай өнгөрөгч Баасан гарагт уулзаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, маргааш буюу хоёрдугаар сарын 12-нд танилцуулахыг үүрэг болгохын зэрэгцээ бондуудын эргэн төлөлтийг шалгах гэж буйгаа мэдэгдсэн.
Харин үүнээс илүүтэй Эрдэнэт үйлдвэрийн асуудал болон мартагдах тийшээ хандаад байгаа ЖДҮХС-гийн асуудалд хэзээ анхаарч эхлэх вэ гэдэг хүлээлт олон нийтэд бий.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулсан юм.
Тус хэлтсээс өгсөн мэдээллээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч амралтын өдрүүдэд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой материалуудтай нэг бүрчлэн танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн байна.
Мөн зөвхөн ЖДҮХС гэлтгүй бүх тусгай сангийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, дундаж давхаргад зориулагдах чиглэлд анхаарч ажиллаж байгаа гэлээ.
URL: