Үндэсний тагнуулын алба хорт хавдрын “машин” болсон уу

Оросын улс төрийн “Правда” сонины шинжээч Любов Лулко тун сонирхолтой таамаг дэвшүүллээ. Түүний өгүүлснээр Латин Америкийн удирдагчид 18 сарын давтамжтай хорт хавдар тусах болжээ. Тухайлбал, Фернандо Луго, Луйс Инасио Лула Да Сильва, Уго Чавес, мөн Кристиан Фернандес Де Кирчнер энэ жагсаалтад багтана. Эдгээр нь Парагвай, Бразил, Аргентин, Венесуэлийн Ерөнхийлөгч нар төдийгүй тэд ямар нэгэн байдлаар хорт хавдраар өвчилдөг. Хамгийн сүүлийн жишээ бол Уго Чавес юм. Түүнээс барууны эрх баригчид шинэ зэвсэг туршиж, үзэл бодлын өргөн хүрээний “хаанчлал” бий болгох оролдлогоос шууд эмээсэн.

Магадгүй, түүнийг ийм үйлдэл гаргаж эхэлсэн учраас АНУ-ын Үндэсний тагнуулын алба (СIA) уламжлал болсон үхлийн аргаа Уго Чавест хэрэглэсэн байж болзошгүй аж. Бүх л улстөрчид улс төрийн тавцанд “амьдрахдаа” заавал сөрөг хүчин, өрсөлдөгч, үзэн ядагчтай болж хувирдаг. Энэ хууль дан ганц нэг улсын хувьд эсвэл тив, дэлхийн хэмжээнд илэрдэг. Тэр ч утгаар Латин Америк тив нь АНУ, Европтой улс төрийн тавцанд мөнхийн хасах, нэмэх цэнэгийн хоёр туйл болон оршсоор иржээ. Харин тус тивийн удирдагчдыг шууд үхлийн аргаар бус химийн ямар нэгэн замаар хорт хавдрын өвчлөлөөр үгүй хийх аргыг Үндэсний тагнуулын алба зохион байгуулдаг юм биш биз. Жишээ татъя.

Хорт хавдартай Ерөнхийлөгчдийн эхлэл

Эхнийх нь, 2010 оны наймдугаар сард ердөө 60 нас ч хүрээгүй Парагвайн Ерөнхийлөгч асан Фернандо Луго байв. Тэрбээр тархины хавдар тусч, Сан Паулогийн Асункины эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Уг нь тэрбээр 2008 онд Ерөнхийлөгчийн албанд сонгогдсон бөгөөд таван жилийн хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэх байжээ. Ингэснээр тэрбээр Парагвайн төрийн эрхэнд томилогдсон хоёр дахь хорт хавдартай Ерөнхийлөгчөөр нэрлэгджээ.

Эрх баригч хүчин АНУ-аас харааат байх албагүй

Удаах тохиолдол Бразилийн удирдагч Луйс Инасио Лула Да Сильва өнгөрсөн оны аравдугаар сард залгиур хоолойн хорт хавдраар өвчлөв. Үүнээс есөн сарын дараа эрх мэдлээ өнөөгийн Ерөнхийлөгч Дильма Руссефт шилжүүлэн өгчээ. Эмч нар түүний өвчний зовиур ямар төвөгтэй болохыг сайтар ойлгуулсан. Учир нь залгиур хоолойн хорт хавдар туссан хүн ярих бүртээ дуу нь суларсаар эцэстээ юу ч хэлж чадахаа больдог байна. Хэрэв Лула Ерөнхийлөгчийн албаа удаан хашсан бол бүс нутаг дахь түүний нэр нөлөө улс төрийн тавцанд чухлаар тооцогдох байжээ. Мөн түүнийг өвчнөөсөө ангижирч чадвал эргэн Ерөнхийлөгчийн албанд сонгогдох боломж 75 хувьд хүрч байсан. Нэг үгээр хэлэхэд, Лулад ард түмэн нь итгэдэг байж. Тэрбээр Латин Америк, Бразилыг холбосон эдийн засаг, нийгмийн хүчирхэг капитал бүрдүүлж чадсан цөөхөн удирдагчийн нэг. Лулагийн ажлын гараа 2003 2010 он хүртэл хэдхэн жилийн дотор үргэлжилсэн юм.

Тэр бол хамгийн том төлөөлөл, хамгийн шийдэмгий нэгэн

АНУ болон Европын улсуудтай хамгийн таагүй харилцаатай байдаг Венесуэлийн удирдагч Уго Чавест хорт хавдрын дараагийн “буухиа” ирлээ. Тэрбээр өнгөрсөн оны долоодугаар сард хорт хавдар туссан гэдгээ улс орон даяар албан ёсоор зарласан билээ. Түүний үзэл бодол АНУ-ын эсрэг хэрхэн чиглэдгийг дэлхий нийт тодоос тод мэднэ. АНУ-тай олон жилийн турш хүйтэн харилцаатай ирсэн Гаванатай өнгөрсөн оны долоодугаар сард урт, удаан хугацааны түншлэлийн гэрээнд гарын үсэг зурж байжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр Кубийн удирдагч Рауль Кастротой хамгийн ойр ажилладаг. Эдүгээ Латин Америкийг нэг бүхэл тив болгохын төлөө тууштай тэмцэж буй удирдагч бол Уго Чавес. Аль 1999 оноос Венесуэлийн парламентад доод кабинетын гишүүнээс эхлэн Ерөнхийлөгчийн суудал хүртэл алба хашиж яваа тэрбээр тус улсын удирдагчаар гурвантаа улиран сонгогдсон. Магадгүй Латин Америк дахь АНУ-г тууштай эсэргүүцдэг хамгийн том субьект Венесуэл байж болох.

Тив дамнасан зах зээлийн сөрөг талыг мэдээлсэн нь

Мөн л хорт хавдраар өвчилсөн 58 настай Аргентиний удирдагч Кристина Кирчнер. Түүнийг бамбай булчирхайн хорт хавдартай хэмээн оношилжээ. К.Кирчнер энэ сарын эхэнд хагалгаанд орохоор бэлтгэж байна. Ээлжит хорт хавдартай удирдагчийн тоонд багтсан тэрбээр АНУ-ыг эсэргүүцэж, хэд хэдэн мэдэгдэл хийснээрээ нэрд гарчээ. Улмаар Аргентиний Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг. Тэрбээр улиран сонгогдсоны дараа АНУ-ын пүүс, корпорациудын тив дамнасан бохир зах зээлийг нэг нэггүй дэлгэсэн. Удалгүй хорт хавдар тусч, эдүгээ үүрэгт ажлаасаа буух дээрээ тулжээ.

Уго Чавес эдүгээ хорт хавдрын улмаас шаналж яваа. Гэвч тэрбээр үүний цаад талын сүүдрийг олж харсан ч байж мэднэ. Тэрбээр саяхан мэдэгдэл хийхдээ “Латин Америкийн улстөрчид хэзээ ч АНУ-д таалагдаж байсан удаагүй. Тэр ч утгаар нэгдсэн улсын алуурчид биднийг мөшгисөөр ирсэн. Улс төрийн тавцанд тэднийг зүгээр орхихгүй байх нь бидний авах ёстой алхмын нэг” гэсэн юм. Тэрбээр Кубийн удирдагч асан Фидель Кастрагийн амь насыг үгүй хийхээр оролдож байсан Үндэсний тагнуулын албаны олон зуун баримтыг дэлгэсэн. Венесуэлийн алдарт нийтлэлч Луйс Брито Гарси Кубийн удирдагч Фидель Кастрогийн аминд хүрэхээр заналхийлж байсан 900 гаруй захилгат аллагын шинж чанартай баримтыг бичиж тухайн үедээ шуугиан тарьж байжээ. Энэ бүхэн Үндэсний тагнуулын албаны бохир үйл хэрэг байсныг ч ний нуугүй өгүүлсэн байдаг. Фиделийг хороохын тулд навчин тамхинд нь хүртэл хор хийж байсан удаа бий.

Латин Америкийн улсуудад АНУ тааламжтай ханддаггүй. Тэдний Израилыг өөрийн болгосон аргууд тун нарийн ажээ. Тухайлбал, Палестиний эсрэг Үндэсний тагнуулын алба аймшигт аллагуудыг үргэлж зохион байгуулдаг. Энэ бол энгийн зүйл. Харин Латин Америкийг сөхрүүлэх АНУ-ын шинэ зэвсэг хорт хавдар болж хувирчээ. Вашингтон, Өмнөд Америкийн социализмыг нураахын тулд олон төрлийн арга хэрэглэж байсан ч сүүлийн арван жилийн дотор үр дүнд хүрсэн цор ганц зэвсэг бол хорт хавдрын арга хэрэгсэл. Эдүгээ цэрэг зэвсэг, эдийн засгийн дайнаас АНУ татгалзаж, химийн, сэтгэл зүйн, анагаах ухаанд түшиглэсэн биологийн шинэ дайнд тус улс дэлхий нийтийг уриалан дуудлаа. Тэдний эхний бай яах аргагүй Уго Чавесийн “найзууд” байжээ.

Т.Батсугар

Эх сурвалж: “Ниймийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих