С.Жавхлан: Бүтэн жил сандал, ширээ булаацалдаж төр, түмнийг доромжилчихоод юу хийсэн гэж завсарладаг юм
УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.
-Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томиллоо. Г.Занданшатар гишүүн УИХ-ын чуулганы хуралдааныг хэр удирдах бол, та юу гэж бодож байна?
-Тэр хүнээс өөрөөс нь л шалтгаална. Одоо хүмүүс яагаад буруудаад байна гэхээр зөвхөн хов жив, мэдээллээр амьдарч байна. Мэдрэмжтэй байж мэргэн ухааныг сийлэх л хэрэгтэй. Хэчнээн хэцүү бэрх байлаа ч ямар ч зүйлд заавал зөв гарц бий. Түүнийг л олж зөв цэг дээр нь дарах нь чухал. Намаа бодох биш Монголыг бүхэлд нь цээжиндээ багтааж ажиллах цаг үеийн шахаанд орж байна.
-МАН-ын хагаралаас болж төрийн ажил гацаанд орсон. Одоо л буцаад хэвийн ажиллагаандаа орох хандлага ажиглагдаж эхэллээ. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Худлаар явж байгаа хүн хэзээ ч үнэнийг гүйцдэггүй. Үнэнийг үнэн л гүйцдэг. 29 жил Монгол төрийг худлаа нөхдүүд самраад хаялаа. Монгол төр түмэн үнэнээр цангаж байна. Үнэн нэхэгдэж байна, үгүйлэгдэж байна. Одоо худал биш үнэний замд орохгүй хэн боловч үнэний галд шатна. Товч хэлэхэд ийм байна.
-Намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэж чадаагүй олон асуудал үлдсэн. Иймээс ээлжит бус чуулган зарлах нь зүйтэй гэх гишүүд цөөнгүй байна. Та үүнтэй санал нэг байна уу?
-Хуралдах нь зөв. Жилжингээ сандал суудлаа булаацалдаж төр түмнийг доромжилчихоод юу хийсэн гэж завсарладаг юм. Ямар юмаа гийгүүлсэн гэж завсарлах гээд байгаа юм. Ажлаа хийх хэрэгтэй.
-УИХ-ыг тараах саналтай гишүүд бий. Энэ парламент тарах нь зөв үү. Бие даагч гишүүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Ам, ажил хоёр нь тэнгэр, газар шиг зөрүүтэй эл байдал туйлдаа хүртэл үргэлжилбэл тарахаас өөр яахав.
-Энэ парламентийг хамгийн оюуны хоосролтой парламент гэх шүүмжлэл нийгэмд байна. Та үүн дээр юу гэх вэ?
-Энэ буруу мулгуу сэтгэлгээгээ жаахан ч гэсэн мэдрээд засчих болов уу гэж хоёр жилжингээ тархины тураалуудаа, эвэрнүүдээ, шийрнүүдээ гээд л янз янзаар ухааруулах гэж их л үзлээ. Бие нь хар хор, шунал, өсөөр дүүрээд зангирчихсан болхоор ихэнхи нь ухаарч сэхээрэх зайгүй юм шиг байна. Сэтгэлээс нь Монгол ханхалсан, газар шороо, уул усаа хамгаалдаг, ёсоо хүндэлдэг хүмүүстэй болсон цагт Монголын төрд зөв цаг нь ирнэ. Муу бодлоор биеэ хүлчихсэн хүмүүсийн цаг эс хүссэн ч нэгэнт дуусна.
-Та улс төрд ороод урлагаас хөндийрсөн. Цаашдаа урлагт зүтгэж, уран бүтээл гаргах уу?
-Жавхлангийн дуу хоолой тасрахгүй.
Р.Хишигжаргал
24tsag.mn
URL: