Хурдан морь унаж яваад хоёр гараа хөлдөөсөн гэх хүү ХССҮТ-ийн түлэнхийн тасагт эмчлүүлж байна

51

Өчигдөр зургаа, долоо орчим насны хүүхэд хурдан морины уралдааны үеэр хоёр гараа хөлдөөсөн талаар цахим орчимд мэдээлэл тархсан.

Энэ талаар бид Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тодруулахад, “Хоёр гар нь хөлдсөн гэх хүүхэд одоогоор тус эмнэгийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа” гэсэн  юм. Эндээс үзвэл, ямартай ч хурдан морь унаж байгаад хоёр гараа хөлдөөсөн гэх хүүгийн талаарх мэдээлэл үнэний ортой бололтой.

Уг нь өнгөрсөн оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон юм.

Мөн хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс сэргийлэхийг холбогдох Засаг дарга, Хурдан морины салбар хороодын дарга, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн нарт үүрэг болгосон ч он гарсаар 10 настай хүүхэд хурдан мориноос унаж амь насаа алдсан хэрэг намжаагүй байтал Хэнтий аймагт хурдан морины уралдаан зохион байгуулж байгаад хүүхэд ийн бие эрхтэнээрээ хохирсон хэрэг гарсан бололтой.

Дээрх аймагт хурдан морины уралдаан болсон эсэх болон бусад холбогдох мэдээллийн талаар бид эргэн мэдээлэх болно.

Б.Лхам

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих