УИХ-ын 76 дахь гишүүний “марафон” эхэллээ
Хэнтийн 42 дугаар тойргоос 2016 онд УИХ-д сонгогдсон Д.Гантулга ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Тиймээс тухайн тойргийн сонгогчдыг УИХ-д төлөөлөх төлөөллийг сонгох асуудал он дамжин дуншиж байна. Харин намрын чуулганы төгсгөлд парламент Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах, санал авах өдрийг тогтоож, баталлаа. Мөн нөхөн сонгуулийг зохион байгуулахад нийт 282 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс зарцуулахаар төлөвлөв.
Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвших бол 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий албан тушаалтандаа гаргасан байх шаардлагатай юм.
Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтээ гаргаж, энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.” гэж заасан.
Иймд төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвших бол 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий албан тушаалтандаа гаргасан байх шаардлагатай юм.
СЕХ хуулийн дагуу өчигдрөөс УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, сонгуулийн хэсгийн хороо байгуулах, сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах, намууд, нэр дэвшигчдийг бүртгэх зэрэг сонгууль явагдах цаг хугацааны хуваарийг гаргаж эхэлсэн. Иймээс ирэх өдрүүдэд УИХ-д Д.Гантулгыг нөхөж суух гишүүн хэн байх тухай яриа өндрөө авах нь ээ.
П.ГОО
Оллоо.мн
URL: