Өвөр дамжсан хүүхний салалт үнэгүй байдаг

Ардчилсан нам засгаас гарна гэнээ. Нөхрөөсөө саллаа хэмээн айлгаж, хамаг юмаа сандаачин савчиж, хавь ойроор нэг шуугиан болдог ааштай авгай аятай аяглаж буй сурагтай. Битгий салаач ээ, яанаа ийнээ гээд гуйж   гэвэл улам бүр үнэд орон, дуу шуу болдог, харин тоохгүй хаячихвал таарсан бүхэндээ баахан гомдоллож яваад дараа нь эргээд гуйгаад ирдэг, бүр буцааж хөөгөөд ч явдаггүй тийм айлын авгай нар байдаг даа. Салж, нийлэх нь амьдралд байдаг л нэг үзэгдэл боловч нийлэлт, салалт бүрийн цаана асар их хариуцлага, асар том итгэл найдвар байдаг гэдгийг тэд мэддэггүй бололтой. Хүнээр бол гэр бүл салалт гэдэг хамтын зорилго, итгэл үнэмшил, хамтын хариуцлага, хамтын ёс зүй, үнэт зүйлээ нурааж, гал голомт, үр хүүхдээ өнчрөөхийг хэлдэг.

Тэгээд ч монголчууд жаргах цагт өвөрт нялуурч, зовох цагт хаяж оддог хүн чанарын хэлтэрхийг үзэж чаддаггүй хүмүүс. Ардчилсан нам мөнгөтэй хүний өвөрт орж хэвтчихээд, хэрэгцээгээ дуусахаар хаяж оддог биеэ үнэлэгчийн араншингаар амьдарсаар удлаа. Уг нь овоо ухаан сууж засарсан юм болов уу гэтэл яг л хэвээрээ.

2004 оны сонгуулийн дараа МАН тухайн үеийн МАХН-ын өвөрт орж эрх мэдлийн бялуу долоохын тулд Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж, М.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан “УИХ дахь МАХН-ын бүлэг” гээчийг байгуулан шившгээ тарьж байсан удаатай. Монголын байтугай дэлхийн улстөрийн түүхэнд анх удаа, сонгуульд өрсөлдсөн хоёр намын нэг нь нөгөөгийнхөө парламентын бүлэгт гуйж гувшин байж орсон энэ гаж үзэгдэл түүхнээ “бүдүүн бүлэг” хэмээн нэрлэгдэж үлдсэн. Үүнийгээ тэд “улс орны эрх ашгийн төлөө” гэсэн нялуун бөгөөд өнгө муутай уруулын будгаар өнгөлдөг. Дараа нь салахдаа “Ардын намын өвөрт ахин хэзээ ч орохгүй” гэж сүр бадруулан зар тарааж явсан удаатай.

Бас ч гэж хоёр жил тогоог нь барьж, засаг тэргүүлж, хоолтой ундтай явсныгаа мартсан юм шиг л байсан. Удаа ч үгүй 2008 оны сонгуулийн дараа хэдэн сайдын суудал, газар агентлагийн даргын сандлын төлөө нөгөө муу муухайг нь гайхан, хэзээ ч дахин учрахгүй гээд байсан Ардын намынхаа өвөрт өөрөө ороод хэвтчих нь тэр. Тэр ч бүү хэл энэ үйлдлээ “хамгийн шилдэг сонголт”, “түүхэн хавьталт” гэж хавь ойроор нэг ам халсан. Тэгэхдээ нөгөө л “улс эх орны язгуур эрх ашгийн төлөө” гэсэн өнгө муутай нялуун будгаараа уруулаа өнгөлөхөө мартаагүй.

Ардын нам ч яахав, ажлаа урагшлуулж, ачаагаа хөнгөлөхийн тулд ёстой л нүд аниж, шүд зууж байгаад ханилсан даа. Ардын намтай ханилсны хүчинд Ардчилсан намынхан өнгөрсөн гурван жил ажил хийж, ачаа үүрэхээсээ илүү торгонд хөлбөрч, тосонд өнхөрснийг нүд чихтэй бүхэн мэдэж л байгаа. Одоо тос, торго хоёрт бялуурсан бололтой “сална” хэмээн сүржигнэв. Салж болно оо, гэхдээ учир бий. Анх ханилахдаа ингэж ингэж ажиллаж амьдарна гэсэн гэрээ, ам тангаргаа бичсэн “гэрлэлтийн батлах”-аа яах билээ. Ард нь аятай тухтай, эвтэй найртай амьдрахсан гэж хүсч байгаа ард олноо яах билээ, учир их бий.

Үнэхээр л улс орны язгуур эрх ашиг, ард түмнээ боддог юм бол эрх мэдлийн хэдэн суудал авах ирээдүйн сонгуулийн дүн чухал биш баймаар юм. Зовсон ч, жаргасан ч хамтдаа туулна гэж амласан үгэндээ эзэн байх зангараг, жудаг гэж нэг юм байдаг даа. “Саллаа” гэсэн үгийнх нь дүйвээнээр мах, шатахуунаас эхлээд өргөн хэрэглээний барааны үнэ хаданд гарч, ам.долларын ханш улам чангарч, төгрөг шалан дээр уналаа. Нөгөө улс эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн сүржин үг чинь хаачаав.

Ард түмэн ядарч, ядуурч, улс орны хөгжил уруугаа харсан тогтворгүй байдал бий болох нь ирэх сонгуулиар авах албан тушаалын хэдэн суудлаас чинь үнэтэй гэж үү.
Ханилж явсан нөхрөө хаана хаяхыг нь харах л үлдлээ дээ, Ардчилсан намаас.

Д.ДАНЗАН


URL:

Сэтгэгдэл бичих