Долдугаар сарын 1-ний хэргээс Ц.Мөнх-Оргилыг сугалах нь “улстөр” үү?!

“Хар мягмар гараг” хэмээн нэрлэгдсэн 2008 оны долдугаар сарын 1-ний  үймээний асуудал гурван жил хагасын дараа эргэн хүчтэй сөхөгдөж байгаа нь ихээхэн дуулиан дэгдээгээд байна. Учир нь урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдахыг цээрлэдэг монгол ёсыг эрхэмлэгчдийн бухимдлыг хүргэж, асуудлыг өөрөөсөө зайлуулах гэсэн ядруухан, явцуухан хэсэгхэн улстөрчдийн шидсэн чулуу тухайн цаг үед үйлээ эдэлж, үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн дарга нар руу чиглэснээс үүдэлтэй. Учир нь цагдаагийн байгууллагад ажилладаг хэн ч байсан өөрийн дураар шийдвэр гаргаж, ажиллах боломж нөхцөл хаагдмал. Даргын тушаал, шийдвэрээр үүрэг даалгавар авч, улс эх орныхоо болон иргэд олон нийтийн амгалан тайван байдлыг хангахын тулд  өөрийн гэр бүлээ мартан ажилладаг. Цаг наргүй ажиллах нь цагдаагийн алба хаагчдын хувьд  хуульчилж заагдаагүй ч өдөр тутмын ажлын хэмнэлийн нэг хэсэг. Тийм учраас 365 хоногийн 300-д нь бэлэн байдалд ажилладаг цагдаагийн алба хаагчид одоогоос гурван жил хагасын өмнө төрд өргөсөн тангарагтаа үнэнч байж, даргаас өгсөн үүргийг биелүүлсэндээ буруутан болоход хүрээд байгааг юу гэх вэ.

Олон зүйлийг сөхөж гаргахаас илүүтэй эдүгээ сонгууль угтаж асуудал босгосон долдугаар сарын 1-ний хэрэг гэгчийн эргэн тойронд үүсээд байгаа асуудлыг сөхөх нь зүйд нийцэх байх. Ингэхдээ хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон өнөөдрийн УИХ-ын зөөлөн сэнтийд залрагч Ц.Мөнх-Оргил гишүүнийг тодотгох нь зүйд нийцэх билээ. Учир нь 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр амиа алдсан дөрвөн иргэний үхэлд тухайн үед дарга нараас шууд өгөгдсөн цагдаагийн  үүргийг биелүүлсэн цагдаагийн алба хаагчдыг шууд утгаар буруутган хэлмэгдүүлэх өнгө аяс илт анзаарагдах болсон. Гурван жилийн хугацаанд гурван ч удаа зүйл ангийг өөрчилж, яллахыг завдсан энэ хэрэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргилын буруутай үйл ажиллагаа багагүй байгааг иргэд мэддэг, ярьдаг. Гэтэл иргэдээс “тасархай” амьдрагч улс төрчид, хуулийн байгууллагынхан, шүүх прокурорынхон энэ талаар огт сөхөж ярихгүй, мэдэн будилах нь гайхал төрүүлэх болов.
Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Ганболд өнгөрсөн онд  сонинд өгсөн ярилцлагадаа “2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг монголчуудын хувьд эмгэнэл байсан юм” хэмээн тодхон өгүүлсэнийг жирийн иргэд мартаагүй. Тийм ч учраас өнөөдөр энэ эмгэнэлийг бий болгоход багагүй түлхэц болсон улс төрчдийг холбогдох хариуцлагыг үүрэхийг шаардаж, хүлээж, харж байгаа. Харин иргэдийн энэ хүлээлтийг өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон шийдвэр гаргах төвшний албан тушаалтнууд хэрхэн шийдвэрлэх нь нэн чухал. Түүнээс хэсэг бусаг хүмүүсийг улс төрч нэрийн дор уснаас хуурай гаргаж, нөгөө л нохойд барьдаг мод шиг болсон хэдэн цагдаа нарыг буруутган, хэлмэгдүүлж, шоронд хориод өнгөрүүлэхийг даанч хүсээгүй гэдгийг онцлох нь зүйтэй санагдана.
Тийм учраас УИХ-ын гишүүн, Харвардын их сургуулийг дүүргэсэн хэмээгддэг эдүгээн МАН-ын бодлогоор хүмүүжүүлэн “тодруулан” гаргаж ирсэн Ц.Мөнх-Оргилд тодорхой хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны хэрэг юм. Нөгөө талаар Ц.Мөнх-Оргил нь өнөөдөр монголын улс төрд туршлага багатай шинэ улс төрч биш болсон. Гадаад хэргийн яаманд атташегаас ажлаа эхэлж байсан энэ эрхмийн нам дагасан улс төрийн албан тушаал нь Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчийн газар, “Собл ассошиэтс” хуулийн пүүс болон “Мөнх-Оргил Идэш ба Линч” компанид хуульч, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Гадаад хэргийн сайд, УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан, үүрэг хариуцлага бүрэн даах чадвартай, өгсөн үүргээ мартан үүлгэрдэн самуурдаг хат нь харьсан хөгшин улс төрчдөөс ангид хүн гэдгийг сануулах ч хэрэггүй билээ.

Ц.Зоригт


URL:

Сэтгэгдэл бичих