Угаартай Улаанбаатарчууд урдах замаа харахгүй байна
Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсээр хичнээн ч жилийг ардаа орхив доо. “Агаарын бохирдол хэрээс хэтэрлээ”, “Нийслэл хотын утаа гамшгийн хэмжээнд хүрч байна” хэмээх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр алгасахгүй гарч байна.
Гэтэл энэ нь зарим нэгэн албан тушаалтнуудад таалагдахгүй байгаа бололтой. Арга ч үгүй биз “Утаанд бас дахин утаанд” гэж жил бүр төсөвлөдөг төрийн мөнгө дээрх албан тушаалтнуудын халаасанд ордог хойно. Манай улсад одоогоос 20-иод жилийн өмнөөс утааны бизнес цэцэглэж эхэлсэн түүхтэй. 2001 оноос эхлэн БОЯ эсгий гэрт тохирсон утаа бага гаргадаг түлш хэмнэдэг зуухны төсөл хэрэгжүүлж энэ ажилд нэг сая ам.доллар зарцуулан БНСУ-аас “Ёнтан” гэх зуухыг оруулж ирсэн.
Ингээд Нисэх Яармагийн айлуудад үнэгүй тараагдаж эхэлсэн. Үүнээс хойш утаагүй, түлш хэмнэдэг гэх зуухууд ар араасаа бүтээгдэж өдгөө “Хас”, “Өлзий” “Дөл” гэх мэтээр үргэлжилж байна. Гэвч энэ олон жил өнгөрчихөөд байхад нийслэлийн утааг бууруулах бус нэмэгдүүлэх төсөл л амжилттай хэрэгжсээр байх шиг. Тэгсэн атлаа жилээс жилд утааг бууруулах мөнгөн төсөл нэмэгдсээр байгаа нь тун хачирхалтай.
Жилийн жилд төсөвлөгддөг хамгийн ойрын хоёр жилийн төсвийг эргэн нэг харъя л даа. Утаа багасгана хэмээн цээжээ дэлдсэн бизнесменүүд төрөөс төвөггүйхэн мөнгө сааж нэгэнт сурчээ. Тэд 2010 онд гэхэд гурван тэрбум, 2011 онд 6.2 тэрбум төгрөгийг салгаж салхинд хийсгэжээ. Салхинд хийсгэх ч юу байхав дансандаа хийгээ биз. Энэ мөнгөний 850 сая төгрөгийг утаагүй зуухны тендерт зориулсан байх юм. 2010 онд утааг бууруулах зорилгоор үртэсний хоёр үйлдвэрт 400 сая, шахмал түлшний үйлдвэрт 523 сая, 36 сая төгрөгөөр 1000 айлд дулаалга, 100 өрхөд тогоор халдаг хөшиг зэргийг суурилуулжээ.
Энэ мэт ажилд нийт нэг тэрбум 560 сая төгрөгийг ямар ч үр дүнгүй зарцуулсан байх юм. Энэ 2012 онд ч бас утааг бууруулах төсвийн мөнгө хэдэн тэр бумаараа нэмэгдэх нь дамжиггүй. Төсвийн мөнгө түмнийх биш юм уу. Төсвийн мөнгийг үргүй зарцуулж, түмэн олныхоо хоолойг утаагаар боомилж буй “утааны хэрэгтнүүд”-д ямар нэгэн шийтгэл, хариуцлага тооцох цаг болсон.
Д.ЗОРИГТЫН ЗУУХ ИРГЭДИЙН ЗОВЛОНГ НИМГЭЛЖ ЧАДАХ УУ
Айл өрхүүдэд хүчээр шахуу тарааж буй “Хас”, “Өлзий”, “Дөл” зуух нь үнэхээр түлээ нүүрснийхээ мөнгийг дийлэхгүй даржин амьдралтай нэгний зовлонг нимгэлж чадах уу гэвэл бас л асуудалтай. Эхнээсээ авахуулаад гэр, байшинтайгаа дэлбэрч гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд авсан. Тэгээд албаны хүмүүс нь үүнд тайлбар өгөхдөө “Иргэд зуухаа хэрэглэж мэдэхгүй, чадахгүй байна” гэх.
Тийм л юм бол салбарынх нь сайд Д.Зоригт та өөрөө айл өрхүүдээр яваад ингэж хэрэглэнэ шүү гээд заагаад өгвөл яасан юм бэ. Энэ чинь таны ирэх сонгуулийн сурталчилгаа болох шаггүй санаа юм биш үү.
УТААГААР АМЬСГАЛСАН УРАГ ХҮН БОЛЖ ТӨРНӨ ГЭДЭГ ЗҮҮНИЙ ҮЗҮҮР ДЭЭР ТОГТОХ АРВАЙ БУУДАЙ АДИЛ
Улсдаа төрөлтөөрөө тэргүүлдэг амаржих газарт өнгөрсөн жил 9000 гаруй хүүхэд мэндэлсэн ч тэдний 800-гаад нь нярайн өвчтэй төржээ. Тэдний 300 гаруй нь дутуу төрсөн гэсэн эмгэнэлтэй тоо байна. Эдгээр дутуу төрсөн хүүхдүүдийн 50 хувь нь уушгины эмгэгтэй гэх оноштой байна. Оношны цаад шалтгаан нь өнөөх л утаа. Улсын клиникийн төв эмнэлэгт төрсөн эхчүүдэд ч энэ мэт хүүхдээ алдах аймшигт зовлон байсаар байна.
Үндэсний аюулгүй байдалтай харшилж байгаа утаанд жил бүр эрүүл мэнд, эх орныхоо ирээдүйг хиар цохиулсаар байна шүү дээ. Тэгэхээр одоо цагт эхийнхээ хэвлийд олдож, утаагаар амьсгалж буй ураг энэ хорвоод хүн болж төрнө гэдэг зүүний үзүүрдээр тогтох ганц ширхэг арвай адил болоод байна. Саяхан Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэн, Дээж судалгааны төвийнхний хамтран агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйд судалгаа хийжээ.
Агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын айл өрх, автомашинаас ялгарах хорт утаа гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл эрүүл мэндийг хэрхэн доройтуулж байгааг тэр бүр анзаардаггүй нь харамсалтай. Агаарын бохирдол бага насны хүүхдийг хоолойн үрэвсэл, бронхит, астам зэрэг түмэн төрлийн өвчинтэй болгоод зогсохгүй сургуулийн насны хүүхдийн өсөлтийг зогсонги байдалд оруулж оюуны чадамжид сөрөг нөлөө үзүүлдэг болжээ. Мөн сүүлийн үед эрчүүдийн нөхөн үржихүйн чадварт нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Мөн жирэмсэн эхийн урагт нөлөөлж, төрөлхийн гажигтай хүүхэд мэндлэх болсон байна.
Г.МӨНХБАЯР ДАРГА ТА ӨӨРИЙНХӨӨ БАЙРНЫ ХАЛААЛТЫГ ТАСЛУУЛААД ГЭР ХОРООЛОЛД ХЭСЭГ АМЬДАР…
Өнгөрсөн жил хотын дарга захирамж гаргаж гэр хорооллын айл өрхүүдийг түүхий нүүрс түлэхийг нь хориглочихсон. Бүр дүүрэг, хорооноос нь ч хөөх шийдвэр гаргалаа. Бизнес эрхлэгчдийн толгойг илж, иргэдийнхээ голомтыг хүртэл “самарч” байгаа хачин жигтэй шийдвэрийг иргэд нь дуугүй хүлцэн зөвшөөрч өнөөх шахааны зуухуудыг нь авч зарим нэг нь гэр оронтойгоо, хүртэл тэсэрч, дэлбэрсэн.
Тэгвэл зүй нь ядарсан амьдралтай гэр хорооллынхныг түүхий нүүрс түлэхийг нь хориглох болсон юм чинь өөрийнхөө халуун дулаан орон сууцны халаалтыг ч бас хориглох шийдвэр гаргах ёстой байсан юм. Гэр хорооллын иргэдийн яаж амьдарч байгааг мэдэхгүй байж ийм шийдвэр гаргана гэдэг увайгүй хэрэг. Гэр хорооллын иргэд хашаандаа байгаа 00-доо тухтайхан ч хүндэрчихэж чаддаггүйг Г.Мөнхбаяр дарга та мэдэх үү.
Учир нь бие засахын хооронд нүд, хоолой нь хорсож амьсгалахын эцэсгүй болоод л тэр. Үүнийг дэгсдүүлсэн гэж бодох хэрэггүй. Бидний бодит амьдрал ийм л байна. Гэр хорооллын ихэнх айл өрх түүхий болон шахмал түлш түлдэг. Бүр шуудай, машины дугуй гээд шатаж болох бүхий л зүйлийг түлшиндээ хэрэглэдэг. Зуны улиралд орон сууцандаа, эсвэл цэвэр агаартай гаднын орнуудад аялж зугаалж, утаатай өвөлд нь “Шаргаргалжуут”, “Шадивлан”, “Гүнт”, “Нүхт”-ийнхээ зусланд муурнаас айсан хулгана адил хөеөндөө нуугдчихдаг эрхмүүд минь дээ үүнээсээ ичих цаг болсон байлтай.
Утаа гээч зүйл өнөөдөр үндэсний аюулгүй байдалд хүрчихээд байхад төр засгийн удирдлагууд энэ бүхэнд итгэхийг ч хүсэхгүй байгаа бололтой. Ямартаа л 340 гаруй сая төгрөгийн өртөгтэй агаарын бохирдлыг хэмжигч явуулын станц гээчийг авчирч суурилуулж байх вэ дээ.
Монголчуудын эрүүл мэндтэй холбоотой энэ утааны асуудал сүүлийн хэдэн жил албан тушаалд улайрагсдын нэр төрөө өсгөх шоу, мөнгө саах арга хэрэгсэл болсон гэхэд нэг их хилсдэхгүй. Тиймээс нэн даруй утаанд урдах замаа харахгүй яваа Улаанбаатарчуудаа бодооч төр засгийн өндөрлөгт цэвэр агаараар амьсгалагчдаа…
Н.Далай
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: