Сарын турш цагаан хоол идэж, сая төгрөгийн ууц тавих нь
“Махсах” гэдэг өвчинд монгол нэрвэгдэх нь
Махны үнэ тэнгэрт хадаж хот суурин газрынхан цагаан хоолонд орох дээрээ тулж байх шиг байна. Дэлхийд нэг хүнд ногдох малынхаа тоогоор тэргүүлдэг монголчуудын бие
организмд гэнэт өөрчлөлт орж махны дутагдалд орсноор амь насаа алдлаа гэвэл нүдний булай болно биз. Гэхдээ л энә үе ойрхон байна. Хавар яагаа ч үгүй байхад махаар дутаж, хавчигдаж байсан түүх өнөөг хүртэл байсангүй. Харин өнөөдөр махны нэгэн шинэ түүх эхэлж байх шиг. Айлын авгайчууд хүнсний зах дээр толгой, цувдай булаацалдан хэрэлдэж, гэрт нь хүүхдүүд элэг уушги булаацалдан уйлалдах дүр зураг олширлоо. Нэг үгээр хэлбэл “махсах” гэдэг өвчин шинээр нэмэгдэх үүд хаалга нээгдэж байна.
Өнгөрөгч оны мал тооллогоор Монгол Улс 40 гаруй сая малтай болжээ хэмээн зарлаж өмнөх оныхоос 10 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Энэ их тоо үнэн л юм бол яагаад махны үнэ өсөөд байна вэ. Малчид нь хагартлаа баяжих гээд малаа үнэтэй зараад байна уу гэвэл бас ч үгүй бололтой. Тэгвэл махны ченж нар хэтэвчээ зузаалах арга механизм хийж үнийн хөөрөгдөлт хийгээд байна уу гэвэл тийм биш аж. Махны үнийн хөөрөгдөлт дээрээсээ бодлоготойгоор ийнхүү огцом өсч байгаа гэнэ. Тухайлбал өнгөрсөн хавар “Бирж” гэгч зүйл байгуулж банкнаас хүүгүй шахам мөнгө авсан нөхдүүд хавар туранхай мал худалдан авч таргалуулаад намар нөөцийн бэлтгэл, экспортын махыг бэлтгэдэг ажээ.
Үүнээс үүдэн нэг килограмм мах таван ам.долларын үнэд хүрч байгаа гэнэ. Үндэсний бүтээгдэхүүн нь ингэж өсдөг орон Монголоос өөр хаана ч байдаггүй. Ийнхүү нийслэлчүүдэд үхсэн малын сэг ч олдоход бэрх болоод буй нь дээрээ хор найруулж доош нь шидсэнтэй шууд холбоотой гэж олон хүн ярьж байна. Энэ нь оргүй зүйл ч биш байх. Өнөөдөр ХХААХҮЯ-ны салбар хариуцсан мэргэжилтнүүд юу бодож, оройн хоолондоо ямар мах хэрэглэж суугаа юм бол гэдгийг таахад бэрх.
Манай сурвалжлах хэсэг өнгөрөгч баасан гаригт махны үнийн хөөрөгдөлт хаанаас үүдэлтэйг олж тогтоохоор “Хүчит шонхор”, “Хар-Хорин” болон зарим томоохон хүнсний дэлгүүр, үйлчилгээний газрууд Эмээлт, Лүн чиглэлийн ченжүүдтэй уулзсан юм. Харин нэг килограмм махны үнийг сонсоход монголчууд махнаас гарсан нь дээр мэт санагдана. “Хүчит шонхор” зах дээр үхрийн мах 5500, хонь 4800, адуу 3800, ямаа 4200 төгрөгөөр худалдаж байна. Зарим үед үхрийн гуяын цул мах 6000 хүрч байгаа тухай ч махны худалдагчид ярьж байсан.
Монголчуудын махны хэрэглээ жил ирэх тутам 3000 тонноор нэмэгдэж буй талаар холбогдох мэргэжилтнүүдийн судалгаа гаргажээ. Тухайлбал өнгөрсөн онд 177.3 мянган тонн байсан бол энэ онд 180.6 мянган тонн мах хэрэглэх аж. Харин ирэх онд 183.8 мянган тонн мах хэрэглэнэ гэсэн тооцоо гарчээ. Үүнээс авч үзвэл 40 гаруй сая малтай манай улсад дээрх хэмжээний махыг боломжийн үнээр худалдан авч болмоор санагдах юм.
Ууцны мах 320 мянгатай байна, яах вэ
“Хүчит шонхор”-ын захын үйл ажиллагаа нь төрийн нууцад хамаардаг бололтой. Уг нь иргэд мах ямар үнээр худалдан авч буй талаар хэн нь ч очоод сурвалжилж болмоор юм. Гэтэл бид очоод гуйж, гувшиж байгаад л хэдэн зураг дарах зөвшөөрөл авсан. Зөвшөөрөлгүйгээр зураг дартал зурагчинг маань нэг худалдагч эмэгтэй арай л зодсонгүй. Тэнд махны ариун цэвэр сахина гэдэг ойлголт мартагджээ. Түрдэг тэргэнд ачсан махыг нааш, цааш нь зөөх зуураа хүний нус, шүлс хаясан цементэн талбайд унагаад буцаан ачих нь энгийн үзэгдэл. Эл байдлыг гаднын хүний нүдээр харвал хүний хоол хүнсний зориулалттай бус нохойны хоол худалдаалдаг зах гэж эндүүрмээр санагдана.
Машин болон чингэлэгт хураасан махан дээгүүр бохир гутлаараа гишгэчхээд юу ч болсон шинжгүй “Тарган сайхан мах хямдхан зарж байна шүү” хэмээх нь биднийг доромжилж байх шиг санагдаж байлаа. Энэ муухай орчноо харуулахгүй гэж л амь тэмцэн уурлаж зураг даруулахгүй гээд байсныг ухаарсан юм. “Max шулааны газар заавал цагаан халаад, улавчтай ордог” гэж зэмлэх худалдагчийн үгнээс зөрөн байж ортол хир даг болсон шалан дээр махаа хаячихсан, хутга барьсан хэдэн залуу үхэр хонины мах шулж байв. Үнэн чанартаа хүнсний ариун цэвэр гэдэг юм үнэндээ алга. Биднийг хорьж цагдаад хэл ам хийгээд оруулахгүй байгаа нь төрийн нууцын тухай сурвалжлага хийх гэж зүтгэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байв.
Тус захад гэрээтэй лангуу ажиллуулдаг ченжээс гадна зарим аймгаас малчид ирж талбай түрээсэлдэг юм байна. Нэг лангууны түрээсийн дундаж үнэ сард 95 мянган төгрөг байдаг аж. Харин малчид гадаа машинтайгаа зогсоход өдөрт 5000 төгрөгийн татвар өгдөг гэнэ. Мэдээж хэн хэн нь амьдралын төлөө зүтгэж, өөрт буй чадвараа ашиглаж буй нь тодорхой. Гэхдээ махны үнийг хэн хаана хөөрөгдөж, хэн өөгшүүлээд байна гэдэг нь сонирхолтой. Энэ жил цагаан cap хийхгүй байвал яасан юм бэ гэж ард иргэддээ уриалмаар санагдсан. Учир нь ууцны махыг өнөөдрийн байдлаар 140-320 мянган төгрөгөөр худалдаалж байна.
Энэ байдлаар сарын турш цагаан хоол идэж цагаан сараар нэг сая төгрөгийн ууц тавих нь ээ. Ер нь ууцаар тахил засна гэдэг монголчуудад хий дэмий гарз мэт. Нэг сая орчим хүн амтай нийслэлийнхний хагас нь ууц тавилаа гэхэд 500 мянган хонь нядална. Тэгээд гурав хоног найрлаад л өнгөрнө. Ингэж шап дэмий их зардал гаргах хэрэг байна уу. “Хүчит шонхор” ч гэлтгүй бусад захуудад ялгаагүй махны үнэ өндөр байсан юм. Өндөр үнэтэй махыг хайрлаж, нямбайлаад байдаггүй бололтой. Хаа сайгүй л бохир гараар барьж хогон дунд өнхрүүлэх ажээ.
“Мах”-аар мөнгө хүүлэгч нь хэн бэ
Оюутан хүүхдэдээ хэдэн төгрөг залгуулах гэсэн Лүнгийн нэг малчин сумынхаа төвд буй ченжүүдэд малаа зарна. Нэг хонины гулууз килограмм нь 2200 төгрөг. Малын махыг худалдаж авсан ченж Эмээлт өртөөн дээр 2700 төгрөгөөр зарж 500 төгрөгийн ашиг унагана. Эмээлтийн махны ченж “Хүчит шонхор” захын ченжид 3500 төгрөгөөр өгч 800 төгрөгийн ашиг харна. “Хүчит шонхор”-ын ченж бусад зах болон дэлгүүрүүдэд 4500 төгрөгөөр өгч 1000 төгрөг унагана. Тухайн махыг худалдаж авсан хүн цааш нь үйлчлүүлэгчдэд 5500 төгрөгөөр өгч өөрийн цэвэр орлогоо хардаг ажээ.
Ийнхүү малчны хотоос хөдөлсөн ганц гулууз мах хоол хийх эзэндээ очиход 5500 төгрөг болдог ажээ. Махны үнийг хөөргөж, өсгөж өөрсдийн санаанд орсон үнэ хэлж зардаг хүмүүс бол “Хүчит шонхор” захын цөөхөн хэдэн ченж байдаг юм байна. Тэд зөвхөн алсын ченжүүдээс ч мах аваад зогсохгүй нөөцийн махны дээж буюу тарган, өөхтэйг нь шилээд авчихдаг гэнэ. Үүний дараагаар нөөцийн мах борлуулах цэгүүдэд чөмөг, далаар нь цахилгаан хөрөөгөөр тасдаад хаячихсан хэдэн туранхай мах очдог ажээ. Монголчуудын нэрэлхүү зан үүнд нөлөөлж хүний нүдэнд чинээлэг харагдахыг хүсээгүй ч туранхай мах авч чаддаггүй. Ингээд нөөцийн мах биш ченжийн үнэтэй махаар хоол хийх болдог.
Хариуцагч яам тамгын газар нь махны хөөрөгдөлтийг барьж чадахгүй болоод хэлгүй хүн шиг байна уу эсвэл өөрсдөө махны ченж хийгээд байна уу гэдэг нь хачирхалтай. Уг нь дотоодын хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа махныхаа үнэ ханшийг судалгаа гаргаж үзээд тогтоогоод өгчихөж болмоор л санагдах юм.
Экспортын махны үнэ хямд. Харин дотоодынх үнэтэй
Монголчууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй махыг харьцангуй өндөр үнээр худалдан авч байна. Экспортын мах эрүүл ахуйн бүхий л шаардлагыг хангаж, савласан хэр нь үнийн хувьд хямд байдаг. Бид нэг килограмм махыг дунджаар 4.7 ам.доллар худалдан авч байгаа. Тэгвэл гадаадын орнуудад үхрийн нэг килограмм махыг 3.7, хониных 3.5, адууных 2.6 ам.доллараар экспортолдог байна. Манай улсаас ОХУ, Киргиз, Казахстан, Иран, Вьетнам, Хятад орон мах авдаг. Шинэ оны өмнөх байдлаар ОХУ-д үхрийн хөлдүү мах 2995.6, адууны мах 2071.5, Киргизэд хонь, ямааны мах 20, адуу 135.2, Казахстанд үхрийн хөлдүү мах 414.9, Иранд хонь ямааны мах 264, Вьетнамд хонь, ямааны 221 тонн махыг тус тус экспортлоод байгаа аж.
Өнгөрөгч онд 20 гаруй мянган тонн мах экспортод гаргасан байна. Энэ мэтчилэн гаднын оронд монгол малынхаа махыг дотоодын үнээс харьцангуй бага үнээр худалдаалж байгаа нь хэнд ашигтай вэ. Гэхдээ энд мах экспортлохыг буруушаасангүй. Харин дотооддоо хямд, гадагш нь өндөр үнэтэй гаргавал зохих юм шиг. Манай улсад махны үнэ хэт өсөх болсон шалтгааныг ченж болон хэрэглэгчид нөөцийн махтай шууд холбоотой хэмээн үзэж байна. Жил бүр мах нөөцлөөд байгаа ч махны үнэ төдийлөн буурдаггүй. Мөн нөөцөлсөн мах нь сайн чанарын мах байдаггүй нь нууц биш.
Гэтэл нөөцийн мах бэлтгэдэг компаниуд махны үнийг өсгөж нөөцөлсөн махнаас аль тарганаас нь худалдаанд гаргадаг гэнэ. Харин зөрүүд нь туранхай, чанаргүй гэгдэж лангуун дээр үлдсэн махыг бөөндөж аван нөөцийн мах болгодог гэх. Тиймээс нөөцийн мах задрахдаа өнгө үзэмж, өөх нүнжгээрээ сэтгэлд нийцдэггүйг хүн бүхэн мэднэ. Учир нь нөөцийн махыг бүрдүүлэхэд улс хүлээн авч лацдадгүй. Мөн хэдэн тонн мах нөөцөлсөн, түүнээс хэд нь худалдаанд гарсныг шалгадаггүй гэнэ. Энэ нь тухайн этгээдүүдэд мөнгө угаах боломж олгодог бололтой. Ер нь мах нөөцөлнө гэдэг шал дэмий ажил бөгөөд хэсэг бүлэг хүмүүсийн бизнесийн арга гэдгийг ченжүүд хэлж байсан.
2011-2012 онд нөөцийн махны урамшуулалд зориулж нийт найман тэрбум төгрөг төсөвлөсөн нь бий. Үүнээс Улаанбаатар хотод нөөцөлсөн 12 мянган тонн маханд зургаан тэрбум төгрөг, Дархан хотод нөөцөлсөн мянган тоннд 450 сая төгрөг, Эрдэнэт хотод нөөцөлсөн мянган тоннд 438 сая төгрөг, бусад аймагт нөөцөлсөн 100 тонн маханд 50 сая төгрөгийг тус тус тусгасан байна. Энэ жилийн хувьд улсын хэмжээгээр 12 мянган тонн мах нөөцлөх бөгөөд үүнээс тус салбарын томоохон компаниуд болох “Жаст агро”, “Max импэкс”, “Тэнгэр трейд” тэргүүтэй 20 гаруй компани бэлтгэж байгаа.
Сурвалжилсан: В.Нэргүй, М.Наранболд
URL: