“Парламентын спикер”-ыг тоталитар дэглэмийн үеийн АИХ-ын тэргүүлэгчдийн даргатай адилтган хуульчилсан нь том алдаа болжээ
Удамшлын өвчинд нэрвэгдсэн органик хуулиудын балаг
Батлагдаж, мөрдөгдсөөр ирсэн Үндсэн хуульд оруулсан “Нэмэлт ба өөрчлөлтүүд”-ийг олон улсын жишгээр “Үндсэн хуулийн хуулиуд” гэж нэрлэдэг. Харин “яг үндсэн хуулийнхаа үг үсэг, үзэл санааны дагуу” боловсрогдож батлагдсан гол хуулиудыг (жишээ нь УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Дээд шүүхийн тухай хууль гэх мэт) органик хуулиуд гэдэг.
Тахин шүтэгдсэн нэг удирдагч, тахин шүтэгдсэн нэг намын уламжлал бүхий, хөгжлөөр сул, ардчилсан төр, засгийн талаар мэдлэг, мэдээлэл багатай Монголын нийгмийн хувьд “хуучны эрч, инерци, удамшлын өвчин” хэд хэдэн нөхцөл, хүчин зүйлээс хамаараад эхэлж Органик хуулиудад, хожуухан нь Үндсэн хуулийн хуульд тусаж архагшин үлдсэн байна.
1992 онд сонгогдсон УИХ-ын гишүүд бараг бүгдээрээ МАХН-ын гишүүд байв. Тэд бол “өмнөх АИХ, АИХ-ын Тэргүүлэгчид, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга”-ын талаар л мэдлэг, мэдээлэлтэй хүмүүс байжээ.
Парламентын засаглал, Хагас парламентын хагас ерөнхийлөгчийн засаглалын нөхцөлд тохирох УИХ чухамдаа ямар хуультай байх учиртайг хөөрхийс яаж ч мэдэх билээ. МУИС-ийн хуулийн анги төгсөгчид багштайгаа (гавъяат хуульчид!) хамтраад ч, дээр нь тэр үеийн УИХ-ын гишүүд олон өдөр хэлэлцээд ч чанартай хууль баталж чадсангүй. Энэний балгаар л уг хуулинд УИХ-ын гишүүд даргаа сонгож чадах, харин чөлөөлж, огцруулж үл чадах хийдэл гарчээ.
1992 оны үндсэн хуулийн төсөл боловсруулахад биечлэн оролцсон хүмүүсийг ядаж л гол, чухал органик хуулиудын төсөл дээр дайчлан ажиллуулах ёстой байв. Эс тэгснээс бүх органик хууль тоочиж барамгүй дутагдал, хийдэл агуулсаар байна.
Шинэ үндсэн хуульд нэмэлт ба өөрчлөлтүүд оруулахдаа ч мөн л төсөл боловсруулахад оролцсон хүмүүсийн санал авах учиртай байлаа. Тэд чинь 1990 оны XI сарын 16-наас 1992 оны I сарын 13-ныг хүртэл бүтэн 14 сар шинэ үндсэн хуулийн төсөлтэй “ноцолдож”, онол болоод практикийн чамлахааргүй бэлтгэлтэй болсон хүмүүс шүү дээ! Гэтэл одоо “мөнхүү төслийг хэлэлцсээр хэвээр нь шахуу баталсан депутатууд л ажлын голыг нугалсан хүмүүс” мэтээр гайхуулан ярих болчихжээ. Тэд ажлын голыг нугалах нь битгий хэл өнөөдөр ч гэсэн шинэ үндсэн хуулиа бүрэн, зөв ойлгохгүй яваа эрхмүүд шүү дээ… Телевизээр ихэд мэдэмхийрэн ярих болгонд нь өмнөөс нь ичих, улайх юм.
Доголдол, дутагдал, хийдэл бүхэн яг хэрэг дээрээ бол Үндсэн хуулиндаа биш органик хуулиудад л байгаа билээ. Органик хуулиуд маань үндсэн хуулийнхаа үг үсэг, үзэл санааны шууд үргэлжлэл, тодорхой илрэл, оновчтой тусгал болох хэмжээнд боловсрогдож чадаагүйг миний бие 1992, 1993 онд холбогдох гол хүмүүст тааралдах болгондоо анхааруулж хэлдэг, бүр заримтай нь ам муруйдаг ч байлаа. Тэд “туршиж үзсээр, явц дунд нь зассаар төгс төгөлдөр болгочихноо” л гэцгээдэг байв.
Хуучин тогтолцооны үед намын шугамаарх дээд албан тушаал нь МАХН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, харин төрийн дээд албан тушаал нь БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга байлаа. Энэ хоёр албан тушаалыг Ю.Цэдэнбал давхар хашдаг, АИХ-ын Тэргүүлэгчдийн даргыг БНМАУ-ын ерөнхийлөгчтэй адилтган үздэг байв. Тиймээс ч 1984 онд Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчид нь түүнийг БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар үлдээх гэж оролдсон билээ. Тэрээр мөн БНМАУ-ын Батлан хамгаалах Зөвлөлийн дарга байв. Цэрэг, арми, хүчний байгууллагууд бүгд л Ю.Цэдэнбалын дохио, зангаагаар ажиллаж байжээ.
Т.Рагчаа 1984 оны 8-р сард амралтаас дуудагдаж ирэх замдаа Ю.Цэдэнбалтай уулзаж “нэгэн зурвас” бичүүлж авсан байв. Тэр нь Ю.Цэдэнбалыг БНМАУ-ын төрийн тэргүүнээр (АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар) үлдээх хувилбар, санал байжээ. Гэвч Т.Рагчаа нууц төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж 1984 оны 8-р сарын 17-нд Е.И.Чазовын хамт Москва явахдаа ч, мөн НТХ-ны бүгд хурал, АИХ-ын чуулганд оролцохдоо ч өнөөх бичгийн талаар ам нээгээгүй юм. Өөрөө огцрох үедээ л уг бичгийг гарган ирж НТХ-ны архивд хадгалуулжээ…
Ардчилсан төр, засгийн үеийн парламентын спикерийн албан тушаалыг тоталитар дэглэмийн үеийн АИХ-ын даргын албан тушаалтай адилтган үзсэн органик хууль баталсан нь манай хуульчдын түүхэн хязгаарлагдмал байдал, хуучны эрч, инерцитэй холбоотой гарч ирсэн үзэгдэл мөн болно. Шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулахад оролцсон хүмүүсийн оролцоо, зөвлөгөөг авсансан бол хурал даргалагчийн эрх, хэмжээ зохих ёсоороо л тогтоогдох боломжтой байлаа. Энэчлэн хийгдсэн алдаа, дутагдал, хийдэл, органик хууль болгонд бий юм. Тэр бүхнийг засаж, залруулах аваас Үндсэн хуульдаа гар хүрэх хэрэг бараг л үгүй болно.
Ерөнхийлөгчийн засаглалтай болох аваас түүнд тохирох үндсэн хууль шинээр боловсруулах шаардлагатай. Нөхцөл, байдлаас үзэхэд засаглалын энэ хэлбэр илүү их тохиромжтой байж ч болох талтай юм.
Хуучны эрч, инерциэр бохирлогдсон органик хуулиудын тарьж чадах балаг, бэрхшээл цаашид ч олон гарах болно.
Монгол хүмүүст, манай сонгогчдод сайн ойлгогдох, дэмжигдэх, сонгууль зөв үр дүнд хүргэх, хариуцлага тооцох эзэн тов тодорхой байх болзлыг уг нь ерөнхийлөгчийн засаглал бүхий төрийн тогтолцоо л хангаж чадах учиртай юм. Манайхан энэ учрыг ойлготол бас ч гэж олон жил шаардагдах бололтой…
Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа бүх органик хууль бол МАХН-ын явуургүй бодлого ба хоруу санаархлыг өөртөө шингээсэн, үндсэн хуулийнхаа үзэл санаанаас зөрсөн, гажсан, удамшлын өвчинд нэрвэгдсэн хуулиуд юм.
Ардчилсан төрийн тогтолцооны үеийн “Парламентын спикер”-ыг тэд тоталитар дэглэмийн үеийн АИХ-ын тэргүүлэгчдийн даргатай адилтган хуульчилсан нь том алдаа, эндүүрэл болжээ. АНУ-ын жишээ гэхэд парламент нь дээд, доод хоёр танхимтай, доод танхимыг өөрсдийн нь дотроос сонгосон спикер толгойлох ба дээд танхимыг АНУ-ын дэд ерөнхийлөгч тэргүүлдэг. Гэхдээ АНУ-д төрийн нэгдүгээр дээд албан тушаалтан нь ерөнхийлөгч, хоёрдугаар дээд албан тушаалтан нь Дээд шүүхийн дарга байдаг…
1992 оны үеийн МАХН-ын хуучинсаг үзэлтнүүдийн эндүү ташаа бодлого, санаархал ил, далд шингэсэн органик хуулиудыг юуны өмнө өөрчлөх шаардлагатайг амьдрал харуулсаар байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/99388
URL: