Сар шинийн мэндчилгээ
Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарт ажиллагсад, инженер техникийн ажилтнууд, үе үеийн ахмадууд болон Улсынхаа нийт иргэд Та бүхэнд ирж буй 17 дугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье.
Барилга, хот байгуулалтын яамны зүгээс өнгөрч буй шороон нохой жилд салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, салбарын бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох, хот суурин, бүс нутаг бүрийг бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй болгох, иргэдийг орон сууцаар хангах, яам, түүний харъяа байгууллагуудын ажил үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх зорилт тавин ажиллаж, тодорхой үр дүнд хүрлээ.
Барилгын хуулийг дагалдан гарах дүрэм, журмуудыг шинэчлэн батлуулж, мөрдүүлж эхлэв.
Барилга, хот байгуулалтын яамны дэргэд ажиллаж байсан “Хот байгуулалт, зураг төсөл, төлөвлөлтийн институт”-ыг сэргээн бүтцийн нэгж байгууллага болгох суурийг тавьж, орон сууцны эрэлт нийлүүлэлтийн дэлгэрэнгүй судалгааг улсын хэмжээнд анх удаа гаргаж баяжуулах ажил хийгдэж байна. “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлуулан, Ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2 дахин нэмэгдүүлж, Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Буянт – Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлтгэж байна.
Түүнчлэн хот байгуулалт, газрын харицааны чиглэлээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хугацааг 10 жилээр сунгах, Газрын үнэлгээний бүс, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоох, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах, “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох” журамтай боллоо.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүлж, хуримтлагдсан лагийг бүрэн боловсруулах, үнэргүйжүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 5 аймгийн төв болон томоохон суурин газруудын цэвэрлэх байгууламжуудыг өртгөтгөн шинэчилж байна.
Мөн иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг шат дараалал багатай, түргэн шуурхай хүргэх, Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, үйл ажиллагааны давхардлыг цэгцлэх ажлын хүрээнд барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийг олгох, барилгын инженерүүдийг давтан сургах, мэргэшлийн зэрэг дэв олгох сургалтыг мэргэжлийн төрийн бус байгууллагуудын холбоод, түншлэлээр амжилттай гүйцэтгүүллээ.
Бид айлчлан ирж буй шороон гахай жилдээ урд өмнө эхлүүлсэн ажлуудынхаа үр шимийг үзэж, бүтээн байгуулалтын салбарт ахиц дэвшил гаргах, агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн амжиргааны нөхцлийг дээрдүүлсэн, олон төсөл хөтөлбөрүүдийг бодит ажил болгосон, барилгын салбарын хууль эрх зүйн орчинг улам сайжруулсан олон үр дүнгүүдийг хүлээж байна.
Та бүхэнд ирж буй Шороон гахай жилдээ төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх тунх, эрүүл энх, аз жаргалтэй, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
УИХ-ЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН
URL: