Сар шинийн барилдааны Хамгийн хамгийн

70

Монгол түмний уламжлалт хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулсан бөхийн барилдааныг 1963 оноос хойш тасралтгүй зохион байгуулж иржээ. Тухайн оныхоо өнгийг шинждэг чансаа өндөртэй барилдаан 56 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Уг барилдааны Хамгийн хамгийнаас танилцуулж байна.

Хамгийн анхны түрүү: Анхны барилдаанд дархан аварга Ж.Мөнхбат тухайн үед Улсын Заан цолтой түрүүлж байжээ. Мөөеө аварга дараа жил нь мөн түрүүлсэн байна. Дархан аварга Ж.Мөнхбат зургаан удаа түрүүлж дөрвөн удаа үзүүрлэсэн амжилттай.

· Хамгийн олон түрүү: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ барилдаанд 13 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон ба 11-т нь завсаргүй түрүүлжээ. Удаад нь Дархан аварга Х.Баянмөнх найман удаа түрүүлж дөрөв үзүүрлэсэн байна. Гуравт Дархан аварга Ж.Мөнхбат зургаан удаа түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэсэн амжилтаар эрэмбэлэгдэж байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1988 онд анх түрүүлсэн бол хамгийн сүүлийн түрүүгээ 2006 онд авсан аж.
Дархан аварга Х.Баянмөнх 1966 онд анх түрүүлсэн бөгөөд 1982 онд хамгийн сүүлд түрүүлжээ.

Ахмад насандаа түрүүлж үзүүрлэсэн бөхчүүд: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 42 насандаа 2006 онд түрүүлсэнээр бүх бөхчүүдээ манлайлдаг бол Х.Баянмөнх аварга 4 үзүүрлэсэн ба нэг содон амжилт нь 49 насандаа 1993 онд үзүүрлэж байжээ.

· Хамгийн залуудаа түрүүлсэн бөх: Алдарт хоёр Мөнх аварга 22 настай заан цолтойдоо цагаан сарын барилдаанд түрүүлж байв. Энэ нь хамгийн залуудаа түрүүлсэн амжилт юм.

Хамгийн олон үзүүрлэсэн бөх: Дархан аварга Д.Цэрэнтогтох 5 удаа үзүүрлэжээ. Д.Цэрэнтогтох аварга 3 удаа түрүүлсэн байдаг байна. Удаад нь Улсын аварга Д.Сумьяабазар 4 удаа үзүүрлэсэн амжилтаараа түүний араас бичигдэнэ. Д.Сумъяабазар 3 жил дараалан үзүүрлэсэн нь бас нэгэн дээд амжилт аж. Аварга Бээжин арслан цолтой байхдаа гурван удаа үзүүрлэжээ

Одоогийн байдлаар Хэнтий 13 түрүү, Төв 12 түрүү, Увс 11 түрүү, Өвөрхангай 5 түрүү, Архангай 4 түрүү, Булган 2 түрүү, Сүхбаатар 2 түрүү, Хөвсгөл, Сэлэнгэ, Ховд нэг түрүү аваад байна.

Өвөрхангайн бөхчүүд нийт 13 үзүүр авсан нь аймгуудын дээд амжилт юм.

Улсын цолгүй түрүүлсэн бөх: Улсын аварга Ч.Санжаадамба цэргийн хурц арслан цолтой байхдаа 2010 онд анх түрүүлжээ. Санжаа аварга өмнөх өдөр нь аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд мөн түрүүлжээ. Дараа жил нь 2011 онд амйгийн арслан Шарын Мөнгөнбаатар улсын арслан Х.Мөнхбаатарыг өвдөг шороодуулан түрүүүлж байжээ.

· Улсын аварга Д.Хадбаатар гурван удаа түрүүлэхдээ Ишгэн, Д.Цэрэнтогтох, Д.Долгорсүрэн нарын Өвөрхангайн бөхчүүдийг үзүүр түрүүнд орхиж байв. Хад аварга энэ гурван түрүүгээ арслан цолтой байхдаа авчээ.

· Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 15 жил дараалан их шөвөгт шалгарч дээд амжилт тогтоожээ. /1988-2002/ Х.Баянмөнх 8, О.Балжинням Д.Сумъябазар нар 7, Ж.Мөнхбат Д.Мөнх-Эрдэнэ нар 6, Д.Цэрэнтогтох А.Сүхбат нар 5 жил дараалан их шөвөгт шалгарч байв.

· 1963, 1967, 1988, 2008, 2011 онуудын барилдаанд их шөвөгт аварга цолтон шалгарч байсангүй.

· Аварга цолонд хүрээгүй найман бөх түрүү авсан нь Ч.Өвгөнхүү, Б.Ганбат, И.Доржсамбуу, Л.Сосорбарам, Ш.Мөнгөнбаатар, Д.Рагчаа, Ц.Содномдорж, Б.Бат-Өлзий нар юм.

· Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын аваргууд анх түрүүлэхдээ заан цолтой байв.

· Улсын начин цолтой түрүүлсэн хоёр бөх байдаг нь Ч.Өвгөнхүү, улсын аварга О.Балжинням нар билээ. Мөн харцага цолтой бөх түрүүлсэн нь хоёр тохилдол байгаа нь Ц.Содномдорж, Б.Бат-Өлзий нар юм.

· Энэ барилдаанд Х.Баянмөнх хамгийн олон удаа буюу 18 удаа их шөвөгт үлджээ. Б.Бат-Эрдэнэ 17, Ж.Мөнхбат 12, Д.Цэрэнтогтох 11 удаа их шөвөг буюу түүнээс дээш шалгарч барилдаж байв. Тэднээс өөр 10 ын босгыг алхсан хүн байхгүй байна.

· Улсын баяр наадамд 17 удаа шөвгөрч арслангуудаас дээд амжилт тогтоосон Уламбаярын Мижиддорж ганц удаа буюу 1967 онд л их шөвөгт шалгарч байжээ.

· Улсын цолгүй байхдаа үзүүрлэсэн хүчтэн бол Батжаргалын Ганбат бөгөөд түүнээс хоёр жилийн дараа Ц.Магалжав үзүүрлэж байв. Хожим Оргихын Хангай хоёр бөхийн амжилтыг давтан үзүүрлэв. Харин хамгийн анх, улсын цолгүй байхдаа их шөвөгт шалгарсан хүчтэн бол Говь- Алтайн Дугарын Нэмэхбаяр юм. Нэмэх начин 1981 онд гурван дархан аваргатай үлдэж дуулиан тарьж байв. 2008 онд Ширбазарын Жаргалсайхан өнгөрсөн хоёр жилийнхээ түрүү бөхчүүдийг орхин шөвгөрч Нэмэхбаяр начингийн амжилтыг давтжээ. Ганбатаас бусад нь тэр жилээ улсын цолонд хүрч чадаагүй юм.

· Баянхонгорын Ж.Чулуунбат 2011 онд Д.Нэмэхбаяр начин, Ш.Жаргалсайхан нарын амжилтыг давтан тэр жил түрүүлнэ гэгдэж байсан Санжаадамбыг орхин их шөвөгт шалгарч байлаа.

· Хоёр Мөнх аваргууд дөрвөн удаа тэргүүн байр булаалдаж гуравт нь бага Мөнх нь орхиж байв. Бат-Эрдэнэ Балжинням нар гурван удаа үзүүр түрүүнд шалгарч бүгдэд нь Бат-Эрдэнэ орхижээ.

· Б.Бат-Эрдэнэ 14 удаа тэргүүн байрын төлөө шалгарч байв. Түүний 13 т нь түрүүлсэн юм. Х.Баянмөнх 10 удаа, Ж.Мөнхбат 9 удаа, Д.Цэрэнтогтох 8 удаа үзүүр түрүүнд шалгаран үлдэж байжээ.

· Одоогийн байдлаар Хэнтий 13 түрүү, Төв 12 түрүү, Увс 11 түрүү, Өвөрхангай 5 түрүү, Архангай 4 түрүү, Булган 2 түрүү, Сүхбаатар 2 түрүү, Хөвсгөл, Сэлэнгэ, Ховд нэг түрүү аваад байна.

· Нийт 20 бөх л энэ наадмуудын түрүүг хуваан авчээ.

· Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ улсын баяр наадамд түрүүлсэн тохиолдол 22 удаа давтагджээ. Хамгийн сүүлийн жишээ нь Г.Эрхэмбаяр аварга билээ.

· Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөхийг орхисон бөх тэр жилдээ түрүүлсэн тохиолдол 11 удаа гарсан.

· Харин цагаан сараар түрүүлсэн бөх улсын наадмаар үзүүрлэсэн тохиолдол 8 удаа гарч байв.

· Мөн үзүүрлэсэн бөх үзүүрлэсэн тохиолдол 11 удаа давтагджээ.
. Хоёроос дээш түрүүлсэн бөхчүүд бүгд аварга цолонд хүрсэн.

· Цагаан сараар их шөвөгт үлдсэн жилээ түрүүлсэн тохиолдол 5 удаа байгаа нь Ч.Бээжин 70 онд, 81 онд Х.Баянмөнх, 84 онд Д.Цэрэнтогтох, 2000 онд А.Сүхбат, 2008 онд До.Ганхуяг.

· Үзүүрлэсэн бөх улсын наадмаар түрүүлсэн тохиолдол Ж.Мөнхбат 66, 74 онуудад, Х.Баянмөнх 68 онд, Б.Бат-Эрдэнэ 99 онд, 2006 онд Д.Сумъяабазар

· Сар шинийн барилдаанд 1986 онд Хадбаатар гурвын даваанд Гочоосүрэн заанд унасан жилээ улсад түрүүлэв. 91 онд Балжинням /Бат-Амгаланд/, 2007 онд Мөнхбаатар /Т.Амартүвшинд/ нар дөрвийн даваанд унасан жилээ улсад түрүүлцгээжээ. 2002 онд Өсөхбаяр /Д.Сумъябазарт/, 2004 онд А.Сүхбат /И.Доржсамбууд/, 2010 онд Ганбат /Ч.Санжаадамбад/нар зургаагийн даваанд унасан жилээ түрүүлцгээжээ.

· 1965, 1967, 1969, 1971, 1973, 1976, 1980, 1985, 1987, 2003 онуудад цагаан сараар барилдаагүй бөхчүүд улсын наадамд түрүүлжээ.

· Улсын начин цолтойдоо үзүүрлэсэн гурван бөх байдаг нь Л.Дашдаваа, Ё.Ишгэн, Ду.Батбаяр нар бөгөөд Ишгэн үзүүрлэдэг жилээ заан цолны эзэн болжээ.

· Начин цолтой их шөвөгт үлдээд тэр жилээ заан болсон бөхчүүд бол П.Дагвасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Баяраа, Ч.Бямбадорж нар юм.

Ч.Амар


URL:

Сэтгэгдэл бичих