Атга будааны үнэтэй амь
“Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг” гэх зүйр үг оросуудын соёлын том хэмжүүр. Өнөөдрийн үнэгүй бэлэг маргаашийн төлбөр гэсэн утгатай зүйрлэлийг монголчилбол “аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” хэмээх ардын зүйр үгтэй утга дүйнэ. Харин манай улстөрчид аяганы хариугаа “агт” болгож авахаар бэлэг тараан уралдаж байна. Уралдаан юм хойно дүн нь сонгуулийн өмнөх шалгаруулалтаар эцэслэгдэнэ. Намууд тойргоо хэн сайн “усалсан”-ыг шалгаруулж нэр дэвших эрх “бэлэглэдэг” учраас ийм уралдаан улстөрчдөд чухалд тооцогддог. Нэг ёсны дараа төлбөрт үйлчилгээ л дээ. Хэн сайн үйлчилнэ, тэр сайн үнэлэгдэнэ. Энэ төрлийн үйлчилгээ баяр, ёслолыг өнжихгүй үргэлжилдэг жамтай. Ахмадын өдөр, Цагаан сар, Эмэгтэйчүүдийн баяраар бэлгийн хур, шагналын зар тасрахгүй. Энэ удаад ч сар шинийг угтсан бэлэгт уулзалтын уралдаан ч олон тойргийг хамарч байна. Харамсалтай нь ул боов, уут гурил, тавгийн чихэр, тал цай, килограмм сахар, грамм архи, даралтны аппарат, даршилсан ногоо гээд идэш ууш, эд материал энд тэндгүй тараав. Зарим уулзалт нь хүний аминд хүрч төгссөн эмгэнэл ч бий. Аяга гурил, атга сахарын төлөө хөгшид олноороо цуглах ч гэж дээ. Ямар сайндаа гар цайлгах “бэлэг гардуулах”-д бужигнасан олны хөлд 83 настай хөгшин амиа алдаж байхав. Энд бэлэг хүртэх гэж очсон хөгшдийг доромжилсон санаа агуулаагүй гэдгийг хэлүүштэй. Харин ийм байдалд хүргэсэн улстөрчид, төр засгийг адалж буйг анзаарууштай.
Улстөрчид уулзалтынхаа хүрээг тэлэхийн тулд “бэлэг=хүндэтгэл” гэсэн тактикаас “бэлэг+сугалаа=нэр хүнд” хэмээх томъёо руу шилжиж байна. Алгаа тэнийлгээд зогсохгүй азаа турших сонирхолд тулгуурласан уулзалт сүүлийн үед моодонд орж байгаа нь улстөрчдийн тэнэглэл улам доромжлол руу тэмүүлж буйг өгүүлнэ. Сонгууль дөхөхөөр “Бэлэг+сугалаа+шагнал=УИХын гишүүн” хэмээх томьёолол айсуйг улам мэдрүүлэх биз.
• Намууд тойргоо хэн сайн “усалсан”-ыг шалгаруулж нэр дэвших эрх “бэлэглэдэг” учраас бэлгийн уралдаан улстөрчдөд чухалд тооцогддог.
• Улс орондоо хийдгээ хийсэн ахмад үеэ боов, чихэр мэтэд зодолдуулж, төрийн үйлчилгээнд зутруулж байгаа нь төрийн түшээдийн гутамшиг.
• Төрийн тэргүүн удахгүй Сонгуулийн тухай хуульд “Сонгогдсон болон сонгуульд нэр дэвших хүмүүс бэлэг тараахыг хориглох” заалт нэмэх нь.
Амьжиргааны доод түвшинд амьдарч буй тэтгэврийн хөгшдийг ийм эмгэнэлтэй байдалд амьдруулж байгаа нь улстөрчдийн ч алдаа, унхиагүй төрийн ч сульдаа. Ахмадууд алга тэнийлгэх нэгнийг царайчлахаас аргагүй нөхцөлд хүрснийг тоо, баримтаас тод харж болно. 2018 онд шинэчлэгдсэн өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн нийгмийн халамж нэн шаардлагатай байгаа ахмад настны тоо 156.7 мянга, хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон иргэн 179 мянга байна. Мөн амжиргааны түвшин доогуур өрхийн дийлэнх нь тэтгэврийн насныхан юм.
Амьжиргааны түвшин доогуур иргэдийн сарын орлогыг орон нутагт 174 мянга, нийслэлд 198 мянган төгрөг байгааг тогтоосон. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 280 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийнх 243 мянган төгрөг байгаа нь ахмад настнууд бэлэг горьдохоос аргагүй байдалд амьдарч буйн гол нотолгоо. Үүн дээр тэтгэврийн насныхны 75 хувь нь цалингийн зээлтэй байгааг нэмж дүгнэвэл хөгшид минь өлөн зэлмүүн амьдарч байгааг тодорхойлчхож байна.
“Насны хишиг”-ээ авахаар өвлийн хүйтэнд гадаа дугаарлан зогссон хөгшдийн харцнаас төрийн хайр, халамж хэчнээн дутагдаж буй нь ч хэлүүлтгүй мэдрэгдэнэ. Улстөрчид ахмадууддаа бэлэг баримаар санагдсан юм бол төрийн үйлчилгээг төвөггүй хүргэхэд анхаарч болох шүү дээ. Газар дээр нь очоод “попорсон” ч аяга гурил тарааснаас хамаагүй илүү оноо цуглуулах байсан сан. Улс орондоо хийдгээ хийсэн ч хөдөлмөрийнхөө шимийг дутуу хүртэж буй ахмад үеэ боов, чихэр мэтэд зодолдуулж, төрийн үйлчилгээнд зутруулж байгаа нь төрийн түшээдийн ч гутамшиг.
Эмзэг дээр нь дөрөөлж, эрх мэдэлд хүрдэг энэ гажиг үзэгдлийг цэгцлэх цаг аль хэдийн ард өнгөрснийг үйл явдал, эмгэнэл, гутрал хангалттай харууллаа. Үүнээс цааш хуулиар хязгаарлаж, журмаар уургалахгүй бол идэр насныхныг ч ийм эмгэнэл хүлээж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлэлд Монгол Улсад хүн ам зүйн цонх оргил үеэс буурч, хүн амын насжих үйл явц эхэлж байгааг дурдсан. Дээр нь Нийгмийн даатгалын сангийн алдагдалтай ажиллагаа, үнийн өсөлтийн хурд гээд тооцвол ирээдүйн ахмадууд ч “Богдын боов” царайчилж суух дүр зураг айсуй. Учир иймд өнөөгийн болоод хойчид үргэлжлэх гутамшгийг арилгах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Загатнасан газар маажих шиг засаж, залруулах хуулийн төсөл ч дуулдаж эхэллээ. Төрийн тэргүүн Х.Баттулга удахгүй Сонгуулийн тухай хуульд “Сонгогдсон болон сонгуульд нэр дэвших хүмүүс бэлэг тараахыг хориглох” заалт нэмэхээр болсныг тамгын газрын дарга нь мэдээлсэн. Ерөнхийлөгчийн энэ санаачилгыг илээр дэмжээд, далдуур “сэвээд” өгөх нь наанадаж улс төрийн шинэ соёл тогтоох, цаанаа түшээдэд доромжлуулдаг байдлаа хуулиар хазаарлах боломж биш үү.
Сар шинийн маргаашаас УИХ дахь эзэнгүй суудлын төлөөх нөхөн сонгуулийн марафон эхэлнэ. Хэнтийн гурван сумынханд хайр зарлах улстөрчид эхнээсээ бэлгийн цуваагаа тийш хөдөлгөх биз. Эмэгтэйчүүдийн баяраар тараах идээ будаан дээр сугалаагаар олгох ээмэг, бөгж, энгэрийн зүүлт, шагналд өгөх бахархал, талархал, өргөмжлөл сэлт аль хэдийн замдаа гарсан байж ч мэднэ.
ЗГМ сонин
URL: