Ж.Энхбаяр гишүүн “ЖДҮ-чин” нэрээ цэвэрлэх гэж яарч байна

jduЖДҮХС-гаас 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой ЖДҮ эрхлэгчдэд л зээл олгодог. Гэтэл 2.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой Ж.Энхбаяр гишүүн ЖДҮ-чдийн эгнээнд багтсан нь түүнд нэн тааламжгүй байгаа бололтой. Энэ нэрээ цэвэрлэхээр ихэд яарч байх шиг байна.

Ж.Энхбаяр гишүүний хамаарал бүхий компаниуд энэ сангаас удаа дараа зээл авсан байж болзошгүй тухай мэдээлэл өнгөрсөн хугацаанд олон нийтийн сүлжээнд нэлээд цацагдсан. Анх түүнийг “ЖДҮ-чин” гэдэг мэдээлэл тарахад олон нийт ч цочирдон хүлээж авсан сурагтай байдаг. Түүний “Газар Буудай” ХХК ЖДҮХС -аас 2018 онд зээл авсан 134 компанийн жагсаалтад багтаж, 950 сая төгрөгийн зээл авсан. Илчлэгдсэн даруйдаа удаалгүй зээлээ эргүүлэн төлсөн гэж мэдэгдсэн. Гэхдээ Хас банкнаас зээл авч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан руу шилжүүлсэн гэж байгаа шүү. Ард түмнээс ч уучлалт гуйсан.

Ахиад ч өр байгаа гэв. Ж.Энхбаяр гишүүн “Газар” ХХК -ийг 100 хувь эзэмшдэг ба охин компани нь болох “Газар Агро” 2016 онд ч ЖДҮХС -аас зээл авч байсан тухай тэрээр “Миний тодорхой хувийг нь эзэмшдэг компани Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуй эрхэлдэг. Энэ төслийн 20 хувийн санхүүжилтийг ЖДҮХС-гаас авснаараа би нэрмээс боллоо” гэж өөрөө ярьсан байгаа юм. Гэхдээ дараа нь тэрээр үхрийн аж ахуй эрхэлдэг компанид би зээл авч өгөөгүй, харин хөдөө аж ахуйн салбарт амжилттай хэрэгжиж байгаа төслийг ХХААХҮЯ-наас сонгон, зээл өгсөн гэдэг тайлбарыг хэлсэн байдаг. Гэсэн ч тэр ЖДҮ-чин болсон түшээ.

Тэгвэл УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Я.Содбаатар гишүүнийг ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр ЖДҮ-чин гэх нэрээсээ үтэр түргэн салахын түүс болж эрхэм түшээ маань ингэж ярьлаа. “ЖДҮХС гэж У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулах гэж сүүлийн хэдэн сар нэлээн том үйл явдал боллоо. Хуулийн байгууллага шалгаж дуусч байгаа биз. Ил тод нээлттэй сонгон шалгаруулалтад аж ахуйн нэгжүүд төсөл хөтөлбөрөө бичээд, барьцаагаа тавиад, ХОМ-д тусгагдсан аж ахуйн нэгжүүдээрээ олон түмнээс нуулгүй, ил тод, тэр хөтөлбөрт шалгараад тодорхой хэмжээний зээл аваад, улс оронд хэрэгтэй ажлын байрыг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлсэн хүмүүс нэлээд байгаа гэдэгт би итгэлтэй байгаа. Харамсалтай нь үүнийг улс төр болгож ЖДҮ-ийг, ЖДҮ эрхлэгчдийг улстөржүүлсэн асуудлууд болж байна.

Их хурлын шинэ дарга Та хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзаж энэ асуудлыг хурдлуулаач. Хангалттай улс төр боллоо. Их хурлын чинь нэр хүнд үүнтэй холбоотойгоор нэлээн хараар будагдлаа. Үүнийг үргэлжлүүлэн улс төр болгох сонирхолтой үйл явдлууд цаашаа ч өрнөх байх. Иймд Монгол төрийг тогтвортой байлгах үүднээс яаравчлан шалгаад ил тод болгох цаг боллоо. Энэ бол бүх юм нь ил тод орсон гарсан юмны л гүйлгээ байгаа шд. Гүжирдлэг, хардлага хэр хэмжээнээс хэтэрсэн. Эндээс улс төрчийн өрсөлдөгчөө зайлуулах, харлуулах, намнах үйл явдал хангалттай боллоо” гэсэн юм.

ЖДҮ-тэй холбоотойгоор Их хурлын нэр хүнд хараар будагдлаа гэдэг үгэн дээр гаргалгаа хийгээд үзэхээр яалт ч үгүй гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан нь байж боломгүй хар үйл явдал мөнөөс мөн гэдгийг батлан хэлж байна. Хуулийн байгууллага шалгаж дуусч байгаа биз гэж хэлээд, дараа нь үргэлжлүүлэн улс төр болон өрнөх байх гэсэн хоёр талын утга санааны цаана юу нуугдаж байгаа нь сонин. Гүжирдлэг, хардлага гэж үзээд байгаа ЖДҮ-гийн асуудлыг гишүүд, Ж.Энхбаяр гишүүн өөрөө ч үнэн гэдгээ баталсан, зээлээ ч төлсөн. Тэгэхээр хэрээс хэтэрсэн зүйл огт алга. Монгол төрийг тогтвортой байлгахын тулд ЖДҮ-чин гишүүдийг тайван орхихыг л үндсэндээ шардаад байгаа бололтой. Үгүй бол яах юм бол?

Ер нь ЖДҮ-чин гэдэг нэрээ цэвэрлэх гэж Ж.Энхбаяр гишүүн яагаад ингэж их яарна вэ? Магадгүй гишүүдийнхээ дунд орлогоороо дээрээсээ хоёрт жагсдаг түүний хувьд наанадаж нэр хүндэд нь нэрмээстэй санагдаж байж болох. Сонгууль ч ойртож байна. Нэр хугарахаар яс хугар гэдэг дээ. Өөр ямар ч явцуу санаа байгааг бид таашгүй.

Updown.mn


URL:

Сэтгэгдэл бичих