“А” дүн авах эрх Та нарт байхгүй.. Ичигтүн!

Хамтран ажиллах гэрээнд заасан харилцан тохиролцсон ажлуудынхаа 82-90 хувийг биелүүлсэн гэж МАН болоод АН-ынхан дуу нэгтэй ярьцгаах юм.  Засгийн тэргүүн 82 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэсэн бол АН-ын Я.Батсуурь нарын эрхмүүд бүр 90 хувьтай байгаа хэмээн ам бардам хэлцгээв.  Энэ хувь хэмжээг нь  F-A хүртэлх үнэлгээгээр тооцвол хамтарсан Засгийн газар B+ бүр А дүн авах хэмжээнд ажиллачихжээ. Ямар гайхалтай үр дүн бэ. Яасан их хичээл зүтгэл вэ. Ямар аугаа түшээдтэй ард түмэн бэ, бид чинь гээд л юу юугүй   хөөрч догдлох гэж байтал гачлантай  юм болж таарлаа. Юун тэр 90 хувийн гүйцэтгэл, А дүн энэ тэр. Ингэж ярьцгаасных нь маргааш  импортлогчид түлшний үнийг 20 хувиар нэмж, сургаар нь үнийн өсөлтийг хөөргөдөн хавтгайруулах үзэгдэл  бий болов. Хэрэв импортлогчид үнэ нэмэх гэж буй саналаа Комиссын хуралд оруулаагүй бол 24 цагийн өмнөхөн нь хийсэн Н.Алтанхуяг даргын мэдэгдэл өнгөрөгч долоо хоногийн хамгийн халуун сэдэв байх байлаа.

Гэтэл гайтай юм шиг түлшний үнэ өсчихөв. Амралтын хоёр өдөр үнийн өсөлтийн тухай хэн хэнгүй ярьцгаалаа. Энэ удаагийн үнийн өсөлтийн шалтгаан нь  ам.долларын ханш төгрөгийн эсрэг хэт чангарсантай холбоотой гэсэн тайлбарыг талууд өгч байгаа. Импортлогч компаниуд сар гаруй хугацаанд алдагдалтай ажилласан, дахин тэвчихгүй гэдгээ ЭБЭХ-ний яаман дээр болсон Ажлын хэсгийн хурал дээр илэрхийлж.  Гээд яахав нефтийн бүтээгдэхүүнээ ам.доллараар авдаг импортлогчдын нуруун дээр үнэхээр дарамт ирээд байгаа эсэхийг нь Дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан Ажлын хэсгийн нөхдүүд тойрж сууж байгаад тоо бодоод үзсэн чинь үнэхээр тийм байна гэнэ. Тэгээд л импортлогчдын өмнөөс хэлэх үггүй болоод, заримаас нь үнэ нэмэх асуудлаа жаахан хойшлуулаач гэж гуйж. Монголбанк нь харин ам.долларын чангаралтыг бууруулж чадна гэж хэлж чадахгүй гэдгээ шууд л мэдэгдэж. Төвбанкны зүгээс төгрөгийн ханш унасаар байгаагийн шалтгааныг эдийн засагт орж ирж байгаа валютын орох урсгалаас гадагшилж байгаа валютын урсгал давамгайлсантай холбон тайлбарлаж байгаа. Гадагшилж байгаа валютын хэмжээ нэмэгдсэний гол шалтгааныг  хувийн хэвшлийн эрэлт өссөн, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй уялдаад импортын эрэлт нэлээн огцом өссөнтэй холбож тайлбарлаад байдаг. Тэгэхээр одоо хэн үүн дээр хариуцлага хүлээх ёстой болж байна. Эдийн засгийн өсөлтийг 20 хувьд хүргэж түүхэн рекорд тогтоогоод байгаа Засгийн газар, салбарын яамны зүгээс ямар тайлбар хийх нь чухал байна.

Ерөөсөө хэн нь юугаа мэдэж хийж дийлэх эсэх нь өнөөдрийн монголд ойлгомжгүй байна. Түлшний үнэ нэмэгдсэн сургаар 100 км-т дунджаар 2600 төгрөгийн алдагдал хүлээх болж буй таксины үйлчилгээ эрхлэгчид нь км тутмынхаа үнийг шууд 300 төгрөгөөр нэмж энгийн номхон иргэдээ шулж даварч байхад хянаж зохицуулдаг газар ч гэж алга. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар гэх сүржин нэртэй Засгийн газрын агентлаг нь таг чиг. Үнэ нэмэгдлээ бол “Хохь нь” гэсэн брэнд үгээ хэлээд суудаг дарга нь энэ удаа эзгүй ч таарлаа. Ирээд ч бараг хэлэх үг нь тодорхой. Шууд хохь нь гэх биз. Тэгээд ер нь хэн мэдэх болж байнаа. Засаг дахь эрхмүүд ээ?

Салж тарж магадгүй байгаа та нар хамтран ажиллах гэрээнд заасан харилцан тохиролцсон ажлуудынхаа 82-90 хувийг биелүүлсэн гээд байдаг. Тэгвэл та нар хэрхэн тохиролцчихоод тэрийгээ биелүүлсэн гээд байгааг чинь та бүхний байгуулсан гэрээнд тусгасан зорилтуудын нэг дээр нь л жишээлж үзэхэд тун хангалтгүй дүн авахаар байна.

Түүхэн сонголтын чинь үр дүн юу юм бэ?

2008 оны 9 сарын 12-ны өдөр  МАХН /тухайн үеийн нэрээр/, АН-ын хамтран ажиллах гэрээ байгуулахдаа “…Манай хоёр намд улс орон, ард түмний язгуур эрх ашгаас илүү эрхэм зүйл байхгүй гэдгийг иш үндэс болгож, хүн ардынхаа эрүүл саруул, боловсролтой, чинээлэг аж төрөх нөхцөлийг хангах, улс орноо ХХI зуунд үсрэнгүй хөгжүүлэх түүхэн сонголт хийж байна” хэмээсэн. Тэгвэл өнөөдөр ард түмний тань язгуур эрх ашиг зөрчигдөөд байгаа юм биш үү. Иргэн бүрийг чинь нэг л өглөө сэрэхэд нь 20 хувийн үнийн өсөлт угтаж байна. Энэ тэгээд Та нарын хийсэн түүхэн сонголтын бодит үр дүн юм уу. Сар бүр бэлнээр олгож байгаа 21 мянган төгрөгөө 90 хувийн үр дүн гэж ойлгож байгаа бол, уучлаарай.

Та бүхний хамтран ажиллах гэрээний  Гуравдугаар зүйл. Засгийн газраас нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлого, зорилт гэсэн хэсгийн нэгдүгээр зүйл дээр тухайлан авч үзье.

1. Хүн амын бодит орлогыг нэмэгдүүлж, амьдралын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд

-Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг өрх бүрийн хэрэгцээтэй уялдуулж, өрхийн нэгээс доошгүй хүнийг ажилтай болгох замаар жилд 60.0 мянгаас дээш тооны ажлын байр буй болгоно гэсэн. Тэгвэл 2009 онд  50 308 ажлын байр бий болсон. Тус онд та бүхэн зорилтоо бүрэн биелүүлээгүй. Харин 2011 онд 72 мянга гаруй ажлын байрыг бий болгосон гэсэн мэдээллийг өгч байгаа.

-Өрхийн сарын дундаж орлогыг 1.000.000-аас доошгүй төгрөгт хүргэнэ гэсэн зорилго чинь үлгэр мэт жаргаж байгааг сануулъя.

-Цаашлаад Үнэ ханшийн өсөлтийг тухай бүр тооцож, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг одоогийнхоос 3 дахинаас доошгүй өсгөнө гэсэн. Тэгвэл  2008 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108000 төгрөг байсан бол 2012 оны нэгдүгээр сарын байдлаар 140 400 төгрөг байна. Энэ нь гурав дахин өссөн үзүүлэлт биш юм. Тэтгэвэр, тэтгэмжийг 3 дахин өсгөсөн гэж бүү худал хэлээрэй.

-Шинээр гэр бүл бологсод, шинэ төрсөн болон нийт хүүхдэд мөнгөн тусламж, тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно гэсэн биелээгүй.

-Шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 300.0 мянган төгрөгийг нэг удаа, “Алдарт эх” II одонтой эхэд 500,0 мянга, I одонтой эхэд 1 сая төгрөгийн тэтгэмж жил бүр олгоно гэсэн. Энэ зорилт нь одоогоор биелээгүй.  Нэгдүгээр сарын 4-ний өдөр Одонтой эхчүүдэд мөнгөн тэтгэлэг олгох тухай хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” гэж тогтсон. Тэгэхээр сонгууль угтаад нэг тийш болгох биз.

-Хот суурин газрын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ оршин суугчдын оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулна гэсэн. Энэ сайхан зорилт нь хэрхэн бодитой хэрэгжих нь тодорхой бус. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд баригдах 100 мянган айлын орон сууц нь хөрөнгийн гачаалаар урагшлаагүй. Орон сууц хамгийн үнэтэй. Бас хүү нь өндөр байгаа билээ. —

нийн өсөлтөөс орлого багатай иргэдээ хамгаалах бодлого явуулж, тэдэнд хүнсний болон зайлшгүй шаардлагатай бусад дэмжлэг үзүүлнэ. гэсэн зорилтын тухайд Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар нийт ажилгүйдлийн түвшин 9 хувьтай гарсан байгаа. Инфляци ядуу эмзэг бүлэгт хамгийн сөргөөр нөлөөлж байгаа нь судалгаанд хамрагдсан хүмүүсийн бараг тал нь олсон орлогоороо үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаагаас харагдаж байна гэж буй юм.

Тэгэхээр хамтарсан Засгийн газрын гэрээнд хийж хэрэгжүүлэхээр тусгасан 9 зорилтын нэгийг нь  тус бүрчлэн авч үзэхэд ийм байна. Гурван жил хагасын хугацаанд нэг хөнжилд байсан, тавхан сарын дараа болох сонгуулийг угтан салах гэж байгаа хоёр нам ингэж л  ажиллажээ. Ер нь бол Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл гэх тодорхойлолттой Улстөрийн байгууллага буюу улстөрийн намуудаас ихийг хүсч хүлээнэ гэдэг өөрөө  утгагүй юм. Тэрчлэн  засгийн эрхийн төлөөх эрх ашгаараа тэд нийлж нягтарч, бас салж бутрах гэж байна. Харин 3 сая дөхөж яваа  иргэд нь үнийн өсөлтийн шуурганы өмнө сөхрөхөд ойрхон байна. Эцэст нь хэлэхэд,  “А”  дүн  авах эрх Та нарт байхгүй.. Ичигтүн!

Э.Болор


URL:

Сэтгэгдэл бичих