Худалдааны дайныг эцэслэх найдвар байгааг Мнучин ойлгуулав

235879-01022019-1548987391-158883177-tradewarБНХАУ худалдааны асуудлаар Ерөнхийлөгч Дональд Трампад ахиу буулт хийх тохиолдолд Цагаан ордон бүх тарифыг цуцалж ч болзошгүйг АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгдлээ. “Бүх асуудлыг тохиролцох боломж бий” хэмээн Мнучин мягмар гарагт Fox Business Network-д өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдэв.

Сангийн сайд АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтнайзерын хамт Хятадын дээд албаны хүмүүстэй Вашингтонд лхагва, пүрэв гарагт хоёр өдөр яриа хэлэлцээ өрнүүлнэ. Энэ удаагийн яриа хэлэлцээ Цагаан ордон БНХАУ-д шинэ тариф оноох замаар худалдааны дайнаа шатлан өргөжүүлэхээс сарын өмнө болж байна.

Трамп, Ши нар БНХАУ-ын эдийн засгийн загварт “бүтцийн шинэчлэл” өрнүүлэх тохиролцоо хийх нэг сарын хугацааг албаны хүмүүстээ өгсөн юм. Тохиролцож чадахгүй бол эдүгээ 10 хувьтай байгаа Хятадын импортын бараа бүтээгдэхүүний тарифыг Трамп 25 хувь болгож өсгөхөөр сүрдүүлсэн. Яриа хэлэлцээ бүтэлгүйтэх нь дэлхийн эдийн засгийн дээр хуралдсан бараан үүлийг сарниах сүүлчийн найдварыг үгүй хийнэ.

Харин Мнучин уг хэргийг худалдааны хэлэлцээрээс тусдаа үйл явдал хэмээн тайлбарлав.

Дотоодын эдийн засгийн өсөлт нь 2009 оноос хойш үнэмлэхүй суларсан Хятадын хувьд худалдааны маргааныг шийдвэрлэх нь тулгамдсан асуудал боллоо. Трампын худалдааны багийн гишүүдийн санал ч зөрөөтэй.

Лайтнайзер, Үндэсний Худалдааны Зөвлөлийн (National Trade Council) захирал Питер Наварро тэргүүтэй харцагууд Хятадыг ахиу буулгах эрмэлзэлтэй. Мнучин, Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Ларри Кудлов нар АНУ-ын эдийн засгийн өсөлтийг тэргүүн зэрэгт тавих сонирхолтой.

Huawei Technologies компанийн эсрэг явуулж буй АНУ-ын үйл ажиллагаа худалдааны яриа хэлэлцээтэй холбоотой гэсэн цууг ноён Мнучин няцаалаа. АНУ- ын прокурорын байгууллага даваа гарагт Huawei-д эрүүгийн хэрэг үүсгэж, худалдааны нууц хулгайлсан, банкны луйвар явуулсан хэрэгт буруутгасан. Харин Мнучин уг хэргийг худалдааны хэлэлцээрээс тусдаа үйл явдал хэмээн тайлбарлав.

Цагаан ордон яриа хэлэлцээг чухалд тооцож буйн тэмдэг болгон Дональд Трамп Хятадын талын гол тохиролцогчтой долоо хоногийн эцсээр уулзана хэмээн таамаглаж байна. Хятадын эдийн засагт бүтцийн шинэчлэл өрнүүлэх Вашингтоны шаардлагатай уялдуулан яриа хэлэлцээний сүүлийн шатны гол сэдэв АНУ-ын бараа бүтээгдэхүүн ахиу худалдаж авах Бээжингийн амлалт байх юм.

Европ, Хятадад эдийн засгийн өсөлт саарсныг ноён Мнучин хүлээн зөвшөөрдөг ч энэ нь АНУ-д нөлөөлөхгүй гэсэн бодолтой. “Эдийн засаг сулрах шинж тэмдэг одоогоор байхгүй” хэмээн сангийн сайд мэдэгдсэн. Хятадтай хийж буй худалдааны дайн АНУ-д хохирол учруулахгүйн зэрэгцээ “энэ онд эдийн засаг гурван хувь өснө гэдэг маш сайн үзүүлэлт” хэмээн тайлбарлав.

Харин нам бус, Конгрессын Төсвийн Хороо (Congressional Budget Office) даваа гарагт АНУ-ын эдийн засгийн бараан зураглал гаргаж ирлээ. Төсвийн алдагдал ихсэж, эдийн засгийн өсөлт 2.3 хувьтай гарах төлөвтэйг тус хороо анхааруулав. Бүгд найрамдахчуудын татварын хөнгөлөлтийн ачаар 2018 онд үүссэн эдийн засгийн өсөлт ирэх хэдэн жилд саарахтай зэрэгцэн Трампын засаг захиргааны тариф эдийн засаг, бизнесийн итгэлийг сулруулна хэмээн төсвийн хороо үзэж байна.

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих