Эрэлтээс үүссэн долларын өсөлт

Дөрөвхөн өдрийн өмнө 1423 төгрөг байсан ам.доллар өнөөдрийн байдлаар 1470 төгрөгт хүрчээ. Уг нь дэлхийн зах зээл дээр ам.долларын ханш унасныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан. Харин манайд эсрэгээрээ.

Ямар учраас ингэж ам.долларын ханш чангараад байгааг Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Эконометриксийн тэнхимийн орлогч эрхлэгч П.Гантөмөрөес тодрууллаа. Тэрбээр “Долларын ханш өсч буй хоёр шалтгаан бий.

Нэгдүгээрт, уламжлалт цагаан cap удахгүй болох гэж байна. Манайх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ Хятад Улсаас оруулж ирдэг. Үүнтэй холбоотойгоор ам.долларын ханш өсч байж магадгүй. Мөн он гарахаас өмнө тээврийн хэрэгслийн импортын татварыг нэмэгдүүлсэн. Энэ нь он гараад бараа үйлчилгээний бүтээгдэхүүн ялангуяа машины үнэ өснө гэсэн хүлээлтийг бий болгосон. Тиймээс иргэд үнэ нь өсөхөөс өмнө их хэмжээгээр машин оруулж ирэх зорилгоор валют худалдаж авдаг. Энэ нь ханш өсөхөд нөлөөлсөн” гэлээ.

Харин энэ талаар Монголбанкнаас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзав. Уг нь энэ бүхнийг зохицуулж учрыг нь олох ганц газар нь Төвбанк. Гэтэл тэд өнөөдрийг хүртэл нүдэн балай чихэн дүлий суух юм. Он гарахаас өмнө тус банкны удирдлагууд мөнгөний ханш унахгүй гэж мэдээлж байсан.

Гэтэл cap ч болоогүй байхад ам.долларын ханш огцом өсөхийн зэрэгцээ өдөр ирэх тутам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээс эхлээд бүх зүйлийн үнэ ханш өсөх боллоо. “Найман шарга” зах дээр ам.долларыг 1465 төгрөгөөр авч 1475-1480 төгрөгөөр худалдаалж байлаа. “Найман шарга” зах болон банкуудын ам.долларын ханшны үнэ ялгаатай байгаа нь ченжүүд хий хоосон хөөрөгдөж байна гэж хэлж болох юм. Гэвч тус захын ченжүүд ингэж долларын ханш өсч буй нь Монголбанктай шууд холбоотой хэмээн тайлбарласан.

Манайд долларын ханш чангарч эхлэхтэй зэрэгцэн хамаг бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг уламжлалтай. Хоёр хоногийн өмнө гэхэд шатахууны үнэ 280-300 төгрөгөөр огцом нэмэгдчихлээ. Манай улс ОХУ-аас шатахуун худалдаж авахдаа төлбөрийг нь ам.доллараар тооцож төлдөг. Тиймээс долларын ханшийн чангаралт шатахуун импортолдог компаниудыг үнээ нэмэх гол шалтгаан болсон хэмээн тайлбарлаж буй.

Түүнчлэн шатахууны үнэ нэмсэн гэх сургаар наймаачид жижиглэнгийн барааны үнийг 20-100 төгрөгөөр өсгөж байна. Шатахууны үнэ дахин нэмэгдэхгүй гэж ярьж байсан дарга нарын үг хий хоосон зүйл болж иргэдийн дургүйцлийг хүргээд авав бололтой. Уг нь шатахууны импортын татварыг тэглэсэн байлтай. Гэтэл байнга л хэл ам дагуулж үнийн хөөрөгдлийг гаргах юм.

Тэрчлэн цагаан сараас өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настнуудад нэг сая төгрөг бэлнээр тараана. Мөн оюутнуудад cap болгон 70 мянган төгрөг өгөх болсон зэргээс үүдэн төгрөгийн ханш унах нь гэсэн “мессэж” гадуур тарсан. Мөн 20 дугаар тогтоол гарсан үеийнх шиг төгрөг цаас болно гэсэн цуурхал дэгдсэнээр иргэд валют худалдан авахаар хошуурах болсон зэрэг нь “ноён” долларын өсөлтөд голлон нөлөөлснийг учир мэдэх хүмүүс өгүүлж байсан юм.

“Ер нь долларын ханш чангарч байна гэдэг нь төгрөгийн ханш л унана гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ өндөр болно. Үүнээс үүдэн импортын бараа их хэмжээгээр орж ирэх нөхцөл боломжийг ч бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, инфляцийг хөөрөгддөг уламжлалт цагаан cap болох гэж байна. Үүнд зориулж их хэмжээний хэрэглээний барааг иргэд худалдан авна. Долларын эрэлт их байгаа учраас эрэлтэд тулгуурлаж ханшаа огцом өсгөөд байгаа хэрэг.

Хэрвээ эрэлт багасвал аяндаа долларын ханш сулрах нь мэдээж. Ер нь манайд төгрөгийн ханшийг нэмэгдүүлэх тийм боломж бага. Учир нь нээлттэй жижиг эдийн засагтай учраас төгрөгийн ханшийг чангаруулах боломж тааруу. Төгрөгийн худалдан авалт зөвхөн манай улсын хүрээнд явагддаг.

Харин бусад улсад хөрвөх чадваргүй учраас үүнийг бодлогоор зохицуулах зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа юм” хэмээн Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Эконометриксийн тэнхимийн орлогч эрхлэгч П.Гантөмөр өгүүлсэн юм.

Д.Ангараг


URL:

Сэтгэгдэл бичих