Налайх дүүргийн засаг дарга Б.Баяндэлгэр АТГ-т дуудагдлаа
Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр болон ИТХ-ын дарга С.Батдорж нарыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэллээ. Тэд энэ удаад газартай холбоотой асуудлаар АТГ-т дуудагдсан байна. Засаг дарга Б.Баяндэлгэр БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жэхуан групп”-т 320 га газар эзэмших гэрчилгээ олгоно хэмээн амлаж тус компанийн ажилтнаас 50 мянган ам.доллар авчээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засаг дарга Б.Баяндэлгэр нь “Жэхуан групп”-т Налайх дүүрэг дэх газрыг өгөхийн тулд “Сеогёонг” компанийн эзэмшлийн 289 га газрыг 2009 оны наймдугаар сарын 26-ны 314 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон аж. Мөн тэрбээр “Сеогёонг” компаниас газрыг “Жэхуан групп”-ийнхэнд 300 мянган ам.доллараар худалдах саналыг ч тавьж амжжээ.
Түүгээр ч барахгүй Налайхын уурхай руу тавьсан бетонон замыг дур мэдэн хуулуулсан гэнэ. Энэ нь шаардлага хангаагүйдээ ч биш. Гол нь Засаг дарга Б.Баяндэлгэр нь өөрийн мэдлийн “Хөл Налайх” цэцэрлэгт хүрээлэндээ уг замыг тавиулахын тулд дээрх замыг хуулуулсан хэмээн налайхчууд эсэргүүцээд байгаа ажээ. Өөрийн цэцэрлэгтээ хандив өргөөгүй аж ахуй нэгж, иргэдэд ямар нэгэн зөвшөөрөл өгөхгүй, баримт бичгийг нь удаах зэргээр хүндрэл учруулдаг гээд ойрд Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр болоод бусад удирдлагуудын талаарх таагүй мэдээлэл сонсогдох боллоо. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол албан тушаал хаших эрхийг нь хасч, гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.
Н.АЛТАНЦЭЦЭГ
URL: