Монголбанкны буруугаас үнийн хөөрөгдөл эхэлсэн үү

Шатахууны үнэ 260 төгрөгөөр нэмэгдлээ. Ямар учраас ийнхүү огцом нэмэгдэх болсон шалтгааныг холбогдох газруудаас тайлбар өгөхгүй байна. Зөвхөн л ам.долларын ханш нэмэгдэж төгрөгийн ханш унасантай холбон тайлбарлаж байна.

“Шунхлай”, “МТ Ойл”, “Жаст ойл”-ын ШТС-ууд АИ-92, АИ-80 бензиний үнийг 260 төгрөгөөр нэмж, АИ-92 бензин 1850, АИ-80 бензинийг 1550 төгрөгөөр худалдаалж байна.

Харин “Петровис”, “Сод Монголын” ШТС-ууд шатахууны үнийг хараахан нэмээгүй байна. Шатахууны үнэ нэмэгдсэнээс болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж эхэллээ. Өчигдөр гэхэд л “Нарантуул” захын наймаачид гурил, цагаан будаа, элсэн чихрийнхээ үнийг тус бүр 200 төгрөгөөр нэмлээ. Мөн махны үнэ долоон мянга зургаан зуун төгрөгт хүрээд байна.

Энэ мэтчилэн шатахууны үнийн өсөлт саар үр дүн дагуулж эхэллээ. Такси үйлчилгээ эрхлэгчид километр тутамд 700-800 төгрөг, зарим нь бүр 900 төгрөгөөр үйлчилж байна. Энэ талаар таксины жолооч нараас тодруулсан юм.

Хувиараа таксинд явдаг Г.Гэрэлт ийн ярьж байна.

-Ямар учраас таксины үнэ нэмэгдсэн юм бэ?

-Шатахууны үнэ нэмэгдээд л бүх такси үнээ нэмчихлээ. Уг нь 500 төгрөгөөр явж байхад өдөрт 20-30 мянган төгрөгийн цэвэр ашигтай л байсан. Шатахууныхаа үнийг нэмчхээр л бусад зүйлс дагаад өсч байна. Мэдээж хуучин үнээрээ яваад байж болно л доо. Даанч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ нэмэгдсэн болохоор миний хувьд өмнөх үнээрээ үйлчлэх арга алга.

-Шатахууны үнэ нэмэгдсэн ч хуучин үнээрээ иргэдэд үйлчилбэл хэдэн төгрөгийн алдагдал гарч байгаа вэ?

-100 км-т 10 литр түлш зарцуулдаг машины жолооч АИ-92 бензинийг литрийг нь 1590 төгрөгөөр авдаг байхдаа нийт арван зургаан мянган төгрөг зарцуулдаг байсан. Одоо 10 литр бензинд 18500 төгрөг зарцуулж байна. Үнийн дүнг өмнөхтэй харьцуулахад 2600 төгрөгийн зөрүү гарч байна. Тэгэхээр 100 км тутамд 2600 төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн үг юм. Энэ төр засаг юу ч хийхгүй байна шүү дээ. Үнэндээ ард иргэдийнхээ амьдралыг бодохгүй байна.

-Шатахууны үнэ болон ам.долларын ханш юунаас болж өсөөд байна гэж бодож байна вэ?

-Үйлчлүүлж байгаа хүмүүсээс л мэдээлэл авах юм. Тэдний хэлж байгаагаар дэлхийн зах зээлд валютын ханш навс уначихсан гэсэн. Харин Монголд л чангараад байгаа юм билээ. Валютын үнийн өсөлттэй уялдуулж нэмж байгаа гэж дуулсан. Энэ бол хэдэн цөөн хүний тоглолт. Тэдэнд ард иргэдийн амьжиргаа ямар байх нь хамаагүй. Өөрсдийнх нь халаас л зузаарч, түнтийж байх нь чухал” гэв.

ХОТ ХООРОНДЫН БОЛОН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮНЭ НЭМЭГДЖЭЭ

Шатахууныхаа үнийг нэмээгүй байгаа “Петровис”, “Сод Монголын” ШТС-ууд машины дараалалд дарагдаж байна. Энэ янзаараа үргэлжлээд байвал шатахууны нөөц нь удахгүй дуусах бололтой. Шатахууны үнэ нэмэгдэх сургаар өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ШТС-уудад дугаарлаж байсан жолооч нар хоорондоо муудалцаж, зодолдсон хэд хэдэн хэрэг цагдаад бүртгэгдсэн байна лээ.

Өчигдрөөс микро автобуснууд үйлчилгээнийхээ үнийг өсгөжээ. “Дарь эх-7 буудал”, “Зүүн салаа-100 айл” чиглэлийн микро автобуснууд 1000 төгрөгөөр үйлчилж байна.”Нарантуул” захаас Чингэлтэй, Яармаг, Нисэх, зэрэг хотын зах руу иргэдэд үйлчилж байгаа микро автобуснууд мөн л 1000 төгрөгөөр үнэ нь нэмэгдсэн байна лээ. Харин богино эргэлт хийдэг чиглэлүүдийн микро автобуснууд 500 төгрөгөөр иргэдэд үйлчилж байна. Ингэж дураараа үнээ нэмсэн микроавтобусны тухай мэдээллийг иргэд Нийслэлийн тээврийн газрын 326352 тоот утсанд мэдэгдэж болох аж.

Мөн хөдөө орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны үнэ нэмэгджээ. Тухайлбал, баруун аймгууд руу явдаг нийтийн тээврийн автобуснууд таван мянган төгрөгөөр зорчих тасалбарынхаа үнийг нэмээд байгаа талаар мэдээлэл ирсэн юм. Энэ талаар “Драгон” тээврийн товчооны мэргэжилтнүүдээс тодруулахад “Яг албан ёсоор нэмсэн зүйл алга байна. Харин хувиараа тээвэрт явж байгаа жолооч нар зорчих үнээ таван мянган төгрөгөөр нэмсэн байна лээ” гэв.

“МОНГОЛБАНК”-НЫХАНТАЙ УУЛЗАЛТ ХИЙСНИЙ ДАРАА ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН

Энэ мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болоод бусад зүйлийн үнэ шууд нэмэгдлээ. Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан Монгол банкны удирдлагуудтай шатахууны үнэ нэмэгдэх гэж байгаатай холбогдуулан уулзсан гэнэ. Тэр уулзалтаар Монголбанкныхан “Ам.долларын ханшийг буурах үгүйг хэлж мэдэхгүй байна. Бид хийх ёстой ажлаа хийчихсэн” гэх тайлбарыг өгсөн юм байх. Дээрх уулзалтын дараа шатахууны үнийг нэмсэн гэсэн. Дэлхийн зах зээлд ханш нь унаад байгаа ам.долларын ханш Монголд улам дээшээ өсөөд байгаа. Уг нь Монголбанкныхан өнгөрсөн долоо хоногт валютын интервенц хийсэн. Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд нийт 84.35 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн юм. Харин Монгол банк нийт захиалгын 78.7 хувь буюу 66.35 сая ам.долларыг 1414.00 төгрөгийн хаалтын ханшаар худалджээ. Хэдийгээр интервенц хийсэн ч ам.долларын ханш буурч байгаа юм алга. Эцсийн дүндээ Монголбанкныхан ажлаа хийж чадахгүй байгаагаас үүдэн ийм байдалд хүрлээ гэх хүн олон байна. Цаашид манай эдийн засаг “сэхээнд” орох дээрээ тулаад байгааг эдийн засагчид анхааруулж байна.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД НЕФТИЙН ҮНЭ БУУРАХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ манай шатахууны үнэ нэмэгдсэн өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт буурна хэмээн олон улсын агентлагууд мэдээлж эхэлжээ. Хэдийгээр Европын өрийн хямрал нефтийн бүтээгдэхүүний дуудлага худалдаанд сөргөөр нөлөөлж байгаа ч дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ ханш өсөөгүй, харин эсрэгээрээ буурч байгааг олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.

Э.ХҮРЭЛБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих