“ШҮДГҮЙ АРСЛАН”-Д ШҮД УРГАВ

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх шийдвэрээ гарган танилцууллаа. Ингэхдээ УИХ-ын шинэ даргаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүллээ. Түүний санааг МАН-ын Удирдах зөвлөл гээч нь үг дуугүй дагав. Ингэж л ”Шүдгүй арслан” хэмээн гомдоллож ирсэн Ерөнхий сайдын албан тушаалыг “амь оруулах” үүргийг амин найз нь биелүүлэхээр айсуй.

 853

УИХ-ын шинэ даргыг томилох ажиллагааг УИХ дээр маргааш эцэслэх нь дамжиггүй. Учир нь сар шинэ айсуй цаг үед ард түмнийхээ сэтгэлийг түр ч гэсэн зогоож, төрөө бүтэн болгох нь ээ. Зураг төөрөг нэгэнт ингэж зурагдсан тул ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ийнхүү Монгол төрийн алтан хойморт залрах цаг ирлээ.

 Мэдээж хэрэг УИХ-ын даргаар Г.Занданшатарыг тавьснаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн он тоолол эхэлнэ. Харин хууль тогтоох дээд байгууллагыг даргалах болсон Г.Занданшатарын дэвшин гарсан суудлыг хэн нөхөх вэ гэдэг асуудал гарч ирлээ. Гэвч энэ тийм ч хэцүү зүйл биш бололтой. Г.Занданшатарын эрхэлж буй Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын албан тушаалд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ томилогдох нь бараг ойлгомжтой болов уу. Яагаад гэвэл У.Хүрэлсүхийн хамгийн итгэлт баруун гар нь Л.Оюун-Эрдэнэ юм аа.

 Энэ ташрамтай зэрэгцээд “Топор”-т дахин нэгэн дайсан гарч ирлээ. Учир юу вэ гэвэл УИХ-ын даргаар дахин сонгогдохоор сэрүүн зүүдэлж явсан Ц.Нямдорж нарын мөрөөдөл дөнгөж сая нуран унасан юм. Тиймээс тэдэнд маргаашаас эхлэн У.Хүрэлсүх шиг муу хүн олдохгүй л болов уу.

 Ямартай ч “шүдгүй арслан”-д ийнхүү шүд ургалаа. Гэхдээ шүдтэй болсондоо бардаж бүхнийг урж тасчиж эхлэх бий дээ. Ойр тойрныхон нь даргадаа “экс спикер” М.Энхболдын эх аман зохиолоос иш татан хэлсэн “төр их бат, ёс их хүнд” гэдэг үгийг дамжуулна биз ээ…

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН


URL:

Сэтгэгдэл бичих