“Оюу толгой” гүний уурхайд 15-16 км хөндлөн малталт хийхээр төлөвлөжээ
“Оюу толгой” ХХК дотоодоос эрчим хүчээ авах асуудалд ахиц гарч, Монгол Улсын Засгийн газартай Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зураад байгаа. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна гэж талууд мэдэгдэж буй.
Тэгвэл “Оюу толгой” компани 2018 оны гүйцэтгэлийн тайлангаа танилцуулаад байна. Тус компанийн Монгол Улсад зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 8.7 тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдэгдлээ. 2018 онд татвар, хураамж, бусад төлбөрт 322 сая ам.доллар, үндэсний худалдан авалтад 439 сая ам.доллар зарцуулжээ.
2018 оны IV улирлын байдлаар “Оюу толгой”-д ажиллаж буй 17 мянга орчим хүний 92.6 хувийг монголчууд, үүний 20.4 хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлж байна. Нийт ажиллах хүчний 58.1 хувь нь гүний уурхайн ажилчид байна.
”Оюу толгой” нэг тонн хүдэр боловсруулахдаа 0.4 шоо метр ус ашигладаг аж. Энэ нь дэлхийн ижил төрлийн үйл ажиллагаатай уурхайдын ашиглалтын дунджаас гурав дахин бага ус ашиглаж байгаа явдал гэж тус компани тайландаа онцолжээ.
”Оюу толгой” компани 2018 онд 898 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 618 нь үндэсний компани бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтын 78 хувийг эдгээр компанид зарцуулжээ. 2010-2018 онд үндэсний худалдан авалтад 2.7 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан бөгөөд Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 413 сая ам.доллар зарцуулжээ.
2018 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг зэс 2.6, алт 1.8 хувиар давуулан биелүүлжээ. 159,100 тонн зэс үйлдвэрлэсэн нь 2017 оныхоос 1.1 хувиар өссөн дүн юм. 285,000 унци алт үйлдвэрлэсэн нь 2017 оныхоос 150 хувиар өссөн дүн юм.
Хүдэр дэх агуулга, метал авалт нэмэгдсэнтэй холбоотойгоор 2018 оны дөрөвдүгээр улиралд алтны үйлдвэрлэл 2017 оны мөн үеэс 234.3 хувиар өссөн. Хүдэр дэх агуулга, метал авалтын хэмжээ өссөн ч, боловсруулсан хүдрийн хэмжээ буурснаас үүдэн зэсийн үйлдвэрлэл 2017 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад 8.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Төлөвлөгөө ёсоор ил уурхайн олборлолтын IV шатны хатуулаг өндөртэй хүдрийг боловсруулсан тул олборлолтын VI шатны хатуулаг багатай хүдэр боловсруулж байсан 2017 оны дөрөвдүгээр улирлын үетэй харьцуулахад тээрмийн ашиглалтын түвшин 13.6 хувиар буурсан.
2019 онд 125,000-155,000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна. Харин баяжмал дахь алтны үйлдвэрлэл 180,000-220,000 унци байх таамагтай. Ил уурхай оны турш IV шатны хатуулаг өндөртэй хүдэр олборлоно. 2019 онд тээрмийн ашиглалт ойролцоогоор 40 сая тонн байна. 2019 онд гүний уурхайд 15-16 км хөндлөн малталт хийх төлөвлөгөөтэй байгаа аж.
Э.Болор
URL: