УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатарын ХОМ
МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дараагийн даргад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн билээ. Өчигдөр орой МАН-ын бүлэг хуралдаж, Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжсэн байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын даргад Г.Занданшатарыг сонгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.
2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт буюу түүхэндээ 65 суудал авсан олонхын бүлэг хоёр жил гаруйн хугацаанд Засгийн газраа нэг унагаж, мөн өөрсдийнхөө сонгосон УИХ-ын даргаа өөрсдөө унагаалаа. Одоогоос яг хоёр жил зургаан сарын өмнө МАН-ын Удирдах зөвлөл М.Энхболдыг УИХ-д нэр дэвшүүлэх шийдвэр гаргасны дагуу түүнийг нэр дэвшүүлж, нийт гишүүдийн 86,8 хувийн саналаар сонгож байсан ч түүний бүрэн эрхийг нь дуусгалгүйгээр намын нөхөд нь чөлөөлсөн юм.
Ингэснээр УИХ-ын даргын оронд хэн очих вэ гэсэн асуудал өнгөрсөн хоёр өдөр улс төрийн хүрээнийхний анхаарлын төвд байлаа. УИХ-ын даргад горилогчдод хэд хэдэн хүний нэрс дуулдаж байсан ч өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдын зүгээс ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Намын даргын бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлснээр Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 дэмжлэгийг авч мөн УИХ дахь намын бүлэг нь 100 хувийн саналаар түүнийг дэмжив.
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.00 цагт уг асуудлыг хэлэлцсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орж санал баталгаажих учиртай. Ингээд УИХ-ын даргад нэр дэвшиж буй Г.Занданшатарыг хэн болох талаар товчхон өгүүлье.
Баянхонгор аймгаас гаралтай түүнийг нутгийнхан нь Норов тайжийн гуч, сум нэгдлийн дарга, Хөдөлмөрийн баатар Д.Гомбожавын хүү гэдгээр нь андахгүй. Г.Занданшатар улс төрийн карьераа 1998 онд одоогийн МАН-д элссэнээр эхлүүлж, намын дэргэдэх залуучуудын байгууллагад ажиллаж байгаад 2004 оны УИХ-ын сонгуулийн долдугаар тойрогт өрсөлдсөнөөр анхны ялалтаа байгуулжээ. Харин 2016 оны УИХ-ын сонгууль түүний гурав дахь удаагийн ялалт нь болсон. Ерөнхийлөгч Х.Баттулгатай нутаг нэгт төдийгүй холын хамаатан гэх яриа нутгийнхных нь дунд бий.
Г.Занданшатар гишүүн У.Хүрэлсүхийн танхимд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн “гал тогоог” барьж ирсэн гол хүн нь. Ж.Эрдэнэбатын танхимыг унагаж, дээрх албан тушаалд очсон түүнийг “нөхрөөсөө урвасан” гэх нь ч бий.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
- 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
- 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
- 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
- 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
- 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
- 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
- 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
ШАГНАЛ:
- 2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан”
- 2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”
- 2009 онд “Алтангадас” одон
- 2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”
ГАДААД ХЭЛ:
- Англи
- Орос
URL: