Монголыг орхиж, Казахстаныг “мода”-нд оруулсан түүх

836

Англи, австрали захирлуудтай “Central Asia Metalс” компанийнхан Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй, балансын бус овоолгыг ашиглахаар судалж байснаа хаяад явсан байдаг. Энэ бол 2006-2008 оны үед болсон хэрэг л дээ. Эрдэнэт үйлдвэрийн технологид таарахгүй учраас үүссэн 12 овоолго байдгийн нэг нь энэ овоолго. Ядуу агуулгатай, холимог хүдэртэй нөөц бага, эдийн засгийн хувьд ашиггүй, баталгаа байхгүй гээд голоод явсан юм билээ.

Энэ компанийнхан Монголоос гарч явангуутаа уурхайн хаягдал овоолгоор баян Казахстаны Балхаш нуурын хөвөөнд очиж,  Монголынхтой яг адилхан хаягдал овоолгоос уусган баяжуулах аргаар жилдээ 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэдэг  Kounrad хэмээх анхны үйлдвэр нээж байсан бол 2016 онд үйлдвэрлэлээ өргөтгөн жилдээ 15 мянган тонн зэс үйлдвэрлэж, Лондонгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж, захирал нь шилдэг менежэр болсон тухай мэдээ дэлхийд  цацагдсан.

Үйлдвэрийн нээлтэд нь Ерөнхийлөгч Н.Назарбаев оролцож, баяр хүргэсэн байдаг юм. Бороо, цасны улмаас байгаль орчин, хүн малд  сөрөг нөлөөтэй байсан хаягдал овоолгыг ашиглаж, үйлдвэр байгуулан ажлын байр бий болгон, олон гэр бүлийг орлоготой болгож, улсад нь татвар төлөөд, ард түмэнд нь тусалж байхад Ерөнхийлөгч нь баярлаж, талархах нь зүйн хэрэг. Энэхүү катодын зэсийн үйлдвэрийн араас Казакстанд социализмын үеийн 30 гаруй уурхайн хаягдал  овоолгыг түшиглэн гадаадын хөрөнгө оруулалттай нэг биш нэжгээд үйлдвэр шинээр байгуулагдаад байна. Тухайн улсын төр нь дэмжихээр гадны хөрөнгө оруулагч нар гүйгээд ирдэг бололтой.

“Central Asia Metalс” компанийнхны хаяад явсан овоолгыг түшиглэн өдгөө Монголын үндэсний хөрөнгө оруулалттай “Ачит-Ихт” компани 1950-иад оноос дэлхий нийтэд өргөн хэрэглэж эхэлсэн уусган баяжуулах аргаар катодын зэс ялган авах төслийг санаачлан эхлүүлж, судалгаа шинжилгээ, санхүү, хөрөнгө оруулалтаа шийдэх нөр их ажлыг хийснээс хойш 10 жил өнгөрчээ.

Энэ хугацаанд 2010 онд төслийн ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авч бүтээн байгуулалтын ажлаа эхлэн, 2014 онд “Ачит-Ихт”-ийн катодын зэсийн үйлдвэрийг ашиглалтад оруулан өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Катодын зэсийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойш 2014-2018 онд улс, орон нутгийн төсөвт 140 тэрбум төгрөгийг татвар, хураамж, шимтгэл хэлбэрээр төлсөн байна. Монгол Улсын Засгийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр гурван ч удаа шалгарсан юм.  Энэ нь дотно гадны мэргэжлийн хүмүүсийн эрсдэлээс айж, голж байсан балансын бус овоолгыг монголчууд өөрсдийн хүчээр боловсруулж, хийж бүтээх боломжтой гэдгийг харуулж байна.

Гэтэл өнөөдөр ижил нөхцөлд, ижил үйлдвэр ажиллуулж байгаа хоёр улсын хоёр компанийн үйл ажиллагааны өгөөж нь эрс ялгаатай байгааг ганцхан жишээгээр хэлье.  Казакстаны катодын зэсийн үйлдвэрийн болон хувьцааны ашиг Казакстанаас гарч, англичуудын халаасанд орж байхад “Ачит-Ихт”-ийн татвар, цалин, хувьцааны ашиг бүхэлдээ Монголдоо үлдэж, Эрдэнэт болон “Ачит-Ихт” үйлдвэрийн ажилчдын амьжиргааны найдвартай эх үүсвэр болж байна.

Казакстанд үйлдвэр байгуулсан нь дэлхийгээс талархал хүлээж магтуулж байхад, Монголд үйлдвэр байгуулсан болон одоо авч яваа хөдөлмөрч, бүтээлч хүмүүсийг хувийн өчүүхэн эрх ашиг хөөсөн ганц хоёр хүн харлуулахыг чармайж байгаа нь харамсалтай. Тухайн үедээ энэ төслөөс хооллож, энэ төслийг магтан сайшааж байсан хүмүүс өнөөдөр ингэж авирлаж байгаа нь муухай монгол хүний сонгодог жишээ болох уу, эсвэл…

Зүй нь улс орны ачааны хүндээс хамтдаа үүрч, ашиглалтгүй байсан балансын бус овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түмэн олондоо тусалж, бүтээн байгуулж яваа хувийн сектороо дэмжиж байж улс орон урагшилдгийг дэлхийн түүх, түүний дотор Казакстаны туршлага нотолж байна.

Сансраас авсан зураг: Казакстаны 30-аад зэсийн үйлдвэрийн нэг болох Казмысийн үлдээсэн овоолго.

Сансраас авсан зураг: Эрдэнэт үйлдвэрийн балансаас хасагдсан овоолго

Эх сурвалж: Mminfo


URL:

Сэтгэгдэл бичих