ШАРХ …

Болд гуайнх 6 хүүхэдтэй өнөр өтгөн айл. Болд гуайн бага охин гэж яг л цэцэг жимс шиг хөөрхөн охин. Манай байрныхан түүнийг гарч ирэхээр том жижиггүй тэвэрч, үнсэх гэж булаацалддагсан.
Тас хар буржгар үс, цог шиг цоргих очтой хар нүд, дэрвийсэн урт сормуустай яг л хүүхэлдэй шиг хөөрхөн охиныг Жигүүр гэнэ.
Жигүүр тавхан настай ч цовоо цолгин гэж жигтэйхэн.
Тэр гайт намар… Болд гуай алтан гадас одон авч гэртээ ажлынхнаа авчирч найр хийсэн юм.
Гэтэл ажлынх нь газрын хорин хэдтэй залуу хөөрхий бяцхан Жигүүр охиныг хүчиндсэн гэнэ гэсэн яриа байраар нэг тарсан юм.
Жигүүр бол Болд гуайн хүүхдүүд дотроос ганц сор, гэрэл нь гэмээр охин байсан юм шүү дээ.
Тэнгэр минь тэр бяцхан охины төлөө байрныхан тэр аяараа гашуудаж, ээж аав нар маань ч үргэлж л тэр тухай ярилцаж байлаа.
Хөөр баяраар гийж хүн бүрийн хайрыг татаж байсан Жигүүр охин гадаа гарч тоглох нь харагдахаа больж, ер нь л түүнийг харалгүй бид удсан юм.
Тэр гэртээ л шигддэг болчихсон.
Гэвч цаг хугацаа харвасан сум шиг шиг өнгөрч бяцхан охины хүчиндүүлсэн тухайд ч бид мартаж эхэлсэн байв.
Ээж аавын хэлэх нь Жигүүр охиныг хүчиндсэн залуугийн аав ээж Болд гуайнд мөнгө өгөөд гомдолгүй гэж тохиролцсон гэлцэхийг би сонсож билээ.
Тэр цагаас хойш удалгүй манайх ч байраа зарж тэндээс нүүснээс хойш бяцхан хөөрхөн охины тухай би бараг мартчихсан байлаа.
Их сургуулиа онц дүнтэй төгссөн би сургуульдаа багшаар үлдэж, анхныхаа ангийг хүлээж авлаа.
Намар хичээл эхлэхэд манай ангид нүд дүүрэн гунигтай нэгэн охин орж ирсэн нь Жигүүр байж таарах нь тэр.
Жигүүр ховор нэр байсан учираас л би түүнийг арайхийн таньсан нь тэр.
Өвөр дамжин булаацалдан тэвэрч үнэсэх гэж сүйд болдог байсан бяцхан тэр охиноос үртэс ч үлдээгүй байлаа.
Од шиг, гал шиг дүрэлзэж байдаг байсан нүд, тас хар урт сормуус, өтгөн хар үс… Цасан цагаан царайнаас нь үзээд өгье ч гэсэн юу ч үлдээгүй нь юутай харамсалтай байсан гээч.
Уг нь Жигүүр өндөр сайхан нуруулаг охин болж өсч өндийсөн ч, үргэлж бөгтийж явсаар түүнийг өндөр гоолиг гэж хэлэх ч аргагүй харагдана.
Тэнгэр минь тавхан настай бяцхан охины хамаг сайхан бүхнийг бүгдийг нь тэрмуу хүчиндэгч баллуурдаж орхижээ. Тэр новш түүнээ мэддэг болов уу?
Зүрх минь хүчтэй базлан шархирах ч би Жигүүртэй ярилцаж, тэр ч бүү хэл танай байранд байсан намайг таньж байна уу гэж асуухаас ч, аягүй бол намайг дотроо таньж байхвий, санаа нь зовохвий гэхээс би айж байлаа.
Намрын ажилд явах оюутнуудын дотор Жигүүрийн нэр харагдана.
Том хүрэн дамбааль, хайш яйш жийсэн хүрэн гутал, дандаа доош ширтэх уйтгартай харцтай тэр охинтой хэд хэдэн удаа ярилцах гэж оролдовч хэг ёг хийгээд нэг л болдоггүйсэн.
Тэр хүмүүстэй бараг ярьдаггүй. Бас тэр сандарвал ярихдаа ээрдэг болчихсон байлаа.
Намрын ажил ч дуусч оюутан багш хоёр хоорондоо ойртон дасалцсан ч харин бидний хэн ч Жигүүртэй ойртож чадаагүй юм.
Тэр ер нь инээх гэдгийг мартсан юм шиг санагдана. Уг нь бяцхан хөөрхөн Жигүүр охин орцны хана доргитол инээж, Мөнхөө агаа гэсээр намайг хараад гүйгээд ирдэг байж билээ.
Хажиг, зожиг, царай зүс сайтай бус, Жигүүрийг хөвгүүд байтугай охид хүртэл нэг л тээршаасан нүдээр харж, үл тоохыг мэдрэх надад маш хүнд байх.
Яагаад ч юм бэ би түүний хичнээн хөөрхөн байсныг, бас сэтгэлийн шархыг нь мэддэг тул түүний өмнө би буруутай ч юм шиг санагдана.
Магадгүй өөрөөсөө хүртэл нуудаг, мартахыг хичээдэг тэр гашуун дурсамж нь Жигүүрийг дотроос нь дэндүү идчихсэн шиг бодогдоно.
Хаа очиж Жигүүр хичээлдээ маш сайн тул удалгүй ангийнхан ч түүнд өөрөөр хандаж эхлэв.
Миний хувьд ганц бие, залуу багш, бас ч үгүй охид хүүхнүүдийн шохоорхлыг татдаг, царайлаг, нуруулаг гэдгээ би өөрөө ч мэддэг байсан ч оюутантайгаа л орооцолдож декан Содном гуай шиг балрахгүй юм шүү гэж дотроо ихэд хичээнэ.
Тэгсэн ч би өөрийн мэдэлгүй л духаараа харсан, бөгтийж алхдаг, нүднийх нь гал цог буурчихсан Жигүүрт татагдсаар байснаа тэр өдрийг хүртэл мэдээгүй юм.
Манай ангид нэлээн сахилгагүй, бас том даргын хүү , олон охидыг хуйлруулсан Цог гэж хүү байх.
Миний хичээл дээр асуугдахаар самбарт гарч ирж байгаа Жигүүрийн араас
-Унж, унж унжгараа, хүүе бөгтгөртэй морьхоон гэж Цогийг ээрч гацан орилоход хүүхдүүд пирхийтэл инээлдэж бие биенээ нудрахад Жигүүр таг дүлий, сохор хүн шиг байх нь зүрхийг минь урах нь тэр.
Би өөрийн мэдэлгүй барьж байсан шохойгоо Цогийн зүг шидэж орхитол Цог чарлаад явчих нь тэр.
Тэр өдөр хичээл манатай Цог эмнэлэгт хүргэгдэж хөмсгөндөө оёдол тавиулж би деканы өрөөнд дуудагдаж, цалингийн хорин хувиа хасуулж, сануулга авав.
Маргааш нь багш нарын өрөөнд ганцаараа сууж байтал Жигүүр ороод ирэх нь тэр.
-Ба, ба багшаа, та, та намайг уучлаарай, надаас л боллоо. Таныг одоо шоронд явуулах юмуу? Ангийнхан тэгж яриад байна лээ, үгүй биз дээ?
Ба, ба багшаа та, та манай байранд байсан Мөнхөө ах мөн биз дээ, та, та намайг таньж байгаа, та намайг мэддэг биз дээ гээд ээрч мууран, нүүрээ даран уйлахад нь би түүнийг тэврэн аваад энгэртээ наалаа.
-Тийм ээ, би чамайг танина. Жигүүр ээ, багш нь, үгүй ээ би, би чамд хайртай гээд өөрийн эрхгүй хэлж орхитол
-Та, надаас сэжиглэхгүй юу, та намайг мэдэж байгаа биз дээ намайг яасныг…
-Тэр чиний буруу биш, чи буруугүй шүү дээ. Мартаагүй юмуу чи, одоо мартах хэрэгтэй. Би чамайг жаргаана, муухай дурсамжийг чинь мартуулна. Харин чи минь буцаад хуучин шигээ болно гэж амлаач гээд нүдэн дээр нь үнслээ.
Тэр өдрөөс хойш Жигүүрийн жигүүр нь ургаж, нүднийх нь гал цог бага багаар сэргэж тэр ч бүү хэл бөгтийж явдагаа ч больж эхлэхэд ангийнхан, сургуулийнхан гээд бүгд гайхаж эхэлсэн юм.
Балчирхан насандаа амссан гүн шархыг нь би эмчлэхийг оролдсон. Бага багаар аньсаар Жигүүр минь яг өөрийнхөө таван настай үеийнх шигээ хүн бүрийн хайрыг татсан бяцхан хөөрхөн охиныг надад бэлгэлсэн юм даа.
Хүн давахгүй гэсэн даваагаараа гурав давдаг аа гэж юутай үнэн үг билээ. Оюутантайгаа сууж л амьтны амны бай болохгүй юм шүү гэж боддог байсан би ангийнхаа хамгийн унжгар оюутанг эхнэрээ болгож нуугдсан эрдэнэсийг гялалзуулагч , санаатай гар,залуу хүүхдийн толгой эргүүлэгч төгцөг гэх мэтээр элдвийн нэр хоч авсан юм даа.
835

Хүний амьдрал аа гэж сонин юм шүү. Тавхан настай нэг байрныхаа балчир охиныг хиргүй ариун сэтгэлээр, агаагийн хөөрхөн дүү хэмээн өхөөрдөж байхдаа би ирээдүйн эхнэрээ өвөр дээрээ суулгаад үнсэж, чихэр өгч байна гэж зүүдэлж ч явсангүй дээ. Хүний хорвоо гэж ….
Өчнөөн жил ангайж явсан шархыг минь аниулж өгсөн чамдаа хайртай гэж яралзтал инээх Жигүүр минь дахиад л наддаа хоёрдохь үрийг минь бэлгэлэх гээд дэгдэж яваа.
Түүний минь гал цоггүй уйтгар шингэсэн нүд, бөгтийж атирсан нуруу, өөртөө итгэлгүй байдал, бас сандархаараа ээрдэг нь ч зүгээр боллоо. Энэ он жилүүдэд хайрын хүчээр яг л хаврын нялх ногоо шиг нэг нэгээрээ цэцэглэн нахиалсаар, жигүүр нь ургаад нисэж буй шувуу шиг түүний минь үзэсгэлэн гоо нь дэлгэрч билээ.
Хэн ч харсан түүнийг өнөө унжгар охин гэж танихааргүй, бүүр Мөнхөө багшийн эхнэр үнэхээр хөөрхөн хүүхэн байдаг юм байна билээ гэсэн яриа энд тэндгүй л тархав.
Нэг өдөр гэнэтхэн Боловсролын яаман дээр дуудагдлаа .
Сандарч мэгдсээр яваад ортол, манай сургуулийн захирал, зарим багш удирдлагууд бүгд байж байх юм. Гэтэл сайд намайг маш их үр бүтээлтэй ажиллаж байгаа тул төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнасныг баяртайгаар мэдэгдэе гээд энгэрт минь Алтангадас одон зүүж өгөх нь тэр.
-Мөнхөө багш ч залуугаараа Алтангадас одон авлаа даа, заа одонгийн найр хэзээ вэ гэсээр энд тэндээс инээд алдан багш нар мөр алгадан баяр хүргэхэд өөрийн эрхгүй бие минь зарсхийж нүдэнд минь тавхан настай байсан Жигүүр минь харагдав.
-Баярлалаа та нартаа. Би цаашид улам сайн хичээж ажиллах болноо. Гэхдээ би одонгийн найр хийхгүй ээ уучлаарай гэхэд хүн бүрийн царайд эгдүүцэх гайхах хосолж ,бие бие үрүүгээ жогтой харц чулуудалцаж, зарим нь бүүр энэ нөхөр ч ингээд бүүр биеэ тоож эхлэв ээ дээ гэлцэх тэднийг орхиод би ажлынхаа өрөөнд яаран ирэв. Энгэрт минь гялалзах Алтангадас одонгоо алгуурхан авч, жаал харж байгаад өрөөнийхөө сэйфэнд хийж цоожилчихоод, эхнэртээ ч хэлэхгүйгээр мартахаар шийдлээ.. .

Зохиолч: Х.Тэргэл


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих