ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ, УРТЫН ДУУЧ ДОРЖИЙН ДУЛАМЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЛАА

51086944_1977444902373434_863348178081021952_nМонгол Улсын Засгийн газраас 2018 онд “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан. 21 аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор нийт улсын хэмжээний нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дууч Доржийн Дуламыг тодруулсан байна.

Өвлөн уламжлагч, уртын дууч Доржийн Дуламд шороон нохой жилийн өвлийн сүүл сарын шинийн 25-ны билигт сайн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагналыг нь гардуулан өглөө. Мөн энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж, шилдэг өвлөн уламжлагчдыг Засгийн газраас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Энэ жил анх удаа Монгол Улс шилдгийн шилдэг нэг өвлөн уламжлагчийг тодруулан алдаршуулж, 30 сая төгрөгөөр шагнан урамшуулж байхаар болсон тухайгаа зарлалаа.

Доржийн Дулам нь 1932 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрж, бага наснаас ээжээрээ заалган уртын дуу дуулж сурсан байна. Тэрээр ард олны дунд “Дөмөн” Дулмаа нэрээр алдартай бөгөөд “Дөмөн” уртын дууг эмэгтэй хоолойн хамгийн дээд өнгөнөөс эхлэн хоолойн өндөр өнгөөр дуулдаг онцлог арга барилыг эзэмшсэн байна. Мөн бүх ард түмний урлагийн их наадам, Язгуур урлагийн удаа дараагийн тэргүүн шагнал, Соёлын яамны жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж байсан ардын авьяастан бөгөөд Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн өвлөн уламжлагч ажээ.

50928448_1977444725706785_1940592436241760256_n


URL:

Сэтгэгдэл бичих