Баавгайн эд эрхтнийг хууль бусаар худалдаалахыг завджээ
Бүлэг этгээд баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, “Эмээлт” түүхий эдийн зах орчмоос хүрэн баавгайн эд эрхтнийг хууль бусаар худалдаалах зорилгоор тээвэрлэж явсан гэмт этгээдүүдийг 2019 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр үйлдэл дээр нь баривчилжээ.
Гэмт этгээдүүд “Тоёота карина” маркийн тээврийн хэрэгслээр нэн ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эд эрхтэн, арьс, толгойг худалдаалахаар Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирсэн байсан аж. Уг хэргийг одоогоор Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгаж байна. Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
П.АНИР
Оллоо.мн
URL: