Хүчин, дээрэм, хар тамхины хэрэг өсчээ

51

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хурлаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, референт Э.Ганцэцэг нар “Монгол Улсын шүүхийн 2018 оны шүүн таслах ажиллагааны тойм”-ыг танилцуулав.

Монгол Улсын анхан шатны шүүхүүд 2018 онд эрүүгийн 12551 хэрэг, иргэний 48155 хэрэг, захиргааны 1638 хэрэг, нийт 62344 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 12904 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 1087 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 3747 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 42.0 хувиар, иргэний хэрэг 6.5 хувиар тус тус өсөж, захиргааны хэрэг 14.1 хувиар буурсан байна.

Эрүүгийн хэрэг, зөрчил
Зарим хүнд гэмт хэргийн тоо өсөв. (Залилах, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна)
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

Хүчиндэх гэмт хэрэг 91 хэргээр буюу 47.6 хувиар;

Дээрэмдэх гэмт хэрэг 116 хэргээр буюу 62.7 хувиар;

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 11 хэргээр буюу 3.2 хувиар;

Хулгайлах гэмт хэрэг 137 хэргээр буюу 9.7 хувиар;

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 290 хэргээр буюу 39.7 хувиар;

Залилах гэмт хэрэг 180 хэргээр буюу 65.8 хувиар;

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 43 хэргээр буюу 50.6 хувиар тус тус өссөн байна.

Хүнийг алах гэмт хэрэг 18 хэргээр буюу 9.2 хувиар буурч, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг 1 хэргээр буюу 1.18 хувиар буурсан байна. Харин ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өсөв.

Ял шийтгүүлсэн нийт 12366 хүнийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 442 хүн буюу 47.4 хувиар, урьд ял шийтгүүлсэн хүний тоо 637 буюу 32.2 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 691 хүнээр буюу 30.6 хувиар өссөн бол, өсвөр насны хүний тоо 123 хүнээр буюу 28.9 хувиар, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн хүн 530 хүнээр буюу 30.6 хувиар тус тус буурсан байна.

Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 5099 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 41.2 хувийг эзэлж байна. Гэмт хэргийн улмаас 14053 хүн, 127 төрийн байгууллага, 99 компани, 1 нөхөрлөл, 3 төрийн бус байгууллага хохирсон байна.

Зөрчлийн хэрэг өсөв
Анхан шатны шүүх 13110 хүн, хуулийн этгээдэд холбогдох 12956 зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж 12901 хүн, 3 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан байна. Нийт 1088 хүн, 3 хуулийн этгээдэд 172.555.150 төгрөгийн торгууль ногдуулжээ.

Хянан шийдвэрлэсэн зөрчлийн хэргээс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил 6916 буюу нийт зөрчлийн 53.4 хувь, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 4270 буюу нийт зөрчлийн 33.0 хувийг тус тус эзэлж байна.

Газрын маргааны тоо өсч, төрийн албаны маргааны тоо буурав
Захиргааны хэргийн хувьд төрийн албаны маргаан 49.2 хувиар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 41.9 хувиар, ашиг малтмалтай холбоотой маргаан 10.4 хувиар, татварын маргаан 23.3 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 24.1 хувиар тус тус буурсан бол төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан, газрын маргаан 11.8 хувиар 19.2 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 22.8 хувиар, тус тус өссөн үзүүлэлттэй байна.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих