Баабар: Би шинэ үеийнхэнд найддаг

47

Нийтлэлч Баабартай ярилцлаа.


ЦАГААН САР

-Сар шинэдээ сайхан шинэлэхээр бэлдэж байна уу. Та цагаан сар тэмдэглэдэг биз дээ?

-Хэдэн жилийн өмнөөс тэмдэглэх болсон. Би айлын том нь, ээжийг өнгөрснөөс хойш над дээр ачаалал ирсэн шүү дээ. Тэгээд ч нас жар гараад эхлэхээр очиж золгох айл бараг үгүй болоод ирж золгох хүмүүс олширдог юм байна.

-Ууц тавьдаг уу. Буузаа өөрөө хийх үү?

-Ууц тавьдаггүй ээ. Аав, ээжийг байхад тэднийд ууц авч өгдөг байсан. Буузаа өөрснөө хийнэ. Хүний хийсэн бууз таашаагддаггүй. Сая хэд хоног хонины дөрвөн гуяар 500 гаруй бууз чимхэж хөлдөөлөө.

-Социализмын үед цагаан сар тэмдэглэхийг хорьдог байсан. Тэр үед та хорио цээр зөрчиж байв уу?

-Одоо энэ Цагаан сарыг ууцны, бэлэгний уралдаан болгож дооз хэтрүүлээд байгаа нь олон жил хорьж байсны гор гэж боддог юм. Орост ч “Старый новый год” хэмээх уламжлалт Зул сарыг нь олон жил хорьсноос болоод одоо тэмдэглэх гэж арай ч хэтрүүлдэг болсон гэсэн. Тэмдэглүүлэхгүй гэж яг шинийн нэгний өглөө хар үүрээр сонин уншлага зарлаж хатуу бүртгэж авна. Орой ажил тарангуут нь лекц гээчийг зарлана. Шинийн нэгэн бүтэн сайнд таарвал цасны баяр хэмээн хатуу бүртгэж хээр зугаалганд гаргана. Тэр үеийн нам эвлэл үйлдвэрчний хамгийн онгод сэнтэг нь хөдөлдөг өдөр байсан юм. Хэрэв энэ лекц, уншлага зугаалгыг нь тасалбал онцгойлон шийтгэнэ. Ажлаасаа хөөгддөггүй юм гэхэд цалингаа хасуулчихгүйн тулд өөрийн эрхгүй лекцдээд чаргаар гулгаад л явж байлаа. Тэр үед ийм хариуцлагатай юм тасалж зүрхэлдэг хүн бараг байгаагүй дээ.

-Хөдөөнийхнийг Цагаан сар хийхийг зөвшөөрдөг байсан шүү дээ.

-Би дээр үед Хэнтийд суманд багшилсан. Цагаан сар дөхөхөөр сумын Намын хороо сургуулийн захиргаанаас сумын төвийн иргэдэд заналхийлсэн сануулга өгнө. “Энэ бол зөвхөн малчин түмэн нэгдэлчдийн баяр шүү. Сумын төвийн албан хаагчид, багш эмч, сурагчдад огт хамаагүй” гээд л. Миний хор хөдлөөд болдоггүй. Айлаас бярууны өвчүү гуйж аваад сургуулийн гал тогоонд чанаж болгоод “ууц тавьчихлаа”. Хотоос хэдэн шил архи аваад ирэв. Ажил тарсны дараа багш нарыг гэртээ дуудаж золгов. Нэлээд халамцаж аваад биенийхээрээ хэслээ. Шөнө хэдүүлээ дуулалдчихсан явсан чинь Сумын намын дарга гэнэт гэрээсээ гарч ирээд биднийг гэртээ урьдаг юм байна. Орсон чинь дайлж байна, бид ч өгснийг нь уучихаад тэгсхийгээд гарсан юм. Маргааш нь сургуулийн захирал биднийг дуудлаа. “Анхааруулаад байхад та нар өчигдөр шөнө архидсан байна. Сумын намын дарга та нарыг бүгдийг нь бүртгэсэн байна, ирж намайг аашиллаа” гэж байна. Тэсэлгүй л “Даанч гэртээ уриад байсан юм, шөнө хэн нь хэнийг танихгүй болохоор гэрэлд харах гэсэн юм байна л даа” гэчихсэн чинь “Чамайг толгойлж зохион байгуулсан гэж байна, тэр байтугай чи ганц бие залуу хүн мөртлөө гэртээ ууц тавьсан гэсэн мэдээлэл ирсэн”. “Миний эцэг, өвөг, элэнц, хуланц тэмдэглээд ирсэн юм чинь заавал над дээр тасрах юм бол нүгэл хилэнц болно” гэж хэдэрлэв. Манай захирал Муна гэж их сайн хүн байсан. Дээрээс намаас нь хариуцлага нэхээд байсан учраас л хий дүрэмдэж шийтгэлээс өмөөрч өөрөө арга хэмжээ авсан дүр үзүүлсэн юм билээ.

УЛС ТӨРИЙН ХЭРЭГТЭН

-Таныг хөдөө багшилж байсан гэж мэдсэнгүй. Эрдэм шинжилгээний ажил л хийж байсан юм байх гэж бодсон.

-Би үйлдвэрт нормчин байсан. Шевроны үйлдвэрт эсгүүрчин хийж байсан. Би чинь IV зэргийн эсгүүрчин шүү. Энэ нь бас муугүй зэрэглэл. Даанч ажилчин эгнээнээс хөөгдчихсөн.

-Яалаа гэнэ ээ. Ажилчны эгнээнээс хөөгдөөд өө?

-Монгол, Зөвлөлтийн найрамдал нийгэмлэг гэж байжээ. Тэрний гишүүний татвар авна гээд нэхлээ. Уул нь ч шалихгүй л дээ, хоёр төгрөг байлуу даа. Би гишүүн биш гэсэн чинь одоо элсээд татвараа өгчих гэнэ. Элсэхгүй гэлээ. Тэгсэн тасгийн мастерийг дуудлаа “Элсэхгүй” л гэлээ. Тэгсэн цехийн дарга Ванчиндорж гээд том хүнийг дуудаж загнууллаа. Тэр хэлж байна аа “Бүх ажилчин заавал Монгол, Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн гишүүн байх ёстой гэсэн Төв хорооны тогтоол бий. Чи арай намын бодлогыг сөрөх гээд байгаа юм биш биз?!”. Тийм тогтоол байхгүйг нь мэдэх болохоор “Та тэр тогтоолоо үзүүлчих, тэгвэл би элсье” гэсэн чинь мань эрд хэлэх үг олдохоо больсон бололтой Үйлдвэрийн намын хороон дээр чирж аваачив. Тэнд би ч элсэхгүй гэдгээ батлан давтлаа, тэр дор нь тушаал гаргаж намайг “Социалист Монголын ажилчин ангийн эгнээнээс хөөсөн”. Бүр яг тэгж хэлсэн. Ажилчнаас хөөгдсөн Монголын түүхэн дэх цор ганц хүн байх аа, би.

-Иймэрхүү үзэл суртлын гэх үү, улс төрийн хэрэгт өөр орж байсан уу?

-Зөндөө. Гэхдээ би гайхуулаад байгаа юм биш шүү.

-Заримыг нь яриач, сонин байна.

-Би олон жил Энзимологи микробиологийн хүрээлэнд ажиллаж байсан. Энзимологи гэдэг нь фермент судлал, биохимийн ухааны нэг салбар л даа. Хүмүүс энэ нэрний утгыг тэр болгон ойлгодоггүй, харин манай хүрээлэнгийн “микробиологи” гэдгийг гадарладаг болохоор намайг микробиологич гэж эндүүрээд байдаг юм. Тэгж хэлэхээр нь би ичээд байдаг юм, хэдийгээр микробиологи нь нарийн шинжлэх ухаан боловч би тийм мэргэжил эзэмшээгүй болохоор худлаа өөрийгөө дөвийлгөсөн юм шиг болчих гээд.

-Тэнд байхдаа улс төрийн хэрэгт орж байв уу?

-Нэг удаа Октябрийн районы намын хороон дээр дууддаг юм байна. Намын гишүүн биш надаар яах гэсэн юм бол гээд очив. Дүүргийн намын хороон дарга гэдэг чинь Төв хорооны гишүүн айхтар том хүн шүү дээ. Лхагвасүрэн гэж хүн байсан, тэр дууджээ. “Социализм удахгүй сөнөнө, жаахан тэвчээд хүлээх хэрэгтэй гэж чи ярьсан байна. Ямар санаатайгаа хэл” гэж авдаг байгаа. Би үнэхээр тийм зүйл яриагүй болохоор гайхаад үгүйсгэв. Гэтэл мэдээлэл баттай эх сурвалжаас ирсэн гэнэ. Хэргийн мөрөөр хөөвөл үдийн завсарлагаар хэдэн хүнтэй буу халж байхдаа төлөвлөгөө биелүүлэх гэж мөн сайхан халтуурдах юм аа гэж цуурч байх хоорондоо “Социализмыг энэ утга учиргүй халтуурын төлөвлөгөө биелүүлэлт л цустах вий дээ” гэж ам цуурсныг бүр даваадуулаад нэг нь матжээ. Лхагвасүрэн дарга бид хоёр гайгүй тэгээд учраа ололцсон. Намайг амаа мэдэж яв гэж анхааруулсан. Гайгүй сайн хүн байсан, сүүлд шинэ нийгэмд Сонгуулийн хороон дарга хийж байсан даа, Лхагвасүрэн гуай.

-Өөр?

-Манай хүрээлэнгийн нэг ажилтан “Алдарт эх”-ийн одонгоо угааж биднийг гэртээ цайлав аа. Би ч нэлээд халж. манай захирал “Үлэмжийн чанар дуугаа дуул, чи их хөөрхөн дуулдаг” гэж намайг догиов. Бусад нь ч дуул дуул гэцгээнэ. “Нийгмийн эрэг шураг болсон та нарт “Үлэмжийн чанар” ямар хүртээлтэй юм. Залуучуудын марш л бидэнд зөвшөөрөгдсөн ганц дуу. Тэрийг дуулцгаая, Хашаа байвал даваад гарна, Шалбааг байвал туулаад гарна гэдэг биз дээ” гэж согтуурхахгүй юу даа. Маргааш нь Мах комбинатын намын хороон дээр дуудлаа. Бөөн асуудал болж. Манай хүрээлэн авсаархан болохоор намын хороо байхгүй, Мах комбинатын намын хороонд харьяалагддаг юмсанж. Бид малын түүхий эдээс элдэв биологийн бодис ялгах шинжлэх ажилтай болохоор хүрээлэн түүхий эддээ ойр учир Мах комбинатын хашаанд байрладаг байсан юм. Намын хороо хуралдаж намайг эгээтэй л алах нь ээ. Гэтэл Мах кобинатын дарга Жамьянсүрэн гэж их ухаалаг сүрхий хүн байсан. Тэр хэлж байна аа “Биенийдээ очиж зүгээр нэг идэж уугаад аятайхан наргичихгүй өөр хоорондоо маталцаад л, олилцоод л ямар өөдгүй хүмүүс вэ!” гэж ширүүлээд бүх асуудалд цэг тавьчиж билээ.

НЭПКО компанийн хамт олон Шанхайд аялав

-Таныг хэрэгт орохоор дандаа сайн хүмүүс таарч аврагдаж байжээ дээ?

-Гол нь манай захирал Цэрэндэндэв гуай намайг их өмөөрдөг байсан. Ухаантай ч, мэдлэгтэй ч нэгэн байлаа. Өөрөө намын шийтгэл олон амсаж явсан болохоор зовлон ойлгоно. Офицерийн сургууль төгсөөд их сургуульд сурч малын эмч болсон. Гэвч өөрөө оролдож биохимич болоод их сургуульд биохимийн багшаар олон жил ажилласан. Философийн багш Нямдорж, физикийн багш Цэрэн (Дунд сургуулийн физикийн сурах бичгээр нь олон хүн танина даа) манай Цэрэндэндэв гуай гурав улс төрийн хэл амны хэрэгт орж Их сургуулийн багшаас хөөгдөж явсан намтартай. Би захирлаасаа шинжлэх ухааны ч, амьдралын ч олон юм сурсан. Аашийг нь ч авсан, цуурдгийг нь ч сурсан. Олон ч удаа загнуулж явлаа. Тэр үед нь уур хүрээд л байдаг байсан, хожим нь бодож байхад ирээдүйг минь л зөв залуурдаж байж дээ гэж санадаг юм.

-Та социализмын үед намын гишүүн байсан уу. Тэр үед ганц намтай, бараг бүгдээрээ тэр намынхаа гишүүн байсан юм биш үү?

-Тэр арай үгүй байх аа. Өөрсдийн шалгуураар элсүүлдэг байсан. Би “Сарлагийн химотрипсины физик хими шинж чанар” бүтээлээрээ Олон улсын оюуны өмчийн шагнал авав аа. Швейцариас өгдөг. Намын хороон дээр дуудаж байна. “Манай нам өөрийн эгнээнд тэргүүний сэхээтнүүдийг оруулдаг. Одоо чи намд элсэх хэрэгтэй”. Тэгэхээр нь би “Өө больё, оочер нь дийлдэггүй юм билээ” гээд хэлээд тавьчихсан чинь “Чи манай намыг талх, маханд оочерлодогтойгоо зүйрлэлээ” гэж тархи толгойгүй загнаж өрөөнөөсөө хөөж гаргасан.

-Тэгвэл ядахнаа Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байсан биз дээ?

-Үгүй. Тухайн нийгэмд би ямар ч нам төр олон нийтийн байгуулагад хамрагдахгүй гэсэн бодолтой байсан. Манай хүрээлэн жижигхэн болохоор хороо мороо гээд томрохоороо дээшээ том байгууллагад хамаарна. Тэндээс Үйлдвэрчний хороон дарга Бадраа гэж хүн ирж манайхыг шалгав аа. Намайг Үйлдвэрчний батлахаа үзүүл гэлээ. Би гишүүн биш гэсэн. Тэгсэн бүртгэл хараад чи хэдэн жил татварыг нь хураалгасан байна, тэгэхээр гишүүн мөн байж таарна гэнэ. “Та нар ямар асуудаг биш, цалингаас шууд л татчихдаг биз дээ?”. Бөөн шуугиан. Миний хураалгасан татварыг буцааж өгнө л гэнэ. Үйлдвэрчний эвлэл бол луйврын газар биш л гэнэ. Бүх ажилчдын хурлаар оруулах юм боллоо. Би дөнгөж гэрлээд байсан. Тэр хуралд нь очоогүй, тэгсэн манай эхнэрт батлах бичээд өгчихсөн байсан шүү.

-Бүгдээрээ залуучуудын эвлэлийн гишүүн байсан шүү дээ?

-Би гадаадад сурч байсан болохоор чимээгүй бултчихаж болж байсан.

-Эрхбиш пионерийн гишүүн байсан биз дээ?

-Харин пионер бол байсаан. Гуравдугаар ангид байхад манай ангийн хоёр хүүхдийг намын баяр тохиолдуулан Сүхбаатарын талбайд хүндэтгэлтэйгээр пионерт элсэх урамшуулал олгосны нэгэнд нь би багтлаа. Цагаан цамцтай очоорой гэсэн. Том дарга нар бололтой улсууд бидний хармайлж очсон улаан бүчийг зүүж өгсөн. Гуравдугаар сарын нэгэн! Аймаар хүйтэн байхад тэр олон нялх хүүхдийн гадуур хувцсыг нь тайлуулж дотуур цагаан цамцтай нь үлдээж ёслол хийж байгаа юм даа. Одоо тийм болбол бараг л Засгийн газар огцрох байх аа. Тэрнээс аймаар юм би чамд хэлж өгье.

-За.

-Жаран зургаан оны нэгдүгээр сард Брежнев Монголд айлчилж галт тэргээр ирэв ээ. Сургууль сургуулиас тэргүүний хүүхдүүд шилж тэднээр зочдод цэцэг өргүүлэх юм болов. Гай болтол би бас тэргүүний сурагч бололтой. Гэхдээ тийм хувь заяа ноогдсондоо учиргүй хөөрч баярлаж байсан шүү. Зочид ирлээ. Бид өөр өөрийн ноогдсон цэцэг өргөх зочинтой. Миний оноолт Зөвлөлтийн Батлан хамгаалахын сайд маршал Малиновский.

Галт тэрэгний буудалд бидний хувцсыг тайлуулаад дан цагаан цамцтай гартаа цэцэгтэй богооны зүг гүйлгэлээ. Өнөө маршалдаа ч цэцгээ өгөх нь өгсөн. Өнөөх чинь талархаж өхөөрдөж байгаа юм байлгүй тонгойж ирээд л намайг өөртөө наалаа. Хүйтэн шинель! Ядахнаа бараг хөлдүү металл товч нь хацар таарчээ. Маршал өхөөрдөөд л шинелиндээ улам чанга наагаад л. Би гэж амьтан хөлдөж үхэхийн зэрэгцээ хацар хүйтэн төмөрт хайрагдаад золтой л уйлчихсангүй. Сүүлд нь хацар хайрагдаад цэврүүтээд сүйд болох шахаж билээ.

САРХАД

-Согтож агсам тавилаа гэснээс та архи уудаг уу. Тамхи татах ч гэж найгүй юм.

-Би уудаг. Жилдээ лав хоёр гурван удаа донхойтлоо ууна гээч. Гэхдээ учиртай. Нэгд, муу архи ууж болохгүй, хоёрт сайн таних мэдэхгүй хүнтэй ууж болохгүй. Гуравт, төлөвлөлгүйгээр тохиолдлоор ууж болохгүй. Дөрөвт, маргааш нөгөөдөр нь даварч болохгүй. Архигүй хурим энэ тэр бол утгагүй юм гэж боддог шүү. Бага зэрэг халсан байж хүмүүсийн харилцан яриа найрсаг дотно болдог, илүүтэй ойлголцдог. Архи бол хүмүүсийн харилцаанд зөөллөгч болдог. Гэхдээ ухаанаа алдчихаад шүлс амаа гоожуулах тухай хэлээгүй шүү. Тамхины хувьд гэвэл би бүр хүүхэд байхдаа тамхинд орчихсон юм аа. Дөрөвдүгээр ангид байхдаа баян хуурын дугуйланд явлаа. Хөгжмөө сурсан юм байхгүй, тамхичин болоод дууссан.

-Тэгвэл анх хэзээ архи ууж үзсэн?

-Чи бүр нэг шийдчихсэн архичинтай ярилцлага хийж байгаа юм шиг болоод явчихав уу? Би анх нэг настайдаа архи ууж согтож үзсэн. Гэхдээ тэрийгээ өөрөө санахгүй л дээ, сүүлд л аав ээж шоолж ярьдаг байлаа. Манайх монгол гэрт байжээ. Дээр үед юм хураах зай гаргах гэж ороо өндөрлөдөг байсан юм. Хуурай сүүний лааз орны хөлд ивэхээр доогуур нь зөндөө зай гарна даа. Би дөнгөж хөлд орж байсан болохоор орон доогуур босоогоороо алхаад ордог байж. Тэнд 10 литрийн бидонд монгол архи хадгалсан байсан нь яагаад ч юм таггүй байж. Би очоод тэрэнд нь гараа дүрж норгоод л тэрийгээ долоогоод байсан бололтой.

Тэгээд тэндээ согтсон ч юм уу, нойр нь хүрсэн ч юм уу унтаад өгснийг томчууд олсон байгаа юм. Мэдээж гэрээр нэг хэрүүл үүсч таарна. Хүүхэд харж байхад яасан юм, энэ бидоныг таглахад яасан юм, хэн энд архи хадгалсан бэ гэх мэтээр.

-Архины асуудал манай нийгмийн хамгийн тулгамдсан хүнд хэрэг болчихоод байна даа?

-Нэг талаас үнэн, нөгөө талаас худлаа. Горбачёв гарч ирүүтээ архины эсрэг дуулиантай тэмцэл явуулав даа. Мэдээж тэгэнгүүт нь Монголд улам нугалж байгаад л гаарсан дайн зарлав аа. Архи эрдэнэ болж оочер нь бараг км хүрч байсан байх. Тэр үед авсан фото ч байдаг. Спиртэнд өгөрцийний шүүс хандалсан “Лосьён” нэртэй нүүр цэвэрлэдэг шингэн долоон төгрөгөөр дэлгүүрээр нэг байснаа хорио эхлэнгүүт дороо алга болсон.

Анх удаа монголчууд нууцаар гэртээ самагон нэрж эхэлсэн. Баригдсаныг нь гудамжаар жигшүүлэн алхуулах арга хэмжээ хүртэл авч байлаа. Тэр үеийн сонингуудад бий. Яг Хятадад Соёлын хувьсгалын үеийн шившиглэх арга хэмжээтэй хачин адил. Айлд нэг шил архины зөвшөөрөл олгоод эхэлсэн чинь огт хэрэглэдэггүй хүн хүртэл уудаг болж эхэллээ. Архигүй хурим зохиож шагналд нь байр амлахаар шалгалтынхан гараад явуут гударч өгнө. Хүнийг худалч хуурамч болгох хүмүүжил. “Шаг” гэж үг тэр үед гарсан юм шүү дээ. Ерөн онд энэ бүх хорио цээр тавигдангуут Монгол орон тэр чигээрээ шал согтсон доо. Тэр үед олигтой архи дарс байхгүй, Хятадаас цэвэрлэгээний зориулалттай “Өвгөнт” хэмээх шингэнийг улсаараа ууж эхэлсэн. Голландад үйлдвэрлэв гэсэн хуурамч шошготой спирт найруулж ууна. “Найрка” гэдэг үг ч тэр үед зохиогдсон. Ухамсаргүй хорио ийм аюултай. Тэр үед лав миний таньж мэддэг архины лүүнүүд бараг бүгд үхсэн.

-Нээрэн одоо хараад байхад архидах явдал лав л нүдэнд харагдах нь нэлээд ховордсон юм уу даа?

-Монголчуудын архины хэрэглээ бусад сэрүүн бүсийн орнуудтай харьцуулахад даруухан шүү дээ. Бүхий л спиртлэг умдааг цэвэр спиртэнд шилжүүлэн тооцдог. Бид жилд нэг хүн тав, зургаан литр спирт хэрэглэдэг. Харьцуулахад оросууд 17 литр, Европын ихэнх орнууд 10 литрээс илүүг уудаг. Манай хэрэглээ Япон, Солонгосынхоос бага. Бидний зовлон 100 грамм ууж мянган грамм согтдог. Хатуу архи хэрэглэхийг илүүд үздэг. Гэмт хэрэг, ахуйн зөрчил, аваар ослын дийлэнх нь согтуугаар үйлдэгддэг. Шар арьстанд спирт задалдаг алкохолдигидрогенеза гэсэн урт нэртэй фермент дутагдалтай байдаг учраас архинд амархан хорддог. Япон, солонгосчууд ууж байхдаа архи задалдаг бодис эм байнга хэрэглэдгийг ажигласан байх. Оросууд хичнээн архичин ч өлөн уудаггүй. Уух соёл нь дутаад байна. Тэгээд ч агсам зан бидний цусанд байдаг биз. Манай шинэ үеийн залуус өөр болжээ. Ядахнаа водка гэхээсээ пийв мэтийн зөөлөн ундаа уух болсон нь ажиглагдаж байна. Цагаан сар, шинэ жилээр эрүүлжүүлэхийн байр бараг хоосордог гэж цагдаагийн газраас мэдээлж байна. Орост “шинэ орос” гэсэн ойлголт буй болсон нь бизнис хийж баяжин хөл дээрээ боссон хүмүүсийг нэрлэдэг. Тэдний бусад оросуудаасаа ялгагдах шинж нь огт архи амсдаггүй юм гэнэлээ.

-“Архи уудаг хүн адгийн амьтан, архи ууддаггүй бол тэрнээс ч дор” гэж нэг удаа жиргэснийг чинь үзээд гайхаж байсан?

-Энэ бол яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн үг л дээ. Тэднийх Толгойтод Таван шард байдаг байлаа. Гэрээр нь байнга зочид дүүрэн. Цөмөөрөө л шил архи барьчихсан очно. Би ч нэлээд хэдэн удаа цалингаа буухаар ганц шилтэй очно оо. Яриаг нь сонсох гэж тэр шүү дээ. Их ухаантай, боловсролтой хүн, сонин хачин шинэ соргог юм их ярина. Ханан дээрээ хаа хамаагүй л шүлгийн мөр бичээд тавьчихдаг зантай. Тэрэн дотор нь “Архи уудаг хүн адгийн амьтан, архи уудаггүй бол тэрнээс дор” гэсэн мөр байсан юм. Энэ бол тухайн нийгмээ шүүмжилсэн улс төрийн утгатай үг болохоос архи уухгүй бол адаг шаар гэсэн утга байхгүй. Тухайн үед манай улс матаачдын нийгэм байлаа шүү дээ. Цэдэндорж гуай олон удаагийн ийм матаасны золиос болж нийгмээсээ гадуурхагдаж ядуу гутруу амьдрал туулсан нэгэн. Шоронд ороогүй болохоос амьдрал нь Чойномынхтой төстэй. Өөрөө ч их уудаг байлаа, хөнжилдөө нууж уудаг томоотой царайлсан матаачид энэ аугаа хүний авьяас билэгт атаархаж, түүнээ дээш нь ховлон доош хийх гэж тэлчилдэг байсан. Тэрийг л ийм гоёор илэрхийлжээ. “Би ч яахав ил архичин, тэд архи уудаггүй гээд авьяас чадвар, хүн чанараар надаас дээр юм гэж үү” гэж надад тайлбарлаж байв. Одоо ч ийм матаачид ялангуяа нийгмийн сүлжээгээр нэг болж дээ. Атаархал хорслоо нэр нүүргүй, хаяггүйгээр илэрхийлнэ. Дээр үед матаас гүтгэлгийг албан ёсоор хүлээн авч албажуулдаг намын болон төрийн инстүүцүүд олон байсан. Одоо бол бүр ил задгай болсон.

Би чамд хачирхалтай баримт хэлье. Монголын түүх бичиж байхдаа хатуу хяналттай, хүн болгоныг мөрдөж тагнаж чаддаг тэр айхтар тогтолцоо ямар механизмаар амь бөхтэй оршин тогтнож чадаад байсныг ойлгох гэж оролдсон юм. Харгалзах ажиллаж байсан хүмүүс болоод архивын баримттай танилцлаа. Матаачдын барагцаалсан тоо 200 мянга хүрдэг байх шүү! Бодоход огт боломжгүй сансрын тоо. Ердөө нэг сая 500 мянган хүн амтай, түүний дийлэнх нь хүүхэд. Хүн үнэмшимгүй өндөр тоо гарсан учир би арай багасгаад 150 мянган матаач байсан гэж бичсэн. Гэтэл механизм нь ийм юм билээ, пирамид систем. Шагнал урамшил авдаг байнгын мэдээлэгч тийм ч олон биш. Гэхдээ төвдөө болон засаг захиргааны нэгж бүр өөрийн албан ёсны мэдээлэгчтэй. Мэдээлэгч цааш нь өөрийн мэдээлэгчтэй, тэд нар нь гол төлөв нам эвлэлийн зүтгэлтэн ажилтан, голдуу сайн дураар ажиллана. Тэдний дор байдаг нь өөрийгөө мэдээлэгч гэдгээ ч мэдэхгүй хов зөөгчид, матаачид. Матах, ховлох бол манай үндэстний гол эрхэлдэг ажил шахам болчихсон байсан үе шүү дээ. Энэ болгон системчлэгдсэн нэгдсэн бүртгэл рүү орно. Би Солженицыны бичсэн “Худал хуурмаггүйгээр амьдрах нь” өгүүллийг орчуулаад сайн найз нөхдөдөө тараав аа. Тэрнээсээ болж баригдаж хоригдож байсан. За тэр нь ч яахав гэхэд бичгийн машин дээр хортой цаасаар олшруулж бичсэн нийт 12 хувийн 4 нь байцаагчийн ширээн дээр байж байдаг байгаа! Муухай байгаа биз? Хэн аваачиж өгснийг мэдэхгүй ч итгэсэн найз нарын маань гурав бүрийн нэг нь матаач байжээ.

“Воол стрит жорнал” сэтгүүлд гарсан манай гэр бүлийн зураг

АТААРХАЛ

-Та твиттерээр нэлээд идэвхтэй жиргэх юм. Нийгмийн сүлжээгээр таныг муулсан, доромжилсон бичлэг ховор биш?

-Твиттерт надад ганцхан хаяг бий. Болбол би хүмүүсийн асуултад хариулах чиглэл барих гэж боддог юм. Саяхан өвдөөд гэртээ хэд хоносон, хийх юм олдохгүй нэлээд идэвхжсэн чинь хүмүүс гайхаад. Одоо жаахан биеэ барина аа. Нэр нүүр хаяггүй гарууд л өдөж доромжилж гүтгэдэг шүү дээ. Нийгэмд олны танил болсон хэн ч ийм дайралтаас ангид байх аргагүй. Ялангуяа манай нийгэмд. Эднийг ер тоох хэрэггүй, би шууд л блоколчихдог. Тэд хөөрхий хариу үйлдэл хүлээдэг, огт тоохгүй болохоор шаналж зовдог юм. Сэтгэл судлаачид энэ талаар тодорхой судалгаа олныг хийсэн. Үнэндээ тэд тийм ч олуулаа биш, нийгмийн сүлжээнд олон хуурамч хаягтай, сэтгэгдэлд хаяг нэхдэггүй болохоор тэнд тун идэвхтэй. Блоколчихоор шинэ хаяг нээгээд л ороод ирнэ. Заримыг нь ч таньдаг боллоо, зарим нь угаасаа сайн таньдаг хүн болох нь бичлэгээс нь мэдэгддэг. Хүнийг байж ядуулдаг хэдхэн сэдэл байдаг. Эхнийх нь атаархал. Овойж оцойх гэхээр чадал нь хүрдэггүй, үүнийхээ буруутанг өөрөөс нь дээш гарсан хүмүүсээс хайдаг. Өвчний байдалд хүрч даамжрахаараа Ньютон, Эйнштейнд атаархаж, Бурхантай барьцдаг юм. Нөгөөх нь комплекс. Дутуу төрснөө мэдэрсэн гутрамж гэх юм уу даа. Өөрийнхөө сул дорой, царай муутай, тэнэг дүнхүүгээ мэдэрч гутралт дутуугаа өөр зүйлээр нөхөх гэж оролддог. Цуврал алуурчин ихэнхдээ бэлгийн ч юм уу дутмагшлаа нөхөх гэж ийм үйлдэл хийсэн байдаг. Дутуугааа хорслоор тайлах сонирхол.

-Та нийгмийн сэтгэл зүйн талаар их бичдэг. Психологи таны хобби юу?

-Би хойно сурч байхдаа нэг өрөөнд сэтгэл судлалын хоёр оюутантай хамт амьдарч байсан. Нэг нь нас барчихсан, нөгөөтэй нь одоо ч холбоотой. Тэр хоёр сэтгэл судлалын талаар хоорондоо их маргалдана, би маргаанд нь оролцож эхэлсэн, дутахгүйн тулд энэ талаар олон ном уншсан, сүүлдээ сонирхолдоо хөтлөгдөөд дутахгүй маргаанч болж билээ. Бид сэтгэл судлал гэж ерөнхийлөөд байгаа болохоос хүүхдийн, кримналийн, нийгмийн, хайрын, өвчний, үндэстний, галзуугийн гээд маш өргөн чиглэлд салаалсан шинжлэх ухаан шүү дээ. Анхлан би Фройдод их автагдаж бараг тэрүүгээр өвдөж байсан. Сүүлд нь Карл Поппэрийг уншаад эдгэсэн. Нийгмийн сэтгэл зүй, тэр дундаа нүүдэлчдийн сэтгэл зүй их сонирхдог. Болбол өөрөө энэ чиглэлээр судалгаа хийчих санаатай. Манайд түүхэнд болон одоо болж буй бүх талбарын үйл явдлыг байгаль орчин тэрэнд нь амьдарч буй хүмүүсийн аж ахуй дасал зохицолтой холбож ойлгох хэрэгтэй юм болов уу гэж боддог. Яагаадын уг сурвалжийг тэндээс л хайдаг. Яагаад бид фактад гэхээсээ домог цуурхалд илүү итгэдэг юм? Яагаад монгол хэл юмыг дүрслэхдээ маш баялаг мөртлөө сэтгэлгээний илэрхийллээр хоцрогдмол байдаг юм? Яагаад бид хэрэглэх дуртай мөртлөө хэмнэх хуримтлуулах дургүй байдаг юм? Яагаад бид биеийн хөдөлмөрийг “хар ажил” гэж нэрлэдэг юм? гэх мэт.

-Таныг нэр нүүрээ нууж муулахаас гадна нүүр нэртэйгээ шүүмжилдэг улс ч бий. Жишээ нь, танай компанид хэвлэсэн Орос- Монгол толийг хоёр мянган алдаатай хогийн халтуур гэж нэг монголч гадаад хүн олон удаа ярилцлага өгсөн.

-Тэр толь бол Английн Коллинз компанийн ориг бүтээл. Бид тэдэнтэй хамтарсан. Үгийн бүтэц найруулга, жишээ, сан, жагсаалтыг бид мөнгөө төлөөд эрхийг нь авсан. Коллинз бол толь бичгээр дагнасан, 150 жилийн түүхтэй нэр хүндтэй хэвлэлийн газар. Тэднийг хэдэн мянгаар нь алдсан гэдэгт би л лав итгэхгүй. Ийм толийг бүтээхэд орос пийшин дээр унтахаараа нэг болсон ориг орос хүмүүс олноор оролцоо биз. Далимд хэлэхэд тэр хүний өөрийнх нь зохиосон толийг сонирхвол Дамдинсүрэнгийн тольтой зэрвэсхэн нэг тулгаад харчихыг бодоорой.

-Таныг бас хөлсний бичээч гэж их хочлох юм аа?

-Би хулгай хийх, хууран мэхлэхийг үзэж чаддаггүй. Миний хүмүүжил л байх даа. Нэгэнт би олны танил болсон болохоор надаас өө сэв эрэх нь гарцаагүй. Ингэхээр л өөр өөлөх юм олдохгүй болохоор хөлс мөнгөөр бичдэг гэсэн зохиол туурвиж буй нь тэр. Тэгээд хэдээр бичих вэ? 100 мянган төгрөг аваад л, тэрүүгээрээ гэрээрээ ресторанд ороод л, хөлсөө арчаад л, айн? Би тийм ядуу хүн биш шүү дээ. Манай компани байгуулагдаад 10 жил болоход бид улсад хоёр сая долларын татвар өгсөн байна. Доллараар хэмжиж буй нь төгрөг болохоор байнга унаад жинхэнээр хэмжих аргагүй юм. Дээр ярьсан Монгол Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн гишүүний татвар хоёр төгрөг байсныг өнөөгийнхтэй харьцуулж болохгүй биз дээ. Олон сэтгүүлчид хөлс мөнгө авч бичдэг, би тэрийг буруутгадаггүй. Сэтгүүлчийн мэргэжлээр гэдсээ тэжээх тийм амар биш. Гэхдээ тэд өөрийн зиндаатай учир тэр болгоныг хүн хөлслөхгүй. Ажиглаад байхад хэн нэгнийг хөлсөөр магтах болон муулахын шагнал их бодож дээд тал нь хөөрхий 100 мянган төгрөг л байх шиг. Хүн болгон ийм үнэ хүрэхгүй, хүн болгон ийм мөнгө төлж чадахгүй. Тэгж халгиж цалгисан юм хөөрхий амьтдын бичээд матаад гүтгээд байгаа шиг юм байхгүй шүү дээ. Хятадын хуулиар цаазын ял өгөх хэмжээний хар тамхи зөөж баригдаад байгаа манай аваргууд амь насаараа дэнчин тавьсан эрсдэлийнхээ шанд дээд тал нь ердөө хоёр мянган доллар авдаг юм билээ, хөлсний жиргээчдийн шагнал хадаад шил архины мөнгө байдаг юм билээ. Чааваас даа, хямдхан зах зээл.

Би өөрийнхөө хүссэнээр л бичдэг. Ойлгосныгоо хүмүүст хэлж өгөхийн тулд л бичдэг. Надад өөрийн дураар, хэнээс ч үл хамаарч бодсон санаснаа бичих хэвлүүлэх бусдад уншуулах нь жаргал байдаг. Ийм амттай жаргалыг тэр болгон хүн ойлгохгүй л дээ. Ялангуяа атаархаж комплексдож хорсож байгаа хүмүүс төсөөлөх ч үгүй. Надад захиалга өгье гэж ирдэг хүн маш цөөн дөө. Тэд миний аашийг мэддэг болохоор ийм асуудал тавихаасаа жийрхэддэг байх. Ирж байгаа нэг нь намайг мэддэггүй учраас. Оюу толгойгоос сард 10 мянга хэдэн доллар хэдэн цент албан ёсоор авдаг гээд л хийрхлээ. Надад тийм орлогын мөнгө байдаг бол татвар төлсөн байх ёстой, иймээс сонинд ингэж ярилцлага өгч байхаар татварын албанд матаад л шоронд суулгаж болно шүү дээ. Тэгвэл ядахнаа тайвширч, тэд бүтэн нойртой хонох болно. Татвар төлөөгүй хэргээр олон хүн шоронд орсон байх шүү, манайд. Лав л казиногийн гэх гурвыг Зоригийг алсан хэрэгтэй холбон, казиногоос хахууль авсан гэж шоронд хийснээ шүүхээс энэ хэргийг нь хэрэгсэхгүй болгон цагаатгасан боловч ичсэн нүүрэндээ ухсаар байгаад татвараас зугтаасан гэж ял өгсөн юмдаг.

-Тоож захиалгаар бичдэггүй байж. Гол орлого тань хэвлэлийн компаниасаа юу. Ер нь хэдэн ном бичив. Таны бичсэн олон ном харагдах юм?

-Дөч орчим ном бичиж, орчуулж хэвлүүлсэн байх аа. Би Монголын зах зээлд 600 шахам мянган ном борлуулсан хүн шүү дээ. Ядуу байх үндэс байхгүй байгаа биз дээ? Хүн мөнгө өгөхөөр турж үхэх гэж байгаа юм шиг нэр нүүрээ барах шаардлагагүй байгаа биз дээ? Халгиж цалгисан баян биш л дээ. Хүнээс гуйхаарагүй. “Хүн аз жаргалтай амьдрахад тийм ч их юм шаардлагаггүй” гэсэн Сократын сургаалыг дагадаг. Мөнгөний хойноос шуналтвал газар авъя, орд авъя, тендер авъя гээд гүйхэд надад унжина гэж үү? Бүр аль ч Засгийн газар уухайн тас л өгнө шүү дээ. Яаж ч модоо барьсан төрөөс юм гуйхгүй гэж боддог шүү. Сайд болъё, Элчин болгооч, ядахнаа сургуулийн захирал болмоор байна гэвэл хэн татгалзах юм бэ? Шинэ зуун гараад бүх л Засгийн газар санал тавьж байсан. Тэгж төртөй орооцолдож түмний шившиг болохоо ч болих уу даа. Төрөөр дүүрэн хулгайч нар, дунд нь орчихоор үгүйдээ л хам хэрэгтэн болно биз дээ. 2004 онд Элбэгдоржийн, 2016 онд Сайханбилэгийн хүсэлтээр хоёр хоёр сар зөвлөх хийсэн. Яг тодорхой нэг ажил гүйцэтгүүлэхээр тэд гуйсан юм. Нэг л болзол тавьсан. Энэ ажлыг чинь гүйцэтгэе, хоёр сараас илүү чадахгүй, энэ хооронд цалин авахгүй. Цалин авбал албан ёсных болчихно шүү дээ.

-Ямар ажил гүйцэтгэсэн юм?

-2004 онд Ай Ти хариуцсан ганцхан хүн Дэд бүтцийн яаманд ажиллаж байсан. Одоо энэ Батзандангийн ах. Яам биш гэхэд хариуцсан агентлаг байгуулах шаардлагатай, XXI зуун гарчихаад байна шүү дээ. Нөгөө нь Засаг захиргааны өөрчлөлт хийгээч гэж хүссэн юм. Сайханбилэгийн хувьд АСЕМ тулчихаад байдаг, хариуцаж байсан Дэлгэрмаа нь Орост элчин болоод явчихсан. Үүнийг дуусгаач гэж гуйсан юм. Долоо хоногт хоёр удаа ирж хуралд нь сууж хүн загнадаг ажилтай л байсан. Бөөн шуналын микробнууд хүний ой тоонд багтамгүй их мөнгө гүйцэтгэлд нэхсээр орж ирдэг юм билээ. Зочдын тосгоны тохижуулалтад хоёр тэрбум гэсээр ирэхэд нь загнасаар байгаад 500 сая болгосон. Хар ажлыг нь цэргүүдээр үнэгүй хийлгэсэн. Хэвлэл мэдээллийнх гээд 2.5 саяыг нэхсэн. Тэрийг нь байшингийн подволд хийлгэх болгоод өртгийг нь хоёр дахин багасгасан. Хамгаалалтыг сайд асан Зоригийг шахаж байж үнэгүй болгосон. Улсын төсөвт 21 тэрбум төгрөг тусгасан байсныг хэмнэж 19 тэрбумд багтаасан даа.

-Далимдуулаад 400 гаруй тэрбум төгрөг хулгайлсан гээд л сурталчлаад байх юм?

-Ёстой бүү мэд. Хаанаасаа тийм их мөнгө гардаг юм. Аудитын дарга тийм тооцоо гаргасан гэсэн. Сонссоноор жидүүгийн шуугиан гарангуут тэрийг сөргүүлж тэр нөхөрт жидүү өгч байгаад хийлгүүлсэн гэсэн. Урьд нь залилангийн хэргээр орон шоронд орж явсан нөхөр гэж дуулсан. Сайханбилэг 70 тэрбум, Бат-Үүл 30 тэрбум төгрөг хуссан ч гэх шиг. Эрхбиш учир нь олдох байлгүй.

-Таныг олон сая төгрөгийн ном шахсан гэж сэтгүүлчдийн холбооны дарга ТВ8 сувгаараа мэдээллээд л байна билээ?

-Төртэй холбогдсоны л гай байхгүй юу. Арван хэдэн хүнд авдар авдраар нь ном өгсөн юм яриад байгаа биз? Уг нь нийт таван мянган гадаадын зочид ирсэн юм шүү дээ. Манай дэлгүүрт байсан номыг авсан байна билээ. Биднээс өөр англиар ном хэвлэдэг газар бий юу? Монголын танилцуулгыг зөвхөн зохиож бичихэд нь зориулаад 45 сая төгрөг төлөвлөсөн, тэрнийг нь хийх компани захиалгаа авчихсан байсан. Би тэрийг нь огт үнэгүй хийгээд өгье гээд, цаг нь тулчихсан байсан учир манай залуус өдөр шөнөгүй ажилласан. Нэг төгрөг ч аваагүйн шалтгаан нь зайлуул эх орноо л бодож байгаа хэрэг шүү дээ. Улс болгоны ийм танилцуулга хийдэг Английн компаниас мөнгийг нь төлж байгаад эрхийг нь авч тэр дизайнаар хийж байгаа юм. Өөрснөө хөрөнгө мөнгийг нь даагаад сайн дур гаргасны шагнал энэ дээ. Манай ажилтнуудыг АТГ дуудаж байцаасан байгаа юм. Гомдмоор байгаа биз?

-Гэхдээ танайх төрийн байгууллагын танилцуулга, ойд зориулсан ном хийдэг шүү дээ?

-Тэр бол манай ажил, бидний бахархал. Өчнөөн хэвлэлийн газар байхад бидэнд итгэж хандана гэдэг бид сайн гэсэн үг. Сая бид Эрдэнэтийн ойд зориулж хоёр боть “Эрдэнэт Британника” хийсэн. Бас Монголбанкны захиалгаар Банк санхүүгийн Нэйшнэл Жографик альманах хийж өгсөн. Гадны нэр хүндтэй хэвлэлийн газарт мөнгийг нь төлж байгаад эрх авч тэдний дизайнаар хийдэг. Бидэнд ийм захиалга маш их ирдэг. Бид ч тултал нь хийдэг. Одоо Зоригийн “Бидний цөөхөн монголчууд” төслөөр Нэйшнэл Жографикийн дизайнаар хийж байна. Монголын олон компани, банк, уул уурхайн компанийн танилцуулга, тайлан, лавлах хийлээ дээ. Бидэнд итгэж ханддагт нь харин ч бахархдаг шүү. Гэхдээ зарим нь зовлонтой, чирэгдэлтэй. Жишээ нь, бид Оюу толгойн танилцуулгыг англи, монгол хэлээр бараг дөрвөн жил ноцолдож хийсэн. Яг гүйцээгээд өгөхөөр дарга марга нь солигддог юм уу, тэр чигээр нь өөрчил гээд л. Хэд дахин ч шинэчлэв дээ. Сүүлдээ залхсан шүү. Ийм газруудтай хамтарч ажиллахад халгамаар юм билээ.

-Ер нь та ч бас өөрөө зүгээр байдаггүй хүн шүү дээ. Хүн амьтанд таны өгсөн хоч их олон байдаг юм билээ. Таны өгсөн хоч амархан нутагшина гэж жигтэйхэн. Харвардын коммунист ч гэх шиг, Баянгорхины далайн дээрэмчин ч гэх шиг, Албан ёсны мангуу ч гэх шиг…

-Энэ тал дээр би буруугаа хүлээнэ ээ. Манай ээж Өвөрхангайн Нарийнтээлийн хүн. Тэр нутгийнхан хочич, бэлэн сэцэн үгтэй гэж гаажтай. Гаднаас ирсэн хүн тэртэй тэргүй нэг хочтой болохоос хойш эвгүй хоч нэр авчих вий гэж болгоомжлон хамгийн алдартай нэгэнд нь очин гайгүй хоч гуйдаг ч гэж ярьдаг. Нагацын талын хамаатнуудыг харахад ийм “авьяас” нь тод харагддаг. Би ч дутахгүй. Миний цусанд байдаг биз дээ. Нас ахиад харин ч одоо бас томоожоод байгаа шүү.

-Баабар бол түүхч биш, зүгээр л нэг муу нийтлэлч, тэрний бичиж байгааг дурын сэтгүүлч хийчиж чадна гээд л нэг нэр нүүр нь тодорхой түүхч олон удаа ярилцлага өглөө?

-Зайлуул даа, түүхч нэрийн дор үзэл сурталжиж түүхийг гуйвуулж намын хуурмаг бодлого, хүн айлгадаг багаж зэвсэг болгож явсны хувьд атаархал нь ч, комплекс нь хөдөлдөг биз дээ. Би тийм хүмүүсийг ойлгодог, нөгөө талаас тоодоггүй. Ер нь өрөвдүүлснээс атаархуулж явах нь ямар амттай байдаг гээ. Түүхийн ухаан дотроо маш олон салбартай. Эмч гэхээр нүдний, шүдний, дотрын гээд олон мэргэшилд хуваагддагтай адил. Тодорхой цаг үеийн, тодорхой үндэстний, тодорхой намтрын, эсвэл архивын, археологийн, шүүмжийн, антропологийн, дүгнэлтийн гэх мэтээр олон төрөлд хуваагдана. Бүгдэнг нь мэддэг чаддаг тийм супер түүхч гэж байхгүй. Бүх хичээлийг заадаг багш гэж байдаггүйтэй адил. Түүхийн ухаанд түүх бичлэг гэж чухал салбар бий. Би тэрүүгээр л оролддог. Гэхдээ гуч гаруй жил Монголын түүхээр оролдож хэдэн арван мянган эх сурвалж судалсан. Намайг залууд арай сурлага дорой нь түүх, философийн ангид элсдэг байсан. Гэхдээ одоо өөр болсон байна билээ. Бүгдийг нь харлуулах гэсэн юм биш, Академийн Чулуун, Багшийн дээдийн Болдбаатар, Их сургуулийн Цэрэндорж, Тагнуулийн Мөнх-Очир, Академийн Батсайхан болоод цаана нь олон олон шинэ үеийн шинэ сэтгэлгээтэй сүрхий түүхчид гараад ирсэн. Хуучин ч мундаг түүхчид бас байсан юм шүү, тэдэн дундаа Ш.Нацагдорж, Л.Бат-Очир, Бира гуай энэтэр бол онцгой. Бүр эртнийх гэвэл Саган Сэцэнийг би биширдэг.

Би чамд сонин жишээ хэлье. Тавиад оны эхээр Кэмбрижийн Их сургуульд хэсэг эрдэмтэд ДНХ-ийн код тайлахаар өрсөлджээ. Энэ тухай маш тодорхой бичсэн Жэймс Ватсоны “Хос эрчлээс” зохиолыг би саяхан орчуулж хэвлүүлсэн. Тэдгээр эрдэмтдийн дунд төдийлөн гоцлоогүй боловч сүрхий нэг биохимич залуу байв. Тэр гэнэт ажлаа хаяад Хятадын түүх сонирхоод алга болов. Түүний бичсэн Кэмбрижийн Хятадын түүхийг Хятадын түүх бичлэгийн хамгийн шилдэг нь гэж одоо ч үнэлдэг. Колумбын Их сургуулийн биохимийн тэнхимийн эрхлэгч Айзик Айзимов гэж байжээ. Тэрээр шинжлэх ухааны олон салбараар 400 гаруй ном бичиж дэлхийд алдаршсан. Түүний бичсэн “Дэлхийн түүх” бүтээлийг энд тэндгүй асар их үнэлдэг. Би биохимийн мэргэжилтэй учраас биохимичид л түүх бичдэг гэж нотлох гээгүй шүү. Түүх бичлэгийг гол төлөв байгалийн ухааны мэргэжилтэй хүмүүс бичихээрээ илүү амжилтанд хүрдэг хандлага байна л гэх гэсэн юм. Математикт “Рассалын парадокс” хэмээх нээлт хийсэн нэрт математикч Бэртранд Рассэл “Өрнийн философийн түүх” хэмээх түүх бичлэгийн бүтээлээрээ Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн. Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг бичсэн учир Винстон Черчилл мөн л утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн юм шүү дээ. Дээр дурдсан болон алдаршсан өөр олон судлаачдад түүхийн анги төгссөн диплом байхгүй. Ер нь ч тэгээд түүхийн ухаан бол түүхийн дипломтой хүмүүсийн хувийн өмч биш шүү дээ.

МОНГОЛЫН ТҮҮХ

-Та хэдийнээс түүх сонирхох болсон юм?

-Би багаасаа юм юм сонирхсон саваагүй хүүхэд байжээ. “Ухаан санаагаа нэг юм руу чиглүүлэхгүй бүх юм руу савчаад” гэж аав намайг байнга загнадаг байсан. Жаран найман онд Марксын 150 жилийн ойд зориулж Маркс Энгельсийн түүвэр зохиол гээд гурван боть ном хэвлэглэж. Ээжээс мөнгө нэхэж өнөө номыг нь худалдаж аваад уншлаа. Үхснээ ойлгох вэ дээ. Брюмэлийн сар л гэнэ, III Напалеон л гэнэ. Тэр үед “Марксист философи” гээд хатуу хөх хавтастай нэг их зузаан ном бас авахуулаад л дуустал нь уншиж орхив. Фройд, Мах, Фойэрбах гээд баахан дайсны талын хүмүүсийг л бут авч. Тэд яагаад дайсан болсон нь бүү мэд. Ойлгосон юм ч маруухан даа. Жаран долоон онд “БНМАУ-ын түүх” гэсэн гурван боть ном хэвлэгдсэн. 45 төгрөг байлуу даа. Эх эцгээсээ мөнгө нэхэж аваад номын дэлгүүр орох хооронд сагс тоглож байгаад мөнгөө гээчихэв ээ. Хэд хоногийн дараа дахиж мөнгө нэхэж байж авч уншсан даа. Ер нь жаахан дураараа эрх хүүхэд байжээ дээ. 45 төгрөг гэдэг чинь тухайн үедээ нэгдэлчин өрхийн сарын, цэвэрлэгчийн цалингийн гуравны нэг гэхээр их мөнгө. Нөгөө философийн номуудыг бодвол хавьгүй ойлгомжтой ном байсан. Эх орныхоо түүхийг би хожим болтол тэрүүгээр л ойлгодог байлаа. Ойлголтыг минь тухайн үеийн кино, жүжиг, уран зохиол, урлаг тал бүрээс батална.

-Ер нь ном их уншдаг хүүхэд байжээ дээ.

-Эргээд санахад тийм бололтой. Ер нь тэр үеийн хүүхдүүд сурлагаасаа үл хамаараад ном их уншдаг байсан юм даа. Миний найз Лхагвасүрэн бид хоёр ном солилцож уншдаг байлаа. Тэгтэл “Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал” гээд ном шинээр хэвлэгдэж найман төгрөгөөр үнэлжээ. Би хоёрдугаар ангид байсан гээд бодохоор жаран гурав дөрвөн он юм болов уу. Бид хоёр дөрөв дөрвөн төгрөг гаргаад өнөө номыг дундаа авлаа. Харих замдаа хэн нь эхэлж унших дээр сүрхий маргалдан эцэстээ зодолдсон. Эвлэрээд номоо дундуур нь хувааж салгаад авахаар болов. Гэвч хэн нь эхний хэсгийг нь авах дээр дахин маргаж цусаа гартал зодолдож билээ. Тэр үед одоогийнх шиг зурагт, интернэт гээд цаг өнгөрөөх юм байгаагүй болохоор хүүхдүүд ном их уншдаг байж. Хичээлдээ шал нойл хүүхэд ч партны доогуур ном уншиж байгаад багшид баригдан загнуулна. Одоо хүүхдийг ном уншаач гэж гуйдаг бол тэр үед битгий унш гэж загнадаг байсан.

-Монголын түүхийг шинэчлэн бичье гэж хэзээ анх бодов?

-Наян таван онд байна уу, би аспирантурт шалгалт өглөө. Гурван шалгалт авдгийн эхнийх нь мэргэжил, тэр ёстой амархан. Хоёр дахь нь орос хэл, тэр нэлээн ярвигтай. “Правда” сониноос монгол руу, “Үнэн” сониноос орос руу орчуулна. Гурав дахь нь маш хүнд, тэр нь МАХН-ын түүх. Тэрийг нь уншаад ойлгочиж болно, ойлгосноо бичвэл муу авна гэсэн үг. Энд нэг үл ойлгогдох технологи байна. Урьд нь шалгуулж байсан хүмүүсээс лавлалаа. Намын дээд сургуулийн намын түүхийн багш Болдбаатар гэж хүн бий, тэр л яаж бичвэл зөвддөгийг сайн мэднэ гэж хууччуул зөвлөсөн хэрэг. Хэдүүлээ нийлж аваад тэр багштай холбогдон цаг авч семинардуулав аа. Их ярвигтай эд бололтой. Эхлэл, төгсгөл, дүгнэлт гэсэн гурван хэсгээс бүрддэг гэнэ. Тухай бүрд нь, ялангуяа дүгнэлтийн хэсэгт аль болох их эшлэл байх ёстой. Эшлэлийг нам төрийн удирдагчдын хэлсэн үг, намын их болон бүгд хурлаас гаргасан тогтоол шийдвэр тайлбараас эшлэнэ. Саяхан Цэдэнбал дарга хусагдсан болохоор нэрээр нь эшилж болохгүй, Батмөнх дарга энэ талаар олон сургаал айлдаж амжаагүй байгаа. Гэхдээ Цэдэнбал даргын их болон бүгд хурал дээр хэлсэн үгийг нэрийг нь заалгүйгээр эшлэх хэрэгтэй. Би захиасыг яг таг дагасан учраас онц авсан шүү. Гэхдээ энэ нэг л бишийг бүр сайн ойлгосон. Монголын түүхийг хожим жинхэнэ үнэнээр нь бичнэ гэж өөртөө бараг л тангараг тавьсан. Тэндээс эхлээд л баримт цуглуулж эхэлсэн. Гэхдээ бичиг баримт хаалттай учраас урьд дээр үед голдуу монгол бичгээр гарсан материалуудыг цуглуулж эхэллээ. Түүнээс гадна тэр үед хэвлэгдэх болсон албан түүх хэзээнээс ийм хэлбэрт орсон зэргийг ч харьцуулах бололцоо гарсан юм. Ажиглаж чадвал асар их материал олдоцтой аж.

-Тэр үеийн түүх бичлэгийн загвар нь хэзээ анх бий болсон юм бол?

-Монголын ХХ зууны түүхийг 1950 онд хэдэн оросууд Улаанбаатарт ирж толгойдоо юу орсныгоо болхидуухан найруулж бичээд эх загварыг нь гаргасан юм. ”БНМАУ-ын түүх” хэмээх СССР-ийн академиас гаргасан тэр “түүх”-ийг улам сайжруулан чимэглэж, панаалыг нь дөвийлгөснөөр 1950-иад оны эцсээр “МАХН-ын түүх”, “БНМАУ-ын түүх” гэсэн эх орны бүтээгдэхүүн гарсан билээ. Эдгээр нь ердийн нэг гуйвуулга, буруу дүгнэлт төдийгүй ерөөсөө огт болоогүй юмыг болсон болгон гүтгэсэн эв дүйгүй зүйл, түүхийн шинжлэх ухаан гэхээсээ илүүтэй уран зохиолын аймагт хамаарах цэвэр сэтгэмжийн чанартай. Чухам тэр номноос Чингис хаан, Богд хаан, Бодоо, Данзан, Гэндэн, Амар, Цэвээн гээд дайснууд тодорсон. Урьдах яллагаанаас ялгаатай нь яагаад тэд Монголын ард түмнийг сөнөөх гэж улайраад байсныг “шинжлэх ухааны үндэстэйгээр” нэгэн утгаар тайлбарласан. Чухам тэр номноос Монголын ард түмнийг хариугүй үхэх гэж байхад нь аварсан Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал нар өөрийн түүхэн байр сууриа олж авсан. Монголын түүхийг зохиож бичихээр Зөвлөлтөөс томилогдож ирсэн мэргэжилтнүүдийн талаар Ширэндэв гуай надад ярьж байсан. Нэг эрдэмтэн нь бичээч монгол хүүхнээ зугаалъя гэж Туулын эрэг дээр аваачжээ. Хүүхнээ хүчиндэх гэж оролдсонд цаадах нь эсэргүүцээд байхаар нь хутгалчихсан аж. Үүний төлөө зэмлэл ч хүртэлгүй өнгөрсөн гэдэг. Хаа очиж монголч эрдэмтэд нийлж бүтээсэн 1967 оны “БНМАУ-ын түүх” гурван боть арай гайгүй шүү. Хэдийгээр мөнөөх оросуудын эхийг нь гаргасан тавиад оны номын жанжин шугамыг хадгалсан боловч тэрэнтэй харьцуулахад хамаагүй эрүүл, маш их эшлэлтэй, сайн системчлэгдсэн бүтээл. Тэр номыг хэвлэгдэхийнх нь өмнө санал авахад Ц.Дамдинсүрэн гуайн өгсөн шүүмж байдаг юм. “Монгол Улс Хүннүгийн үед доройтоод л, Чингисийн үед доройтоод л, Манжийн үед доройтоод л, Богд хааны үед доройтоод л явсан байх юм. Тэгэхээр ингэж байнга доройтоод байсныг бодоход аль нэг газар маш өндөрлөгт байсан болж таараад байна”. Шүүмжлэлийг хүлээж авч засвар оруулсан гэдэг.

-Сая таны “Монголын түүх” болгар хэлээр гарчээ?

-Хэдэн жилийн өмнө Болгарын ерөнхийлөгч айлчлахад хоёр тал биенийхээ түүхийг өөр өөрийн хэлээр орчуулна гэж тохирсон юм билээ. Тэр хүрээндээ миний номыг сонгоод надаас зөвшөөрөл хүссэн, би зөвшөөрсөн. Тэрнээс хойш нэлээд хэдэн жил өнгөрөөд би мартчихаж. Сая элчин асан Дүгэржав надад хоёр хувийг авчирч өглөө. Сюрприз байсан шүү. Удсаны учир нь орчуулж байсан хүн нь явцын дунд нас барсан юм байна, тэгээд саяхан гүйцээж дуусгаад хэвлэжээ.

-Одоо франц, солонгос хэлээр орчуулж байгаа гэж дуулсан?

-Францаар орчуулдгийн учир нь ЮНЕСКО-гийн шугамаар гаргах болсон юм. Их сургуулийн франц хэлний багш Алтангул тэргүүтэй хүмүүс эх нооргийг нь орчуулаад Францын монголч эрдэмтэн Мари Доминик эцэслэн орчуулж эрхэлж байгаа. Солонгос хэлээр Дангүгийн Их сургуульд орчуулж байна.

-Таны энэ ном “Нүүдэл суудал” нэрээр их алдаршсан. Хэдэн жилийн хөдөлмөр вэ?

-Анх 1996 онд “ХХ зууны Монгол: Нүүдэл суудал, олз гарз” нэрээр хэвлэгдсэн. 1946 он хүртэлх цаг хугацааг хамарсан. Хоёр дахь хэвлэлийг нь 2006 онд бичсэн. 1992 он хүртэлх хугацааг хамаарч, урьд бичсэнийгээ өргөтгөж, засвар их оруулсан. Гурав дахь хэвлэлийг 2016 онд гаргалаа. Эхний хэвлэлтэд 450 орчим эшлэл байсан бол гурав дахь хэвлэлд хоёр мянга шахам эшлэл байгаа гэхээр аль зэрэг нэмэгдсэн нь багцаалагдах байх. Эргээд бодоход материал цуглуулж эхэлснээсээ тооцоход гуч гаруй жилийн хөдөлмөр юм билээ. 1994-1996 онд цуглуулсан 10 мянга гаруй материалаа нэгтгэж сонгож бичихдээ өдөр шөнөгүй ажилласнаас болоод толгойны оройн үс унаж гялайчихсан байсан. Одоо лав тэгж эрчтэй ажиллаж дийлэхгүй байх. Залуу байж дээ. Дөч л шүргэж байсан юм болов уу. Энэ бүтээлийг туурвихад ганц Монголын төдийгүй Оросын, Тайванийн архив нээлттэй болсон нь түүхийн логикийг ойлгоход гол нэмэр болсон. Монголын шинэ үеийн түүхийг ялангуяа Орос, Хятад, Японы түүхтэй холбож ойлгохгүй бол яагаад ч бүтэн болж чадахгүй.

-Таны энэ бүтээл олон хэлээр орчуулагджээ. Гадаадын монголч эрдэмтэд үүнд яаж хандаж байна?

-Шинжлэх ухааны хамгийн гол шалгуур бол няцаагддаг байх ёстой. Чухам эндээс л мэтгэлцээн үүсч зөв буруу нь тогтоогддог. Марксизм, фройдизм шинжлэх ухаан биш гэдгийг Карл Поппэр маш тодорхой харуулж чадсан. Няцаахаар шууд эх тайлбараа солиод явчихдаг. Гэтэл Харьцангуйн түгээмэл онолыг шалгахаар Сорбол арал руу английн экспидиц хөдлөхөд “Хэрвээ энэ удаагийн нар хиртэлтээр харьцангуйн онол батлагдахгүй бол дахиж би энэ талаар огт ярьж байхгүй” гэж Эйнштейн хэлсэн гэдэг. Хүнээр бичүүлсэн байна, хулгайлсан байна, эх орноо муучиллаа, түүх гуйвуулж гэх мэт иш мухаргүй зүхэл бол няцаалт биш шүү дээ. Энэ олон жил болоход монгол түүхчдийн зүгээс ядахнаа ганц шүүмж гараагүй, тэрүүхэндээ хов тараагаад л явдаг. Гэтэл англи, орос, япон, герман, польш хэлээр нэлээд шүүмж гарсан. Шүүмж л тухайн бүтээлийн задлан шинжилгээ шүү дээ.

ШИНЖЛЭХ УХААН

-Та шинжлэх ухааны хүн…

-Байсан.

-За яахав байсан. Одоо ч түүхийн ухаан, эдийн засгийн ухаанд ямар нэг хэмжээгээр харьяалалтайг бүгд мэднэ. Бага залуудаа ямар мэргэжил эзэмшинэ, ямар өндөрлөгт хүрнэ гэж мөрөөдөж байсан бэ?

-Хүсэл мөрөөдөл өндөр байсаан. Аль ч хүүхэд оргил л мөрөөддөг шүү дээ. Би шинжлэх ухааны замаар өгсөж эцсийн цэг нь Академийн академич болно гэж мөрөөддөг байлаа. Хайрцган дотроо л мөрөөднө шүү дээ. Тэр үед есөн академичтай, сургуульд нэрийг нь цээжлүүлдэг байлаа. Ренчин, Дамдинсүрэн, Ичинхорлоо, Тойвгоо, Шагдарсүрэн, Лувсанвандан, Ширэндэв гээд одоо ч цээжинд байна. Тэд тэр үедээ л манай нийгмийн оюуны хүлээн зөвшөөрөгдсөн оргил сор нь байсан юм.

-Одоо академич болохгүй яагаад байгаа юм?

-Одоо тэнд орж үхснээ хийх юм. Очсон ч намайг юу боллоо гэж авах вэ дээ. Бид нар Монгол Британника гээд хоёр боть толь гаргасан. Бүх академичдийг багтаая гээд тэндээс нэрс, намтар бүтээлийн жагсаалтыг нь гаргуулж авлаа. Амьд үхсэнтэйгээ нийлээд зуун дөч тавин хүн байна билээ. Би мэргэжлийнхээ дагуу эрхбиш хими, биологийн салбарынхныг барагцаагаар гадарлана л даа. Баахан танихгүй хүмүүс. Юу хийсэн юм гээд харахаар нуурын давс тодорхойлсон ч байх шиг. Ганц фермент цэвэрлэж гаргаад мандан бадарсан ч байх шиг. Манай хүрээлэнд лаборант фермент цэвэрлээд гаргачихдаг л байсан. За яахав тэр технологи нь нэгэнт нэвтэрчихсэн байсан гэж үзье. Урьд нь гаргаж байгаагүй түүхий эдээс тухайлсан фермэнт ялгах хэрэг гарвал шинээр ажилд орсон хүнд даалгахад юутай ч ухнадаж байгаад цэврээр нь гаргачихдаг л байлаа. Ер нь ийм ажлаар оюутны дипломын ажил гүйцэтгэхэд тийм ч томдоо орохгүй шүү. За за больё, хүн муулаад яахав. Бөхчүүд шиг найраа болчихсон нь Аръяаг голоод академич болгоогүйгээс тод харагддаг. Аръяа шиг олон улсын хэмжээнд хүндтэй байр суурь эзэлсэн монгол эрдэмтэн цаана нь бараг байгаа юм уу? Эрдэмтний зэрэг зиндааг бүтээл нь хичнээн удаа буурьтай жагсаалтад эшлэгдсэнээр нь хэмждэг. Монголоос фикикч Намсрай, Чүлтэм, Ганцог гурав л гадаадын шинжлэх уханы бүтээлүүдэд Монголоос хамгийн олон эшлэгдсэн эрдэмтэд. Ганцогийг Монголын Шинжлэх ухааны академи голоод академич болгоогүй. Тэгсэн мөртөө ядахнаа ганц удаа дээд сургуульд лекц уншиж үзээгүй, эрдэм шинжилгээний байгууллагаар ганц ч удаа шагайж үзээгүй хүн Аръяа, Ганцог энэтэрийг санал асуултаар ялаад академич болсон. Шан харамжаа дажгүй төлсөн бололтой. Олон жилийн өмнө Багшийн дээд төгссөн нэг настай хүн гэнэт хорт хавдар эмчлэх аргачлал нээгээд хоёр жилийн өмнө Засгийн газраас 100 сая төгрөгөөр шагнуулсан. Дараа нь ярилцлага өгөхдөө “Энэ аргаа гадагш гаргахгүй зөвхөн Монголдоо хийнэ. Үүний тулд нэлээд хэдэн зуун сая төгрөг хэрэгтэй байна” гэж авдаг юм? Юу ч гэмээр юм бэ дээ, патентийг нь зарахад л манай улсын нийт орлого хэд дахин нэмэгдчихмээр юм? Анагаахын нэг оюутан чихрийн шижин өвчин эмчлээд залуу эрдэмтний 20 сая төгрөгийн шагнал авсан гэж байгаа! Хорт хавдрын эсийн өсөлтийг саармагжуулдаг бодис өдгөө дэлхийд хэдэн мянгаар олдсон. Японы нэг эрдэмтэн Монголд судалгаа хийгээд 11 тийм бодис олсон. Манай эхнэр гэхэд солонгосуудтай хамтарч судалгаа хийгээд гүүний саам, үхрийн нүд бас тийм чанартай юм байна гэдгийг олж Солонгосын болон Америкийн шинжлэх ухааны сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн. Байх л нэг судалгааны ажил. Хорт хавдар судлал өдгөө өвс чанаж уулгадаг, амьтан алж эрхтнийг нь идүүлдэг эрэл хайгуулаа аль дивангарын болиод молекуляр биологи, молекуляр генетикийн судалгааны эрэл хайгуулаар амжилт олж байгаа шинжлэх ухааны салбар болсон доо.

-Танай эхнэр ямар мэргэжилтэй вэ. Мартсанаас хүрээлэндээ хамт ажиллаж байсан гэлүү?

-Араак эдгээлцсэн гээд эхнэртээ 100 сая төгрөг олж өгөх гээд байгаа юм биш шүү. Манай эхнэр Харьковт оптикийн физикч мэргэжилээр их сургууль төгссөн юм. Манай захирал ирээдүйд оптик хэмжлийн нарийн багажуудтай болно гэж төлөвлөөд тийм мэргэжилтэн захиж сургуульд явуулсан юм билээ. Төгсөөд ирсэн чинь өнөө мундаг багажуудтай болоогүй байсан. Захирал маань захиргаадаад л хүнээр юм хийлгэчдэг хүн байлаа. Огт өөр мэргэжлийн, хими биологийн талаар “а” байхгүй, дөнгөж сургууль төгссөн охиныг “дрожноос РНХ молекул гарга” гээд хатуу үүрэг өгчихдөг байгаа. Ядахнаа тотал РНХ биш, мэссэнжэр РНХ. Тэр нь хамгийн жижиг молекультай, ялгахад илүү хэцүү нь. Ном, сурах, лавлахыг нь уншиж гүрийсээр байгаад хэдэн сарын дараа цэвэр РНХ гаргаад ирсэн шүү. Тэгээд генетикч болж хожим нь Москвад аспирантурт генийн инженер мэргэжлээр, Англид мөн энэ мэргэжлээрээ пост градиүтээр сурсан, ирсэн хойноо ШУТИС-д молекуляр генетикийн багшаар хэдэн жил ажилласан. Дараа нь энэ бүхнээ орхиод номын бизнес рүү орсон. Оксфордын Англи-Монгол толь бүтээлээ. Манай НЭПКО компани байгуулагдсаны дараа Коллинзийн Англи-Монгол толь хийлээ. Долоон жил ажиллаж байж Коллинзын Монгол-Англи толь бүтээлээ. Англи толгойтой толь харьцангуй амархан, цаанаас нь бэлэн толгой авчихдаг болохоор орчуулах ажил болдог. Харин Монгол толгойтой толь гэдэг нь тэр болгоныг шинээр зохиож, цаад хэвлэлийнхээ газрын үндсэн шаардлагад тааруулна гэхээр нүсэр том ажил болдог юм билээ. Бид хоёр хүрээлэнд хамт ажиллаж байхдаа гэрэлсэн, гучин хэдэн жил үргэлж хамтдаа нэг газар ажиллаж, нэг газар хамт сурч явлаа.

-Та Их, дээд сургуулийн оюутнуудтай их уулзаж лекц унших юм аа. Таны хэд хэдэн лекцэнд очиж суусны хувьд асууж байна?

-Би шинэ үеийнхэнд найддаг. Миний үеийнхэн, түүний дараахан шуурганаар төрсөн дараагийн үе болох завсрынхан бол өнгөрсөн хорвоо. Тэр чигээрээ алдагдсан үеийнхэн. Тиймээс би оюутан залуустай их уулздаг, чадах хэрээрээ зөвлөдөг. Түүнээс гадна гадаадын хорь орчим их сургуульд урилгаар очиж лекц уншсан шүү. Сэдэв ойлгомжтой, Монголын түүх, Монголын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, Солонгосын хойг гэсэн хэдхэн сэдвээр л намайг урьдаг юм. Будапешт, Варшав, Лондон, Хавай, Тапэй, Бангкок, Техасын Их сургуулиуд, Солонгос, Япон, Герман зэрэг орны дээд сургуулиудад очиж лекц уншсан. 1997 онд Харвардын Их сургууль намайг урьсан юм. Ерөнхий сайд Энхсайханд итгэл үзүүлэх эсэх санал хураалт болно гээд намайг явуулдаггүй. Би ч дураараа хүн болохоор гараад туучихав аа. Бээжинд нэг хоночихоод цааш нисэх болоход Элчингийн жолооч ирж хүргэж өгөх юм боллоо.

Өнөөх чинь төөрөөд машин нь гацаад, ингэсээр байтал онгоцноосоо хоцорчихлоо. Буцаад Улаанбаатар. Тэгсэн чинь Их хурлын Тамгын газраас намайг албаар онгоцноос нь хожигдуул гэж Элчин сайдын яаманд үүрэг өгсөн байгаа юм даа. Нэг хэсэг гадаадын их дээд сургууль хүрээлэнд лекц унших нь орлогын минь үндсэн эх үүсвэр байсан шүү.

-Одоо та ямар урилгатай байна?

-Гурван сарын сүүлчээр Сөүл орж Монгол, Солонгосын түүхэн харилцаа тогтсоны 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл тавих урилга сая хүлээж авлаа.

БҮТЭЭЛ

-Та өрөөндөө Чойбалсангийн хөргийг хүндтэйгээр залсан байна. Түүнийг их шүүмжилдэг биш билүү?

-Энэ хөрөг надад их таалагдсан. Худалдаж авсан юм. Нүд нь их өгүүлэмжтэй. Чойбалсангийн хувьд би тэр хүнийг хартай, цагаантай зүтгэлтэн гэж хардаг. Миний бичсэн ном дотор “Хорлоогийн Чойбалсан” гэсэн хоёр дэвтэр намтар хамгийн сайн болсон гэж боддог. Их ч судалгаа хийсэн. Хядлага үйлдсэн нь цагаатгашгүй нүгэл, энэ орны тусгаар тогтнолыг авч үлдэхэд их үүрэг гүйцэтгэсэн нь аугаа буян.

-Бас Цэдэнбалын намтрыг бичсэн, тийм ээ?

-Цэдэнбал ч бас л хар, цагаантай зүтгэлтэн. Түүний санаачилж хэрэгжүүлсэн Соёлын довтолгоо нь дундад зуунаас морио унаж модоо тохож орж ирсэн хоцрогдсон бүдүүлэг үндэстнийг иргэншүүлж чадаагүй юм гэхэд соёлжуулсан. Өнөөдөр гудамжинд таарах төвд хүн, манай улсын иргэн хоёрын аль нь илүү хүн дүрстэй харагдах вэ. Зуун жилийн өмнө хоорондоо ялгагдахын аргагүй зэрлэг омгийн гэмээр хачин царай зүстэй бүдүүлэг хүн дүрстэнүүд байсан шүү дээ.

-Олон ном орчуулжээ. Алийг нь хамгийн сайн болсон гэж үнэлдэг вэ?

-Сталины намтар тун зүгээр болсон. Зохиогч Радзинский нь өөрөө гайхалтай гоё бичдэг хүн. Бичлэгийн хэлбэрийг нь хадгалах гэж их мэрийсэн. Сталины намтрыг бид хэдэн удаа хэвэлсэн, одоо ч зах зээлд байхгүй. Өөр маш их гоё бичдэг хүн бол Билл Брайсон. Би түүний “Шинжлэх ухааны товч түүх”-ийг орчуулсан. Егөө, хошигнол, үгийн тоглоом зэргийг нь хэвээр нь буулгана гэдэг нэлээд төвөгтэй юм билээ. Манайх бас Ариунсанаагийн орчуулгаар Брайсоны “Гэр ахуйн түүх” орчуулж хэвлэсэн. Ёстой гоё ном, тийм хөнгөн хялбар аргаар зугаатай наргиантай байдлаар хүнд маш өргөн хүрээтэй мэдлэг олгож чадна гэдэг ховор авьяас шүү.

-Өнгөрсөн онд ямар ном бичив?

-Нэйшнэл Жографикийн “Дэлхийн түүх” номыг бүтэн редакторласан, ДНХ-ийн кодыг тайлсан Жэймс Ватсоны “Хос эрчлээс”-ийг орчууллаа, Жорлонгийн хөдөлгөөнийг дэмжиж “Морь харах зуур” гэсэн бэсрэг ном гаргалаа.

-Таныг би заримдаа гайхдаг юм, ийм олон ном бичиж орчуулахын зэрэгцээ олон жил манай сонинд долоо хоног бүр нэг ч таслалгүйгээр нийтлэл бичиж хэвлүүлдэг. Хаанаас тийм их ажиллах эрчим гарч байна аа?

-Зарим хүн тааралдаад “Нийтлэлээ бичээд л завгүй байна уу?” гэж мэндэлдэг юм. Нийтлэл, нийтлэлч гэдэг үг надад таалагддаггүй л юм. Үгийг нь гадаад хэл рүү буулгахаар оносон үг олддоггүй. Гадагшаа би өөрийгөө тайлбарлахдаа “колумнист” гэдэг, тэгэхээр ойлгодог юм. За яахав нийтлэл болог, гэхдээ тэрийг бичихэд маш их хугацаа ороод ядарч үхдэг ажил ч биш л дээ. Лав л миний хувьд. Гол нь санаа толгойд эвэлчихвэл бичих нь компьютерт шивэх л асуудал. Миний толгойд янз бүрийн санаа бэлэн эргэлдэж байдаг ч ихэнх нь эвлэж өгөлгүй мартагдчихдаг. Гэхдээ л аль нэг нь бэлэн эвлэчихсэн байдаг. Нийгэм, улс төрийн шинэ үйл явдал их амархан бэлэн болдог учир тэр дор нь биччихдэг. Гэхдээ би маш олон төрөл зүйлийн сэдвээр бичдэг шүү дээ. Ганц айдаг юм гэвэл мэргэжлийн хүн уншаад шоолох вий гэдгээс болгоомжилж холбогдох лавлагааг заавал хайж олдог. Хүнд таалагдах эс таалагдах нь хамаагүй, бүгдэд таалагддаг хүн гэвэл 100 доллар дээр хөрөг нь байдаг Бэнжамин Франклин юм гэнэ билээ. Миний зарчим, бичиж байгаа юм маань тоо баримт болон фактын хувьд алдаагүй байх, утга санаа нь мэргэжлийн хүн шоолохооргүй байх, худал хуурмаг болоод гүтгэлгийн шинжтэй зүйл агуулж болохгүй. Ийм байж л бичсэн өгүүлэл минь урт насална, өнөөдөртөө зүхүүлсэн ч үнэн хэлжээ гэдгийг маргааш, нөгөөдөр хүмүүс хүлээн зөвшөөрхүйц байх ёстой.

Бичсэн юм маань тоо баримт нь таарч, мэргэжлийн хувьд алдаагүй бол би хийрхэгчдийн солиорол, атаархал, комплексийг огт тоодоггүй. Би монголчуудын гарал үүслийн талаар бичсэн нэг өгүүлэлдээ “монголчууд царайны төрхийн хувьд хойд хятад гэсэн ангилалд хамаарна” гэж бичсэн. Хийрхэл гаарч түүнд нь хөөрхий “мэргэжлийн түүхчид” ч оролцсон. Яасан ч цаг мөнгөтэй хүмүүс байдаг юм, кино хүртэл хийсэн нь ютүб дээр бий. Шар арьстнуудыг царайны төрхөөр нь өмнөд хятад, төв хятад, хойд хятад, тунгус, төвд гэж ангилдаг. Хойд хятад гэдэгт нь солонгос, манж, монгол, тува, хасаг, хиргис хүмүүсийг оруулдаг. Энэ бол аль 19 дүгээр зуунд Майэрийн оруулж ирсэн ангилал. Шинжлэх ухааны нэршил. Үүнийг антропологийн курс үзсэн хүн болгон мэдэх ёстой. Шинжлэх ухааны нэршлүүд анх ангилж оруулж ирсэн эрдэмтний нэр томьёо, өгсөн нэршлээр үлддэг. Царайн төрхөөс дээгүүр том ангилал бол арьстан. Европоид, негероид, монголоид гэж гурван арьстан бий. Нэгэнт дээд ангилалд нь монгол гэсэн нэршил орсон болохоор дэд ангилалд давтаж болохгүй л байсан байх л даа. Англид нэг хотын дарга үг хэлж байхдаа “монголоид” гэсэн нэр оруулжээ. Тэгсэн манайхан эсэргүүцэл илэрхийлэх төдийгүй жагсаж бариад эгээтэй л өлсгөлөн зарлаагүй юм байх. Бид монголоид биш гэж ном хүртэл бичсэн гэсэн шүү. Бид монголоид биш юм бол тэгээд негероид юм уу. Антропологид “”цэнхэр хошноготнуут” гэсэн ангилал байхгүй. Уул нь арьстнуудыг ингэж ангилж ингэж нэрлэдгийг дунд сургуулийн наймдугаар ангид “хүний биеийн анатоми” хичээлд үздэг юм шүү дээ. Тэнэгээ гайхуулж дэлхийгээр нэг шившиглэж яваа гаруудыг чинь юу ч гэж нэрлэмээр юм бэ дээ!

Чи ч намайг их хөөргөлөө, би ч мундахгүй хөөрч давхин өөрийгөө баахан магтлаа, одоо больё, тэгэх үү?

-Би тэгвэл танаас эвгүй асуулт асууя. Таны лекц уншиж байх, асуултад хариулж байх үед нэг юм ажиглагдсан. Маш олон статистик тоо баримтыг та юу ч харалгүйгээр шууд цээжээрээ хэлдэг. Энэ нь олон хүнд худлаа хэлээд байна уу гэсэн эргэлзээ төрүүлдэг юм билээ. Та үнэхээр ийм их олон тоо баримтыг цээжилдэг юм уу?

-Хүн хүн яагаад ч юм зарим юмыг амархан тогтоодог мөртлөө заримыг нь хичээгээд ч цээжилж чаддаггүй. Хэдэн зуун утасны дугаар цээжээрээ мэддэг хүн бий. Зориуд хичээллэж байгаад тогтоогоогүй биз. Машины дугаар сайн тогтоодог хүн ч байдаг. Гэтэл би өөрийнхөө машины дугаарыг арай гэж тогтоосон. Цээжээрээ мэддэг утасны дугаар арав хүрэхгүй. Хүний зүс царай тогтоохдоо муу. Тэгсэн хэрнээ он сар өдөр, огноо тогтоохдоо гайхалтай. Хэдэн зуун статистик мэдээлэл би цээжээрээ хэлж чадна. Унтахын өмнө хүн орондоо уран зохиол уншдаг бол би статистик хараад хэвтдэг гэхээр хүн үнэмшихэд хэцүү. 1989 онд ЗХУ-ын хүн амын сүүлчийн тооллого болсон, ном нь надад бий, тэндээс барагтай тоо асуухад би цээжээрээ хэлж чадна даа. Жаран дөрвөн онд Шекспирийн 400 жилийн ойд тохиолдуулан түүний жүжгийн түүврийг хэвлэсэн байдаг. Би тэрнийг хүүхэд байхдаа уншсан, зориуд тогтооё гэж бодоогүй ч Шекспир 1616 оны дөрөвдүгээр сарын 22-нд нас барсныг одоо ч мартаагүй. Чамд би одоо хэлье, Манжийн Канси хаан 1654 онд төрсөн, чи энийг гэртээ хариад лавлаж шалгаарай.

Ач хүүтэйгээ

ГЭР БҮЛ, УДАМ УГСАА

-Та Архангай аймагт төрсөн. Түрүүн ээж Өвөрхангайн Нарийнтээлийнх гэсэн?

-Аав Завханы Цагаанхайрхан сумынх. Аав их сургууль төгсөөд Сэлэнгийн Хөдөө аж ахуйн техникумд хичээлийн эрхлэгчээр томилогджээ. Жилийн дараа Архангайд Ерөнхий зоо-гоор томилогдсон байна. Би тэнд төрсөн. Ээж анхны хүүхдээ хотод төрүүлнэ гээд шуудангийн машинд суугаад явсан гэж байгаа. Гэтэл машин нь Төвшрүүлэхэд онхолдоод эргээд аймаг руу түргэний машинаар буцаж ирсэн гэдэг. Намайг ой хүрч байхад манайх эргээд хотод нүүгээд ирсэн, учир нь аав Их сургуульд багшаар дуудагдсан юм байна. Намайг гурван настай байхад аав Москвад аспирантурт сурахаар явсан. Ээж, дүү бид гурав одоо энэ Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутны байранд нэг жижигхэн умгар өрөөнд амьдарч байлаа. Аав сургуулиа төгсөж ирүүт нь түүнийг Хөвсгөл аймгийн даргаар томилсан. Би Мөрөн хотын найман жилийн сургуульд нэгдүгээр ангид орсон. Намайг гуравдугаар ангид ороход манайх эргээд хотод нүүж ирсэн. Би комбинатын 18 дугаар сургуульд сурч төгссөн. Дээд сургууль төгсөөд Хэнтий аймагт жил хэртэй дунд сургуульд багшилсан. Насанд хүртлээ иймэрхүү л анкеттай.

-Та ачийнхаа зургийг твиттерт тавьчихсан байсан. Ач уу, зээ юу?

-Би бол ач л гэж нэрлэнэ. Миний том охины хүү. Уул нь монголоор хүүхдийн хүүхдийг ач гэдэг. Охиных уу, хүүгийнх үү гэдэг нь хамаагүй. Зээ гэж ах, дүүгийн хүүхдийг хэлдэг. 1990 онд бүх юмыг үндсээр нь өөрчилж байх үед хэн нэг ухаантай нь охины хүүхдийг зээ гэдэг юм гэсэн нээлт хийгээд, тэр нь одоо нийгэмд хүлээн авагдчих шив дээ. Одоо жинхэнэ зээгээ нэрлэх үг байхгүй болчихсон, дэмий л “манай дүүгийн хүүхэд” гэх маягтай тайлбарладаг болж. Би 32 нас хүрч байж гэрлэсэн. Миний үед ихэнх нь бараг л арав төгсөхтэйгөө уралдан гэрлэж хүүхэдтэй болчихдог байсан болохоор би их сондгой харагддаг байсан юм болов уу. Зарим нь ч намайг биологийн хувьд гэрлэх бололцоогүй амьтан гэж боддог байсан байх аа. Одооны залуус ухамсартай болжээ, бие дааж амьдрах бололцоотой болсон хойноо гэрлэж бараалж байна. Сүүлийн 30 жилд гэрлэлтийн нас их хойшоо болсон шүү дээ.

Дүү бид хоёр айлд очоод хүүхдийнх нь алимыг горьдож байна

-Та хоёр охинтой, тийм ээ?

-Тийм. Том нь Санхүү эдийн засгийн сургууль төгссөн. Одоо гэрээр хүүхдээ харж байгаа. Бага нь Канадад зургийн сургууль төгссөн, тэндээ ажиллаж байна. Манай удам сударт зураач хүн байхгүй, гэнэт цоороод төрчихдөг бололтой. Өөрөө сургуулиа сонгоод, өөрөө шалгалтаа өгөөд орчихсон шүү дээ. Сургуулиа төгсөөд компьютер дизайн сонгон тийм чиглэлээр ажиллаж байна аа. Одоо хоёулаа больё оо, хамаг гэр орны байдлаа дэлгээд л, нэг л эвгүй юм. Миний хувийн амьдрал шүү дээ. Харин энэ далимыг ашиглаад нэг сургамжтай юм ярьж өгье. Манайхан хүүхдийг хар багаас нь гадаад хэлтэй болгох гэж чармайх юм, дэмий юм байна билээ шүү. Манай бага охиныг жаахан байхад нь бид хоёр ажил төрөлтэй байсан болохоор зурагтын өмнө суулгаад Картун нэтворк хүүхэлдэйн суваг тавьж өгөөд гаднаас нь цоожлоод явчихдаг байсан. Мэдээж ганц хоёр цаг болоод эргэж тойрно, өнөөх чинь зурагтаа үзээд сууж л байна. Нэг мэдсэн англиар хэлд орсон. Хүүхэлдэйтэйгээ англиар яриад л. Ёстой гайхсан. Эхэндээ ч өхөөрдөөд л байсан, гэтэл сургууль, цэцэрлэгт ороод монголоор ярихдаа толгойдоо англиар бодсоноо орчуулж хэлнэ. Энэ нь эхэндээ өхөөрдөм байсан ч сүүлдээ хүүхдүүдэд шоолуулаад ичиж зовсондоо хэр барагтай хүнтэй ярихаа больчихсон. Энэ миний гашуун туршлага шүү. Одоо миний охин ч монгол хэлэндээ сайн л даа, гэхдээ л хааяа хааяа инээдтэй үг хэлэх юм. Найзынх нь ээж өвдөөд аав нь араас нь харж байгаа гэнээ. “Лүүк афтэр” гэдгийг л орчуулж хэлж байгаа бололтой.

-Та найз нөхөд олонтой юу. Уучлаарай, таныг хөндлөнгөөс ажиглахад нэлээд муухай ааштай зожиг хүн санагддаг юм. Нэг талаасаа шооч, нөгөө талаасаа хахир. Ярилцлага авъя гэсэн сэтгүүлч энэ тэртэй харилцаж байгаа, элдэв уулзалт дээр хүнд хариулж байгаа энэ тэрээс ажигласан юм шүү?

-Би олон найз нөхөдтэй. Хүн болгоны таньдагаас халзан Ганболд, Бат-Үүл, Алтан тариагийн Цэнгүүн, Бадамдамдин, Баяр, Цэнддоо, Сосорбарам… гээд гэр бүлээрээ нөхөрлөдөг хүмүүс байна. Сүүлийн гучин жил дотно нөхөрлөлөө. Сургуулийн найзууд байна. Хар багын найзууд байна. Гэхдээ би их эмзэг хүн дээ, тэгээд л төрчихсөнөөс одоо яая гэхэв. Орос зан гэдэг дээ, хүнд нэг итгэл алдарвал тэр чигээрээ нэг мөсөн зугтаачихдаг. Ааштай гэдэг нь үнэн байх аа. Олон хүн над руу дөхөхөөс шийрэгнээд байдаг нь харагддаг. Гэхдээ би агсам согтуу тавьж, зодоон цохион хийдэггүй. Хамгийн сүүлд долдугаар ангид байхдаа хоёр биенийхээ нармайг нээтэл нэг сайн зодолдсон.

СҮСЭГ БИШРЭЛ

-Та шашин шүтдэг үү?

-Би шашингүй нийгэмд төрж, өсч, хүмүүжсэн хүн шүү дээ. Миний л ойлгож буйгаар шашин бол хар багаас нь хүний сэтгэл зүрхэнд сууж хүмүүжүүлдэг итгэл үнэмшил. Монголд шашин шүтэх эрх чөлөө нээгдэж байхад би хэдийнээ бараг дөч шахаж байсан. Гэхдээ би багаасаа шашныг үгүйсгэдэггүй байсан. Тэр утгаараа атэйст биш. Тэр л утгаараа агностик хүн гэх юмуу даа.

-Танай НЭПКО Буддын сургаалын олон ном хэвлэдэг шүү дээ?

-Бид арван хэдэн жилийн өмнө хэвлэлийн компани байгуулахдаа орлогынхоо тодорхой хувийг буяны үйлсэд зориулна гэж тохирцгоосон юм. Зонховын “Бодь мөрийн зэрэг” бүтээлийг таван хэлнээс тулгаж орчин цагийн монгол хэл дээр буулгаад хүмүүст тараасан. Одоо 130 мянга орчмыг тараагаад байна. Харамсалтай нь “Зарж борлуулахыг хориглоно” гээд дээр нь биччихсэн байхад л хуучин номын дэлгүүрээр нэг байх юм. Гомдмоор ч юм шиг. “Бодь мөрийн зэрэг”-ийн нэгдүгээр боть бол хүн зөв амьдрах тухай л сургаал шүү дээ. Мялын намтар орчуулж тараасан. “Дармапад” бол Буддаг нас барснаас нь олон жилийн дараа шууд шавь нар нь ой тойноо сэргээн бичсэн ном. Монгол хэлээр урьд нь найман удаа орчуулагдсан юм билээ. Үүнийг манай Цэнддоо илүү орчин үеийн хэлбэртэйгээр орчуулж, зураг чимэглэлийг нь монгол ахуйд ойртуулж хийсэн. Буддагийн ярьдаг байсан пали хэлээр мөн хавсаргасан. Бас л тараасан, гэхдээ тийм олныг хэвлээгүй. Манайх “Агнистын гэгээ” цуврал гаргаад удаж байна, хүмүүсийн дунд хэдийнээ танил болсон. Энэ номыг Бадрал багш хариуцан зохиодог, орчуулдаг. Одоо 18 боть болчихоод байна. 21 боть болгох зоилготой. Бид эндээс ашиг олдоггүй, хэвлэлтийн өртгөөр нь зардаг. Бадрал мундаг шүү дээ, номыг нь уншсан хүмүүс танихаар барахгүй шүтдэг юм. Бадрал багштай танилцуулж өгөөч гэж олон хүн гуйж байсан даа. Бидний хэвлэж гаргасан Шантивдэвагийн сургаал, төвд санскрит тарниудын монгол англи орчуулга гээд бий бий. Үнэхээр буддизмын олон ном хэвэлсэн юм байна шүү. Гэхдээ буян хийж байгаагаа зарлаад л бахархаад онгироод байх нь онцгүй л дээ. Энэ талаараа бид нэг их зарлаад байдаггүй. Харин би энэ удаа ам халаад баахан хөөрчихөв үү дээ.

Буддын сургаал надад шашин гэхээсээ философи нь илүү таалагддаг. Ихэнх шашныг ядуу хүмүүс зохиож юун түрүүн ядууст хандсан болохоор илүүтэй хялбарчлагдсан, ид шид агуулсан, хатуу мөрдлөгтэй, зөрчвөл шийтгэл амласан шинжтэй байдаг. Будда бол язгууртан гаралтай ихэс дээдсийн төлөөлөгч. Тиймээс илүү нарийн, илүү философилог, илүү гэгээрүүлэх шинжтэй, түүнээ лавшруулсан, оюунлаг сэхээтэн хүмүүст зориулсан сургаал бясалгал. Даанч Төвдөөр дамжин тэдний бон хэмээх бөөгийн мухар сүсэгтэй холилдож дампуурч явсаар Монголд орж ирэхдээ хүн амьтан мунхруулагч мухар сүсэг болчихжээ гэж би ойлгодог. Уучлаарай лам нар аа, энэ зөвхөн миний ойлголт шүү. Ойлголтоо би олон удаа илэрхийлсэн, “Шашныг өмөөрөхүй” гэсэн нэлээд том өгүүлэл бичсэнийг олон хүн уншсан байна билээ. Далимд хэлэхэд бас “Шинжлэх ухааныг өмөөрөхүй” гэж тэрнээс ч том өгүүлэл бичсэн шүү.

-Та “Дори Идэр дүүдээ” зохиолдоо Библийг заавал унш гэж зөвлөсөн байсан шүү дээ.

-Библийг уншихгүйгээр орчин үеийн урлаг, соёл, шинжлэх ухаан, кино, уран зохиол гээд маш өргөн салбарт хүрч чадахгүй. Өрнийн иргэншил 500-600 жилийн настай залуу иргэншил. Гэхдээ энэ хугацаанд тэргүүлэх иргэншил байсан. Тэгээд ч энэ нь эртний герег, ромын иргэншлийн завсарлагатай үргэлжлэл. Библитэй танилцаагүй бол Меклоанжэлло, Фройд, Достоевский, Бетховэн, Пикассо, Бэкэт, Мартин Лютэр, Линкольн, Кант, Маркс, Францын хувьсгал, Дахин сэргэлт, Үйлдвэржилтийн хувьсгал, Соён гэгээрүүлэлт гээд бүгд ойлгогдохгүй. Эд болгон чинь дундад зуунаас хойш хүн төрөлхтнийг үндсээр нь өөрчилсөн гол хөшүүргүүд шүү дээ. За ингэсхийгээд болих уу. Ам халаад өөрийгөө баахан магтаж онгирчихов уу.

-Тэгвэл сүүлчийн асуулт. Та саяхан сонгуульд бие даагчдыг дэмжих хөдөлгөөн санаачиллаа. Чойжамц хамба, Жанцанноров гуай, Иргэн Ламжав, Гомбосүрэн гуай гээд нэлээд хэдэн хүмүүс нэгдсэн байсан. Энэ тухайгаа тун товчхон тайлбарлаад өгөхгүй юу.

-Чи бид хоёр эхнээсээ улс төр ярихгүй гэж тохироо биз дээ. Цаана чинь Сар шинэ болох гэж байхад улс орноороо улс төрөөр бөөлжиж сэжгийн юм болж байна шүү дээ. Он гараад бүр заваарах байх даа, ядахнаа гарч буй жил нь “урвуулагч гахай” нэртэй байдаг нь.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих